1 минут унших
Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын нүүрсний хамтрагч Д.Наранхүү нүүр хувиргах мэс засалд орж, Хятад иргэний нэрээр байр түрээслэн аж төрж байжээ
АТГ-ынхан гадны улсуудын тусгай албадтай хамтран, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Н-ийг саатуулсан, эх оронд нь удахгүй авчирна гэх мэдээллийг өгөөд буй. Тэгвэл нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, улмаар БНХАУ-ын Шанхай хот, Макао зэрэг бүс нутгуудаар зорчин, царай төрхөө хувиргаад байсан Н гэж хэн бэ? Н гэдэг үсгийн товчлол нь Д.Наранхүү. Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн албан ёсны бие төлөөлөгчөөр ажиллаж байсан. Д.Наранхүү нь ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын хүн бөгөөд Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар Говь-Алтай аймагт хамт ажиллаж, албан байгууллагуудад автомашин, малчдад өвс тэжээл, бэлэн мөнгө зэргийг тараах үед гар бие оролцож байсан нэгэн юм.
АТГ-аас явуулсан ажиллагааны хүрээнд Д.Наранхүү урд хөршид олон танилтай нь тогтоогдсон бөгөөд, нүүр хувиргах мэс засалд орж, хятад иргэдийн нэр дээр байр түрээслэн ашиглаж байжээ. Д.Наранхүүг өнгөрөгч баасан /2023.09.15/-ны өдөр саатуулсан. Хурууны хээ нь таарч буй ч гадаад паспортын нүүр зураг зөрсөн байдалтай байгаа аж. Д.Наранхүүг эх оронд нь авчирч, нүүрсний хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгах юм байна.