surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монголчуудын 21-29 тэрбумын автомашин худалдан авалт буюу Хүсээгүй түгжрэл

Монголчуудын 21-29 тэрбумын автомашин худалдан авалт буюу Хүсээгүй түгжрэл

Нийслэлчүүдийн машины хэрэглээ өсөхийн хэрээр түгжрэл шийдэгдэх хугацаа улам алсарч буй. Гэвч иргэд үүнийг төдийлөн тоодоггүй бөгөөд хэрэгцээ шаардлага байгаа учраас хүний хэрэглээнд хязгаар тогтоох нь утгагүй гэдгийг илэрхийлдэг. Улаанбаатар хотод өнгөрсөн 2022 оны байдлаар 640 мянга гаруй автомашин зорчиж байгаа статистикийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгч байв. Энэ нь улсын хэмжээнд нийт бүртгэлтэй 1,1 сая машины 57 хувийг эзэлж байна. Сүүлийн үед хилээр орж ирэх автомашины тоо жилээр биш сар тутамд өсч байгааг ч албаныхан хэлж байгаа.
Тодруулбал, өмнөх жилүүдэд 55-65 мянган суудлын автомашин импортоор орж ирдэг байсан бол 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 8724 машин орж иржээ.
Энэ тоо ирэх саруудад графикийн дагуу бүр ч өснө гэдгийг албаныхан онцолсон. Тиймээс сүүлийн таван жилийн импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн дата мэдээллийг хүргэж байна. Энэ статистикаар тооцож үзвэл Улаанбаатар тэг зогсолтод хүрэх он дөхсөөр байгаа юм.
2021 онд автомашины импорт нийт импортын 11.3 хувийг эзэлж байсан бол 2022 онд 12 хувь болж 0.7 функтээр өссөн байна.

 СУУДЛЫН АВТОМАШИН БОЛОН АЧААНЫ АВТОМАШИНЫ ИМПОРТ /ШИРХЭГ/
2022 онд 576.3 сая ам.долларын 65612 ширхэг суудлын автомашин, 424.8 сая ам.долларын 22369 ширхэг  ачааны авто машин импортлогдсон байна. Үүнийг өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашин 10375 буюу  18.8 хувиар өссөн бол ачааны автомашин 4157 буюу 15.7 хувиар буурсан байна.
2023 оны эхний хоёрдугаар сарын 27-ны байдлаар нийт 11007 автомашин импортлогджээ.

Автомашины импорт ийнхүү өсч байгаа нь түгжрэлд нөлөөлөх төдийгүй, агаар, орчны бохирдолд ч тодорхой хэмжээгээр нөлөө учруулж буй. Нийслэл хотын өрхөд дунджаар 1.4 автомашин ногдож байна. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Учир нь хүн амын өсөлт, насны бүтэц, орон сууцны барилгажилт зэрэг нь автомашины нягтаршлыг улам өдөөхөөр байна. Энэ бүхэн нь автомашины импортын бодлогыг улам боловсронгуй болгох хэрэгтэйг харуулж байна. Тиймээс нийслэлд олон жил тулгамдаад буй түгжрэлийг шийдэхийн тулд зайлшгүй арга хэмжээ авна гэж Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар онцолж байв. 
Шатахууны хэрэглээ бага, үнэ ханшийн хувьд хямд нэрийдлээр нэг өрхөд ногдох суудлын автомашины тоо ч жил ирэх бүрд өсч байна.
Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Амартүвшин гишүүн "Өндөр үнэтэй суудлын автомашины импортод онцгой албан татвар нэмж оруулна гэсэн хүлээлт байсан. Жишээлбэл, 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй автомашины импорт нийт машины 35 хувийг эзэлж байна. Хэрэв онцгой татвар нэмбэл сайн хөшүүрэг болно. Шинээр орж ирж байгаа автомашины тоог хязгаарлах асуудлыг ярих цаг болсон. Аль хэдийнэ улсын дугаар авч хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг биш шинээр импортоор орж ирэх автомашины тоог зайлшгүй ярих хэрэгтэй. Эдийн засгийн хөшүүргээр нь татварыг нь нэмээд, тоог нь шат дараатай хязгаарлах хэрэгтэй" гэж хэлсэн. Үүнийг ч иргэд аль аль талаас нь авч үзэж, санал хүсэлтээ хэлж байсан юм.
ҮНЭ ХЯМД, ШАТАХУУН БАГА ИДДЭГ ТУЛ  "ТОЁОТА" ҮЙЛДВЭРИЙН ПРИУС МАРКИЙН АВТОМАШИН МОНГОЛД ХАМГИЙН ИХ
Суудлын автомашин импортлогч улсуудыг авч үзвэл Өмнөд Солонгос, Орос, Герман, Япон зэрэг орнууд байна.

2022 оны байдлаар суудлын автомашины 91.7 орчим хувь нь Япон улсаас импортлогдсон бол ачааны автомашины 47.2 хувь нь Өмнөд Солонгос, 17.9 хувь нь Япон, 29.2 хувь нь Хятадаас импортлогджээ.
Үнэ хямд мөн шатахуун бага иддэг тул  "Тоёота" үйлдвэрийн Приус маркийн автомашин монголчуудын гол уналга болдог.  2020-2021 оны байдлаар Монголд 170 мянга гаруй Приус машин явж байна. Японоос орж ирж буй автомашины 85-90 хувь хуучирсан байдаг нь асуудал дагуулдаг. Тэр дундаа зайлшгүй анхаарах зүйл бол автомашины муудсан аккумлятор болон батарейг Монголд хэрхэн устгалд оруулдаг нь иргэдийн сонирхлыг ихэд татаж байгаа юм. Автомашины зайнд хар тугалга, хүхрийн хүчил, сурьма, кадми, хүнцэл зэрэг хүнд металлууд ордог. Монголд хамгийн олон тоогоор оруулж ирж худалдаалж байгаа Приус автомашин нэг батарейнд 20 гаруй төрлийн бодис ордог аж. Японууд батарейг солихдоо багцаар нь сольдог бол Монголд батарейг задлаад хэсэгчлэн сольж, сэлбэдэг. Энэ нь аюултай бөгөөд байгаль орчин болон хүнд хортой элементийн хог хаягдлыг үүсгэдэг байна.
Мөн дараагийн нэг асуудал бол тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр аюултай хог хаягдлын байгальд үзүүлэх нөлөө.
НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг  өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчилан шалгаж,  энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.

Ачааны автомашины импортлогч улсуудыг авч үзвэл Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг орнууд байна.

Нийт импортын машины үнийн дүнгээс харвал 2020 онд 5,3 сая, 2021 онд 6,8 сая, 2022 онд 8,3 сая ам.долларын тээврийн хэрэгсэл Монгол Улсад импортлогдсон байна. 

2022 онд импортлогдсон суудлын автомашины 6.8 хувь нь 0-3 жил, 10.1 хувь нь 4-6 жил, 48.5 хувь нь 7-9 жил, 34.7 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл импортлогджээ.
Эдгээрийн нийт дүнг авч үзвэл:
•    2019 онд- 21,3 тэрбум төгрөг
•    2020 онд- 18,2 тэрбум төгрөг
•    2021 онд- 23,9 тэрбум төгрөг
•    2022 онд- 29 тэрбум төгрөг байна.
Ийн импортлогдох машины тоо цар тахлын жилүүдэд ч буураагүй байгаа нь иргэдийн хэрэглээ өндөр байгааг илтгэж байна. Мэдээж хэрэглээг хязгаарлах тодорхой гаргалгааны нэг бол нийтийн тээвэр болон унадаг дугуйны хэрэглээг нэмэх. Үүний тулд иргэдэд сурталчлан таниулах хэрэгцээ их байгаагаас гадна дугуйн зориулалтын зам, нийтийн тээврийн зорчих хэсгийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Хэрэв иргэдийн хэрэглээ эко, соёлтой болж эхэлбэл нэг талаар түгжрэл буурч, нөгөө талаар байгаль орчны бохирдол ч буурах олон давуу талтай.
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины 47.9 хувь нь 16 болон түүнээс дээш жил болсон, жил ирэх бүр хуучин автомашины импорт улам нэмэгдсээр байна. Нийслэл дэх автомашины зорчилтын хөдөлгөөний өгөгдлийг замын гол уулзваруудын 33 камераар өнгөрсөн оны 9 дүгээр сарын 1-нээс энэ оны 3 дугаар сарын 24 хүртэл, нийт 203 өдөр шинжлэхэд давхардаагүй тоогоор нийт 669.199 тээврийн хэрэгсэлд камерт өртсөнөөс Улаанбаатар хотын дугаартай автомашин 538.136 тоологджээ. Энэ нь нийслэл хотод бүртгэлтэй 575.027 машины 93.58 хувь нь болж байв. Дүгнэж үзэхэд сүүлийн 10 жилийн автомашины хэрэглээг авч үзвэл хуучин машины импорт нэмэгдэж, орчны бохирдлын нэг эх үүсвэр болж байна. Автомашины чанар нь худалдан авалттай холбоотой тул цаашид худалдан авалтын бодлогоор шинэ, чанартай автомашиныг дэмжих, нөгөөтэйгүүр, хуучин автомашины хэрэглээг бууруулах сонголт бий болгох нь чухал байна. Тухайлбал, сургуулийн болон ажилчдын автобус гэх мэт.

Эдгээрээс харвал монголчууд ихэнхндээ өөр улс оронд хэрэглэж байсан машиныг сонгож авдаг. Энэ нь эдийн засгийн хувьд хямд өртөгтэй тусдаг, эргээд үзүүлэх сөрөг нөлөө нь их. Хуучин машин авахын хэрээр тухайн машины хөдөлгүүр, агаарт ялгаруулах хорт хий зэрэг нь ихэснэ гэсэн үг. Тиймээс судлаачид болоод зарим эдийн засагчдын зүгээс насжилт өндөр байх тусам тээврийн хэрэгсэлд ногдуулах татварыг дагаж өсгөх нь зүйтэй гэдгийг илэрхийлдэг. Ингэснээр машины тоо буурах зэрэг олон талын эерэг үр дүнтэйг онцолдог юм.
ХҮСНЭГТ: Суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээ

Хөдөлгүүр болон үйлдвэрлэгдсэн оны дарааллаас авч үзвэл оногдох татвар их байгаа ч иргэд он доогуур тээврийн хэрэгслийг их сонгодог. Хямд үнэтэй гэх тэдгээр машинуудын импорт өссөнөөр түгжрэл болоод иргэдийн эрүүл мэндэд угтаа сөрөг нөлөөтэй. Хэрэв автомашины импорт өссөөр байвал нийслэлийн зам өдгөө даац нь хоёр дахин нэмэгдсэн бол хэдхэн жилийн дотор 3-4 дахин ихэсч тэг зогсоход хүрнэ. Тиймээс хувийн автомашины хэрэглээнд тодорхой хяналт, зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1