surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хүчирхийлэл, залилан үйлдсэн М.Энхбилэг нь мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн М.Эрхбаярын төрсөн дүү

Хүчирхийлэл, залилан үйлдсэн М.Энхбилэг нь мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн М.Эрхбаярын төрсөн дүү

Бид хэн нэгний нэр төрд халдах, бусдын хувийн орон зайд нэвтрэхийг зорьсонгүй. Сэтгүүлч нотлох биш мэдээлэх үүргийнхээ хүрээнд ах дүү хоёрын удаа дараагийн гэмт үйлдлүүдийг төрийн өндөр албан тушаалтнууд нуун дарагдуулж байна гэх хардлагын хүрээнд эл баримтыг дэлгэв. Манай улс өөрийн гэсэн хуультай, хуулиндаа захирагддаг байх ёстой. Хүүхэд хүчирхийллийн гэмт хэргийг бид тэвчиж болохгүй. Учир нь энд бидний ирээдүйнхээ төлөөх асуудал яригдаж байна. 
     СЭТГҮҮЛЧ НОТЛОХ БИШ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ
      Сүүлийн үеийн хамгийн том сенсаци хүүхэд хүчирхийллийн хэрэг. Жилийн жилд гаарсан хүүхэд хүчирхийллийн асуудал нийгмийг бухимдуулж, олны хилэнг цухалдуулж байна. Тэгвэл хамтран амьдарч байсан эмэгтэйнхээ гурван настай хүүг хүчирхийлж, сэхээнд ортол нь зодсон гэх хэрэгт холбогдсон М.Энхбилэг гэж хэн бэ?
      Түрээсийн байр, байр өмчлөх нэрээр хуурамч гэрээ байгуулж, 100 гаруй хүнээс 1.4 тэрбум төгрөг залилсан 34 настай М.Энхбилэг нь иргэн У болон Ж нарын хамт залилан хийж, бусдыг их хэмжээний хохиролд оруулсан хэргээр шалгагдаж байх явцдаа оргон зайлж, гурван настай хүүг зодож хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байна.  Тэрээр Баянхонгор аймагт 1989 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн. М.Энхбилэг нь хоёр найзынхаа хамт “Централ рийл эстэйг” компанийг 2018 онд үүсгэн байгуулжээ. Тус компани “Мөнгө зээлж, байранд суулгах, байр түрээслээд өмчлөх зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулж байжээ.  Түүнчлэн гурван жилийн өмнө “Хаан” банкнаас 8 сая төгрөг зээлж, зээлээ төлөлгүй шүүхээр хэлэлцэгдэж байсан удаатай. Тэгвэл бүлэглэж залилан үйлдсэн, шүүхийн шатанд хянагдаж байхдаа оргон зайлсан, бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж буй М.Энхбилэг нь М.Эрхбаяр гэх ахтай. Эл М.Эрхбаяр нь  2011 БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Бээжин хот дахь Цинхуа Их сургуульд элсэж, 2015 онд төгссөн. Төгсөж ирээд Монголд “Монголын бизнес машинууд” ХХК, “Деадема” ХХК, “Канкри консалтинг” ХХК, “Эе пропертис” ХХК-уудыг байгуулсан. М.Эрхбаярын энэ компаниуд түүний төрсөн дүү буюу хүчирхийлэл, залилангийн хэргээр шалгагдаж буй М.Энхбилэгийн иргэний үнэмлэх дээрх “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж, 63а байр, 12 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдгийг дурдах нь зүйтэй байх. 
  М.Эрхбаяр ийнхүү 2015 оноос хойш хувийн компаниудаа удирдаж, хажуугаар нь хадам аавынхаа “Мөнх дэвжих буян” ХХК-ийн захирлаар ажиллаж, “JCI” байгууллагын гишүүнээр элсэж, товчхондоо тун амжилттай явсан залуу бизнемэн. Гэвч М.Эрхбаярын Хятадуудтай хамтарсан нугэн дуулиант гэмт хэрэг 2019 онд илчлэгдсэн. Тодруулбал алдарт “800 Хятадын хавтаст хэрэг”.  Хууль хяналтын байгууллагын шалгалт шинжилгээний үр дүнгээр М.Эрхбаярын  БНХАУ-ын 14 иргэн нийлж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, Хятадын 800 иргэнийг хилээр оруулж ирж, зочид буудлуудад нууцаар байршуулж, өндөр хүчин чадалтай бүхий компьютер, гар утас, сим картаар хангаж, Тайланд, Камбожийн компаниудын цахим сүлжээнд халдаж, залилан хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гол асуудал нь, М.Эрхбаярын хамтрагч 14 Хятад иргэн тус бүр 9-12 жилийн ял авч, хэрэг нь хэдийнэ шийдвэрлэгдсэн. Гэтэл М.Эрхбаярын хэрэг Давж заалдах шатнаас анхан шат руу буцаагдсан гэхээс өөр мэдээлэлгүй, сошиал хаягууд нь ч хэвийн ажиллагаатай байна.
800 ХЯТАДЫН ЛУЙВРЫН ХЭРГИЙН СҮР ДУУЛИАНЫ АРД ХЭН НЭГЭН ЧИМЭЭГҮЙ ҮЛДСЭН ҮҮ
2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө цагдаа, тагнуулынхан БНХАУ-ын 800 иргэнийг Улаанбаатар хотын “Амар”, “Ориентал”, “Секрет гарден”, “Кентавр” зочид буудлуудаас дайчлан баривчилж, бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж, улс орон даяар дуулиан тарьж байлаа.  Маргааш нь тухайн үеийн ТЕГ-ын дарга Д.Гэрэл “Урд хөршийн 800 иргэнийг цахим сүлжээгээр дамжуулан залилан хийх, мөнгө угаах зорилгоор Улаанбаатар хотод авчирсан байсан. Энэ гэмт хэргийг Хятадын хоёр иргэн, Монголын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон. Бүх зүйл бидний хяналтад байгаа тул айх, сандрах зүйл байхгүй” гэж ард түмнийг тайвшруулж байв. Ингээд цагдаа, тагнуулынхан дээрх нэр бүхий зочид буудлуудаас Хятад иргэдийн гэмт хэрэгтээ ашиглаж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 компьютер, 10 мянган сим карт, гар утас хурааж авсан. Харин БНХАУ-ын 800 иргэнээс гол зохион байгуулагч 14 иргэнийг нь үлдээж, 786 иргэнийг вагонд суулгаж нутаг буцаасан байдаг. 


     Улмаар Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х нарын 14 иргэн болон Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3 “Залилах”, 18.6.3 “Мөнгө угаах”, 20.3.1 “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх”, 26.1.4.1 “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ БНХАУ-ын 14 иргэн болон Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нарын хэргийг тусад нь шүүсэн. Хятадын 14 иргэний хэргийг 2020 оны аравдугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, БНХАУ-ын 14 иргэнээс Е.Т, Ж.Х нарт 12 жилийн хорих ял, бусад 12 иргэнд нь 9 жилийн хорих ял оноосон. Тухайн 14 иргэн ялаа хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдсан агаад 2021 оны гуравдугаар сарын есөнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр буюу 9-12 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байдаг. Харин Монгол Улсын иргэн М.Эрхбаярын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрийн сангаас М.Эрхбаярын 2102000000214 дугаартай хэргийг шүүлт хийж үзэхэд 2022 оны нэгдүгээр сарын 12-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн, 2022 оны гуравдугаар сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Эрхбаярын хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэхээс өөр мэдээлэл олдсонгүй.  Тэгвэл 9-12 жилийн ял авсан БНХАУ-ын 14 Хятад иргэний хавтаст хэргээс М.Эрхбаярын тухай баримтыг түүвэрлэн, ойлгомжтойгоор тайлбарлая. 
1. М.Эрхбаяр нь 800 Хятад иргэнд Монголоос урилга явуулж, бизнесийн ангиллын визэд хамруулж, хилээр оруулж ирэх ажлыг гардан гүйцэтгэснийг тогтоосон. Энэ талаар шүүхэд хуралд гэрч Б.Гантигмаа “ ... Би 2019 онд М.Эрхбаярын удирдлага дор ажилладаг байсан. М.Эрхбаяр надад 2019 есдүгээр сард БНХАУ-аас хүмүүс ирэх гэж байгаа, тэднийг бизнес ангиллын визээр оруулж ирэх гэж байгаа учраас чи тэдэнд урилгын бичиг илгээх ёстой гэж хэлсэн. Ингээд М.Эрхбаяр надад эхлээд 300 орчим Хятад иргэний цээж зураг, нэр өгсөн. Би Гадаад харилцааны яамны Консулын газрын вебсайтад нэвтэрч, “Монгол Мао Шин Фэнг” ХХК, “Монгол Чүн Шэн Мао” ХХК, “Мултилимэншионал интернэшнл” ХХК гэх гурван компанийн өмнөөс М.Эрхбаярын надад өгсөн Хятадад иргэдийн цээж зураг, нэрээр урилга явуулдаг байсан. Учир нь “Монгол Мао Шин Фэнг” ХХК, “Монгол Чүн Шэн Мао” ХХК, “Мултилимэншионал интернэшнл” ХХК гэх гурван компани Хятад хүмүүсийн нэр дээр байдаг ч тамга, тэмдэг нь М.Эрхбаярт байдаг байсан. Би өдөрт нэг компани дээр 1-9 хүний урилга явуулдаг байсан” гэж мэдүүлжээ. 
2. М.Эрхбаяр 800 Хятад иргэнийг хилээр оруулж ирж, зочид буудлуудад байрлуулж, компьютер, гар утас, сим картаар хангасныхаа дараа цахим залилангийн хэрэгт нь ч хамтран оролцсон нь тогтоогдсон. Энэ талаар шүүх хуралдаанд прокуророос “БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х бүлэглэн 2019 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотоос Тайландын Вант улсын “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компанийн АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим шууданд халдсан. Улмаар “Шеврон Юү Эс Эй Инк” компанийн өмнөөс “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компани руу хуурамч төлбөрийн нэхэмжлэл илгээсэн. Энэ хуурамч төлбөрийн нэхэмжлэлээрээ “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компаниас 22.3 сая ам.доллар буюу 59.7 тэрбум төгрөг залилсан. БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х нар энэ мөнгөө угааж, хууль ёсны мөнгө болгож харагдуулахын тулд Монгол Улсын иргэн М.Эрхбаяртай бүлэглэж 3.4 тэрбум төгрөгийг Монгол Улсад үүсгэн байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн данс руу “Хөрөнгө оруулалт” гэх утгаар шилжүүлсэн. Энэхүү 3.4 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж угаахын тулд Улаанбаатар хотод өөрсдийн байрлаж байсан зочид буудал, орон сууц, оффисын төлбөрийг төлж, мөн Лексус 570 автомашин хоёрыг, Ланд крузер-200 автомашин хоёрыг, Альфард автомашин гурвыг, Форд эверест автомашин нэгийг, Акуа автомашин нэгийг тус тус худалдаж авсан” гэжээ. 
      Ийнхүү БНХАУ-ын 14 иргэнийг шүүж байх үед М.Эрхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөнгө угаах, цахим халдлага хийх гэмт хэрэг үйлдсэнийг гэрчүүд болон прокуророос тогтоосноо танилцуулж байжээ. Гэвч 2022 оны гуравдугаар сарын 15-ний Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хурлаас хойш М.Эрхбаярын хэргийг хэрхсэн нь тодорхойгүй болсон. Хамгийн ноцтой нь, М.Эрхбаярын өөрийнх нь сошиал хуудсууд одоог хүртэл өдөр тутмын хэвийн ажиллаж байх юм. Сонирхуулахад, М.Эрхбаяр нь хууль хяналтынханд шалгагдаж буй “IHC” койны дэмжигч, цагдан хоригдож буй О.Мөнхжингийн “МОТ велт эдүкэйшн” академийн гишүүн. 
Тэгвэл М.Эрхбаяр, М.Энхбилэг гэх ах дүү хоёрыг хэн нэгэн хууль шүүхээс хамгаалдаг байж болох эх сурвалжийн мэдээлэл байна.  Судалж үзвэл, М.Эрхбаяр, М.Энхбилэг хоёрын аав, ээж, ах, эгч нар нь бүгд Баянхонгор аймагтаа нөлөө бүхий компанийн захирлууд, төрийн албаны дарга нар ажээ. Тухайлбал, том эгч М.Норовбанзадынх нь нөхөр Э.Сампилноров нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад чөлөөндөө суужээ. Түүнчлэн тэдний өөр нэг хүргэн ах нь Баянхонгор аймгийн Богд сумаас  сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч “Баянхонгор нисэх буудал”-ын дарга Ж.Ганхүлэг.  Ж.Ганхүлэг нь Баянхонгороос аймгаас төрөн гарсан УИХ-ын гишүүд, сайд дарга нартай дотно нөхөрлөдөг гэх эх сурвалжийн мэдээлэл байна 
ДАЙХ ҮГ:  ХУУЛЬ БОЛ БҮХ УЛСЫН ХҮЧ ЮМ  /ж.п.Сартр/

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1