surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Х.Нямбаатар: УБТЗ-ын албаны дарга Б-гийн гэрээс 7,3 тэрбумыг хураан авч, дөрвөн тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн

Х.Нямбаатар: УБТЗ-ын албаны дарга Б-гийн гэрээс 7,3 тэрбумыг хураан авч, дөрвөн тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд урд шөнө болсон хойшлуулшгүй баривчилгааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэгчийн гэрээс болон хамаарал бүхий этгээдийн гэрээс 7,3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаатай баривчилсан. Үүнээс гадна дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үнэдслэлгүйгээр олж авсан байж болзошгүй гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг  үргэлжлүүлэн хийж байна. Иргэн Б нь УБТЗ-д олон жил ажилласан. Одоогоор тээвэр зохицуулалтын асуудал хариуцан ажиллаж байсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна гэв. Тодруулбал, урд шөнө УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг ЭЦГ-аас хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлан саатуулсан. Мөн дөрвөн тэрбумын үл хөдлөх хөрөнгийг одоогоор битүүмжлээд байгаа аж. 
Мэдээллийн дараа сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
-Ерөнхий сайд мэдэгдэл хийсний дараахан энэхүү үйл явдал боллоо. Тэр дагуу гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сайдад энэ чиглэлийн мэдээлэл байсан. Чиглэлийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Ерөнхий сайд өчигдөр чуулганы хуралдаанд үг хэлэхдээ, төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн. Онцолж төмөр зам, тээвэр зууч, тээвэрлэлтэй холбоотой асуудлыг дурдсан. Мөн газар олголт, байгаль орчны тусгай хамгаалалттай  газар нутагт хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн.  Энэ талаар тодорхой мэдээллийг ЦЕГ, ЭЦГ  Ерөнхий сайдад өгсөн. 
-Дээрх хэргийн талаар дэлгэрүүлж мэдээлэл өгч болох уу?
-Мөрдөн шалгах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэхэд хэрэг илрэхэд түвэгтэй. Урьдчилан зарлаад байвал энэ их хэмжээний мөнгийг хурааж, хэргийн ул мөрөөр орох уу, үгүй юу эргэлзээтэй. Тиймээс прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээллийг өгөх учиртай. Ер нь Ерөнхий сайд өчигдөр маш тодорхой хэлсэн. Нүүрсний хулгай гэдэг мөсөн уулын нэгхэн хэсгийн орой. Үүнээс гадна гааль, татвар, нийгмийн даатгал, тээвэр ложистик, төрийн худалдан авах ажиллагаа, газар олголттой холбоотой авлига, албан тушаалын хэрэгтээ Засгийн газар ямар нэгэн эргэлзээгүйгээр тэмцлээ үргэлжлүүлнэ гэж.  Тиймээс зогсохгүй гэлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1