АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби гуравдугаар сарын 10 мэдэгдэл хийсэн. Энэ нь ОХУ нь Европын өөр нэг ардчиллыг нураах төлөвлөгөөтэй байгааг АНУ-ын тагнуулынхан олж тогтоожээ. “Оросын тагнуулын албатай холбоотой хүмүүс Молдавт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Молдавын засгийн газрын эсрэг бослого гаргахыг эрмэлзэж байна” гэж Жон Кирби хэлэв.
Энэ мэдэгдлээс хоёр өдрийн дараа түүний дээрх мэдэгдэл биеллээ олж Молдав улсад дүрмийн дагуу жагсаал болсон юм. Цэнхэр, шар, улаан тугийг мандуулсан олон мянган хүн нийслэл Кишинев хотын төв гудамжнаа жагслаа. Жагсагчид “Майя Сандуг зайлуул” гэж Европыг дэмжигч ерөнхийлөгчийн нэрийг хашгирч байв.
Тухайн үед орон нутгийн цагдаа нар хэв журам зөрчсөн хэргээр 54 жагсагчийг баривчилсан. Гэтэл тэдний тал хувь нь насанд хүрээгүй хүмүүс болж таарав. Түүнчлэн дөрвөн байрлалд тэсрэх бөмбөг тавьсаны нэг нь олон улсын нисэх онгоцны буудал байлаа. Молдавын хилээр “Вагнер”-ын хөлсний цэргүүд болон гадаадын 181 иргэн нэвтрэхийг завдсаныг цагдаа нар саатуулсан.
Гэвч энэ эсэргүүцэл Путины Молдавт чиглэсэн геополитикийн амбицын хаана ч хүрэхгүй аж. Молдавыг тогтворгүйтүүлэх ОХУ-ын нууц төлөвлөгөөг харуулсан баримт бичгийг “Yahoo News” агентлаг олж авчээ. Нууц төлөвлөгөөг задруулсан эх сурвалжийн мэдээлснээр Молдавын стратегийг 2021 оны намар ОХУ-ын Жанжин штаб болон тус улсын тагнуулын үндсэн албад болох ФСБ, СВР, ГРУ-ын саналаар боловсруулсан байна.
Тус стратеги нь гадаадын орнуудыг Молдавын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөллөө бэхжүүлэхийг нь эсэргүүцэхэд чиглэнэ. Гадаадын орнууд гэдэгт АНУ, Европын холбоо, Турк, Украин улсууд онцгойлон багтах юм. Мөн уг төлөвлөгөө нь Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарласан Приднестровь дахь Оросын цэргийн оролцоог багасгах гэсэн Молдавын аливаа үйлдлийг саармагжуулах зорилготой.
Молдав нь 2.6 сая орчим хүн амтай. Орос, Украины дайны эхэн үед тус улс 430 мянга орчим дүрвэгч хүлээж авсан. Хүн амын тоо цөөн улс учир нэг хүнд ногдох дүрвэгсдийн тоогоороо бусад орноос хавьгүй илүү байгаа юм. Молдавын эдийн засаг Европтоо хамгийн буурайд тооцогддог.
Үүрэгт ажлаа хүлээж аваад ганцхан сарын нүүр үзэж буй Молдавын ерөнхий сайд Дорин Речеанд өнгөрсөн долоо хоногт уг баримт бичгийг дэлгэжээ. Энэ төлөвлөгөө дотроо гурван бүлэгтэй. Нэгдүгээрт, улс төр, цэрэг, батлан хамгаалахын салбар, хоёрдугаарт, хүмүүнлэгийн салбар, гуравдугаарт, худалдаа, эдийн засгийн салбар гэж ангилжээ. Эдгээр нь дотроо богино, дунд, урт хугацааны зорилтуудыг тусгасан. Богино хугацааны зорилт нь 2022 оны зорилт байсан бол дунд нь 2025 он, урт нь 2030 он байжээ.
Мөн Молдавын улс төр, эдийн засгийн элитүүдийн дотор Оросыг дэмжигч тогтвортой, нөлөө бүхий бүлгүүдийг бий болгох ёстой гэж төлөвлөгөөнд дурдсан байна.
Беларусь улс авторитар дэглэмээ бататган Москватай ойр дотно байгаа бол Молдав эсрэгээрээ тойргоос гарч, баруунш чиглэж байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудыг ОХУ өөрөөсөө холдуулах дургүй. Тэд АНУ, НАТО, Европын холбооны хөндлөнгийн оролцоог буруутгах хандлагатай байдаг. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд барууныг дэмжсэн бодлого явуулах нь Оросыг цэргийн ажиллагаа явуулахад хүргэдэг гэж үзэж байна. Тухайлбал, 2008 онд Гүржийн удирдагчид АНУ, Европын холбоотой дотно харилцаа тогтоохыг эрмэлзсэний дараа ОХУ түрэмгийлэл үйлдсэн.
Молдавын удирдах түвшний албан тушаалтнууд барууны талыг баримтлах хандлагатай болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тус улс өнгөрсөн зун Украинтай хамт Европын холбооны нэр дэвшигчийн статус авсан бөгөөд элсэх үйл ажиллагааг иргэдийн 63 хувь нь дэмжжээ. Ерөнхий сайд Майя Санду ч Харвардын их сургуулийг төгссөн баруунд талтай хүн юм. Тиймээс Кремлийн стратегийн зорилго биелэхэд улам бэрх болж байна. Тэд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дарамтыг тогтмол нэмэгдүүлж, илүү түрэмгий тактик хэрэглэж байна.
Путины Молдавт ашиглаж буй гол зэвсэг нь танк, сөнөөгч онгоц бус улс төр юм. Тэр тагнуулын ажилтнуудыг Молдавт нэвтрүүлж, ардчиллын эсрэг үйл ажиллагааг өдөөж байна.
ОХУ-д ээлтэй Шор намын дэмжлэгтэй жагсаал өнгөрсөн оны есдүгээр сард Молдавыг донсолгосон. Үүний улмаас Молдав улс анх удаа Оросын байгалийн хийг ашиглахаас татгалзжээ. Майя Сандугийн хэлснээр “Тэд хүчирхийлэл үйлдэх, засгийн газрын барилга руу халдах, барьцаалах зорилгоор энгийн иргэний дүрд хувирсан цэргийн сургуулилалттай хүмүүс байсан” аж.
Жагсагчдын гол шаардлага нь хэрэглээний өндөр өртгийг төрөөс нөхөн төлөхийг шаардах явдал байв. “Нийт иргэдийн өвлийн гурван сарын дулаан, цахилгаан, хийн төлбөрийг засгийн газраас төлөхийг шаардаж байна” гэж Марина Таубер хэлжээ. Тэдгээр жагсагчид Шор нам мөнгө төлсөн тухай мэдээлэл орон нутгийн хэвлэлд олонтоо гарсан. Германы хэвлэлд ч бас жагсагчдыг өдөрт 20 евро, шөнөдөө 80 еврогоор цалинжиж байсныг мэдээлжээ. Энэ нь дундаж орлоготой молдавчуудын хувьд маш их мөнгө юм.
Шор намын дарга Илан Шор нь Молдавын улс төрд багагүй шуугиан тарьсан хүн. Түүнийг 2014 онд Молдавын банкнаас нэг тэрбум ам.доллар хулгайлсан хэргээр баривчилжээ. АНУ-ын Сангийн яам өнгөрсөн оны аравдугаар сард Шорд хориг арга хэмжээ авсан. Түүнийг Молдавын сонгууль болон тус улсын Европын холбоонд элсэх оролдлогыг сааруулах Оросын гар хөл гэж үзжээ.
Молдавыг тогтворгүйтүүлэх төлөвлөгөөнд дурдсанаар хүмүүнлэгийн салбар гэсэн ангилалд багагүй анхаарал хандуулах юм байна. Тодруулбал, Молдав дахь Оросыг дэмжигч хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлах оролдлогыг саармагжуулах, Орос, Молдавын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн бус байгууллагуудын сүлжээг бий болгох, молдав оюутнуудад орос хэл дээр боловсрол олгох зэрэг зүйл үүнд багтана. 2025 он гэхэд Орост ээлтэй төрийн бус байгууллагуудыг тогтвортой ажиллуулахаар төлөвлөж байна.
Молдавын албаны хүний хэлснээр суртал ухуулга хамгийн хэцүү аж. Олон жил үргэлжилсэн суртал ухуулгын суваг болох Оросын телевизүүдийг хаасан ч оронд нь телеграм, фэйсбүүк зэрэг орчин үеийн платформууд гарч ирсэнтэй энэ нь холбоотой.
Түүнчлэн ОХУ баруун жигүүрээс Украин руу довтлох шинэ шугам нээхийн тулд Приднестровийг ашиглаж магадгүй гэх болгоомжлол бий. Шинжээчдийн үзэж байгаагаар Приднестров нь авлига, хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэргийн голомт болсон газар аж.
ДЭЛХИЙГ ТАЛЦУУЛСАН АЙЧЛАЛ ШИ ЖИНЬ ПИН, ВЛАДИМИР ПУТИН НАРЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сарын 20-ны өдөр Украинд айлчилсан бол Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ Мягмар гаригт Киевт гэнэт айлчиллаа. Фүмио Кишида Киевийг зорьсноор “Их-7” бүлгийн удирдагчид бүгдээрээ Украинд айлчилсан гэсэн үг.
Байдены айлчлалын өмнөх ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай байгуулсан зэвсгийн хяналтын гэрээнээс гарна гэж мэдэгджээ. Тодруулбал, Путин энэ дайнд барууныхныг буруутган, тэднийг хоёр нүүртэй гэж хэлсэн. “Би давтан хэлмээр байна, тэд л дайнд буруутай. Бид үүнийг нь зогсоохын тулд хүч хэрэглэж байна. Москвад Украины неонацист аюул заналхийлж буй тул цэргийн тусгай ажиллагаа явуулсан. ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн гэрээнээс Москва гарна” гэж тэр хэлсэн байна.
Тэгвэл НҮБ дэхь Орос, Украины дайнтай холбоотой санал асуулгуудад удаа дараа түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн улс бол Хятад. Хоёр их гүрний халуун дотно харилцаа эртнээс эхэлсэн. Тодруулбал, дайн эхлэхийн өмнөхөн Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн үеэр Ши Жиньпин, Владимир Путин нар хязгааргүй түншлэлээ зарласан билээ. Хятадын даргаар Ши Жиньпин улиран сонгогдоход Путин “найздаа” онцгойлон баяр хүргэсэн.
Энэ сарын, магадгүй энэ оны хамгийн онцлох айлчлал бол Ши Жиньпин Москвад очсон явдал байв. Тус айлчлалын үеэр ч хоёр удирдагч бие биеэ “хүндэт найз, дотны нөхөр” гэж дотночлон дууджээ.
Ши Жиньпин дарга гуравдугаар сарын 20-ны өдөр Москвад айлчилж, “Украины хямралыг зохицуулах 12 зүйлт төлөвлөгөө”-г Путинтэй хэлэлцлээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа болон хоёр улсын түншлэлийг гүнзгийрүүлэх гэсэн хоёр баримт бичгийг удирдагчид үзэглэжээ. “Украины хямралыг зохицуулах 12 зүйлт төлөвлөгөө” нь Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудаснаа хоёрдугаар сарын 24-нд нийтлэгдсэн.
12 зүйл заалтыг дурдвал, Бүх улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, Хүйтэн дайны сэтгэхүйгээ орхих, Дайсагналаа зөөлрүүлэх, Энхийн яриа хэлэлцээг сэргээх, Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх, Энгийн иргэд, дайны хоригдлуудыг хамгаалах, Атомын цахилгаан станцуудыг аюулгүй байлгах, Стратегийн эрсдлүүдийг бууруулах, Үр тарианы экспортыг хөнгөвчлөх, Нэг талын хориг арга хэмжээг зогсоох, Үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах, Мөргөлдөөний дараах сэргээн босголтыг дэмжих гэсэн зүйлс байна.
Ши даргын өргөн барьсан энхийн төлөвлөгөөг Путин хүндэтгэлтэйгээр хүлээн авч, уншиж судалсан гэж Оросын хэвлэлд мэдээлжээ. Гэвч Хятадын санал харьцангуй ерөнхийлсөн утгатай бөгөөд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн тавьсан гол шаардлагыг хангаагүй тул энхийн төлөвлөгөө нь гэрээ болж зурагдах магадлал бага гэж ажиглагчид үзэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин ч бас нэг бус айлчлал хийгээд амжсан. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалын дараахан буюу гуравдугаар сарын 18-ны өдөр Крымд айлчилжээ. Түүнийг Севастопольд урлагийн сургууль, "Корсун" хүүхдийн төвийн нээлтэд оролцохоор ирсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Энэ айлчлалын маргааш нь тэр дайнд нэрвэгдсэн Украины Мариуполь хотыг зорьсон юм. Мариуполь бол дайн эхэлснээс хойших хамгийн ширүүн тулаануудын гэрч болсон газар. Тиймээс энэ айлчлалыг украинчууд эгдүүцэж хүлээж авсан. "Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газраа буцаж ирдэг" гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк түүний айлчлалыг дайруулан хэлэв.
Олон улсын эрүүгийн шүүхийн баривчилгааны шийдвэрийг үл тоон Путин ч, Ши Жиньпин ч ийнхүү айлчлалаа үргэлжлүүлсээр байгаа нь илт эсэргүүцсэн үйлдэл гэж ажиглагчид үзээд буй. Украины эрх баригчид Путиныг хэргийн газраа эргэж ирсэн гэмт хэрэгтэн, шөнөөр гэтэж буй хулгайчтай зүйрлээд амжсан. Харин Ши Жиньпиний айлчлалыг Хятад улс Оросын түрэмгийлэлд хариуцлага тооцох ямар ч боломжгүй гэдгийн илэрхийлэл гэж дүгнээд байна.
ЭХ СУРВАЛЖ : YAHOO NEWS
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ