surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Өнөөдөр сүрьеэгийн эсрэг өдөр: Манай улсын гурван хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвчилж байна

Өнөөдөр сүрьеэгийн эсрэг өдөр:  Манай улсын гурван хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвчилж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд "Тийм ээ. Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Уг өвчин нь дэлхий даяар хамгийн олон хүнийг хамардаг өвчлөлийн нэг. Тодруулбал, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэж үздэг билээ. Тэр тусмаа цар тахлаас хойш дэлхийн нас баралтын голлох шалтгааны хоёрдугаарт сүрьеэ өвчин эрэмбэлэгддэг байна.
Манай улс өвчлөл өндөртэй орнуудын тоонд ордог. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар сүрьеэгийн 2354 шинэ тохиолдлыг бүртгэжээ. Үүний 174 буюу 7.4 хувийг нь хүүхдүүд эзэлдэг байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн 60 хувийг 15-44 насныхан эзэлдэг юм. Салбарын мэргэжилтнүүдийн судалгаагаар манай улсад гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авжээ.
Уг өвчин нь эдгэдэг өвчин. Манай улсад эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан бол одоо есөн сарын хугацаанд эмчилдэг болжээ. Мөн эмчилгээндээ тарилгагүй горимыг нэвтрүүлсэн байдаг. Манай улс сүрьеэгийн эмчилгээний үзүүлэлтээр дэлхийн дундаж болон өвчлөл өндөртэй орнуудтай харьцуулахад дээгүүр жагсдаг юм. Тодруулбал, эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байдаг ажээ.
                                 -Сүрьеэ өвчний талаар-
Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх жижиг нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг байна. Хүн сүрьеэ өвчин туссанаа мэдээгүй үедээ ханиах, найтааж ярихдаа их хэмжээний нянг агаарт цацаж байдаг ажээ. Тиймээс агаараар дамжин бусад хүмүүс халдвар авдаг байна. Гэвч сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөггүй ажээ. Учир нь хүний биеийн дархлааны эсүүд сүрьеэгийн нянг дарангуйлж, унтаа хэлбэрт оруулдаг тул хүн бүхэн өвчилдөггүй гэсэн үг. Харин дархлаа муудах, сульдах, хоол тэжээлийн дутагдалтай байвал сүрьеэгийн нянг дарангуйлж чадаагүйн улмаас өвдөх тохиолдол байдаг аж.  Мөн манай улсад бүртгэсэн сүрьеэгийн тохиолдлуудын 40 хувийг уушгины бус сүрьеэ эзэлж байна. Энэ нь бусдад халдвар тараах эсрдэлийн хувьд бага гэсэн үг юм. Уг төрлийн сүрьеэнд булчирхайн, цээжний гялтангийн болон ясны сүрьеэ тэргүүлэх байрыг эзэлжээ. Харин үлдсэн 60 хувийг нь уушгины сүрьеэ эзэлдэг ажээ. Үүний 75 хувь нь халдвартай, үлдсэн нь халдваргүй хэлбэрийн сүрьеэ аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1