surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сонсгол нэртэй шоу : Төрийн ордон шүүхийн танхим биш

Сонсгол нэртэй шоу : Төрийн ордон шүүхийн танхим биш

Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаалыг “НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ” гэх халхавчаар нухчин дараад “ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛ” нэртэй бамбайгаар улс төрийн жүжгээ үргэлжлүүлсэн энэ Засгийн газрын тэргүүнтэй бүхэнд гавьяатын тэмдэгийн зүүж өгөх цаг нь ирсэн үү? Б.Энхбаяраар ахлуулсан баг бүрэлдэхүүн нь нэртэй бизнесмэнүүдээ, сөрөг хүчний гишүүдээ, сонсголд дуудаж багтраагаа тайлаад, төрд бугшсан хорхойтой шүднүүдээ ганц нэгээр нь сугалан хаяж, данхалзлаа.  Өнгөрсөн оны сүүлд буюу 12 дугаар сард шүдээ сугалах гэж судсаа тастах шахсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар юуг зорьж, төрийн ордоноо шүүхийн танхим шахуу болтол нь сонсгол зохион байгуулж байна вэ?  Б.Энхбаярт үл үзэгдэгч шүүхийн алх атгуулчхаад, шүүх засаглал руугаа нулимах эрх тэдэнд байгаа юу? 
Энэ улс хуультай , шат шатандаа хэргийг баримтжуулж, арга хэмжээ авах чадвартай боловсон хүчинтэй. Гэтэл боловсролын сангийн зээлтэй болдоггүй бор түшээгээр, болдоггүй ах нараа нохой шуугиулан шүүлгэж, ялыг нь цагаан цаасан дээр дурайтал бичээд өгөх нь холгүй, голгүй загнаж байгаа. Энд ямар учир байна вэ?

Хөгжлийн банкны сонсгол
ТӨЛӨГНИЙ ҮС ТӨЛЖИВ. ХУРГАНЫ ҮС ГУУЖИВ
Шүүх засаглалтай улсад амьдарч байгаадаа эргэлзэх болов. Төрийн ордондоо “сонсгол” гэх нэртэй яллах, цагаатгах ажиллагаа явуулж байгаа Засгийн газар ийм том дээл хаанаас олж нөмрөв. 
ХАРДАХ ӨНЦӨГ 1:  “ТАВАН Ш” АЖИЛЛАГАА ЖҮЖГИЙН ПРОЛОГ 
Том зорилгын төлөө том амбицтай байгаагаа нуухгүй ярьдаг ч нуухаа цэвэрлэх гэж нүдээ сохлох шахсан тохиолдлуудынх нь хамгийн тод, хамгийн том жишээ, хамгийн хүчтэй шүгэл НҮҮРСНИЙ ХУЛГАЙ. Өнгөрсөн оны сүүлээр нүүрсний хулгайчдыг зарлаж, өнөөдрийн амбицаа ард түмний уур бухимдалд тулгуурлан эхлүүлсэн шиг эхлүүлсэн. Ах нарынхаа өөдөөс өргөсөн хуруугаа эргэж буулгахгүйн төлөө сүүлээ шарвасан шиг шарвасан харагддаг. Гэхдээ тэд өнөөдөр үлээсэн шүгэлдээ богино хугацаанд үр дүн харсангүй. Ойрын үед харах  бодолгүй байгаагаа он гарснаар батлан нотолж байна. Тухайлбал ар араас нь хавтаст хэргүүд дэлгэж, түмнийхээ тархийг хүүхдийн мөнгө,хувьцаа өгөх зэргээр угааж бишгүйдээ шуугиан тарив. Түүнчлэн цөөхөн хоногийн настай хууль хүртэл баталж, цөөврүүдээ намнах ажиллагаанд цаг зарцуулан байж төөрүүлэх ажиллагаа хийв. Угаас ямар ч жүжгийн пролог ингэж өрнөдөг.  Эхлэл нь сонирхолтой байх зарчмыг тэд сайн бичиж, сайн найрууллаа. Жагсаал мартагдах ч хулгай үүрлэсэн төрийг өглөө бүхэн санууллаа. Гагцхүү энэ эхлэлийн төгсгөлд хэтийдсэн амбицтай Б.Энхбаяр хэмээх дүрийг эгэн танилцуулж, товойлгон гаргалаа. 

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголыг МҮОНТ-ийн мэдээний сувгаар  шууд дамжуулна, бусад хэвлэлийг оруулахгүй
ХАРДАХ ӨНЦӨГ 2:  Б.ЭНХБАЯР УЛСЫН ИХ ЯЛЛАГЧ БИШ
Хоёр жилийн өмнө төрөлх намынхаа сөрөг хүчин байсан Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тугч цэрэг болон гарч ирлээ. Цөөврүүд рүүгээ гэтэх том зүрхтэй болдоггүй бор түшээ төрийн ордонд толгой мэдэн загнаж зандарч суух эрхээ ерөнхий сайдаас халааслаад зориг орсных уу? Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулсан хэдэн долоо хоног өнгөрлөө. Хүний эрх, шүүх засаглалын мэдрэмжгүй данхар төрийнхөө тарыг таниулж, таалагдсанаа цагаатгаж, эс таалагдсанаа олон нийтийн сүлжээгээр яллалаа. Төрөөс ангид шүүх, шүүхээс ангид төр байдгийг умартлаа. Одоо энэ сонсголын ард шүүх байгууллага ямар дүгнэлт гаргаж, нийгмийн цочроог тайлах бол. Сонсгол зохион байгуулагчдын гаргаж тавьснаар шийдвэр гаргавал Монгол Улсын Шүүх ямар дорой вэ. Хатуухан хэлэхэд шүүхийн байгууллага нь ордонд суугаа сэтэртэй эрхмүүдийн амны алчуур эсвэл хог цэвэрлэх машин болсон уу? Сонсголоос зөрөөд шийдвэрээ гаргалаа гэхэд хүн ардынхаа өмнө “ХУДАЛДАГДСАН ШҮҮХ” нэр зүүнэ. 
Хамгийн ноцтой нь энэ төр засаглалаараа тоглож байхад хууль хүчний байгууллагын ажилчид сэхээтнүүд амаа үдүүлсэн мэт аниргүй. Магадгүй энэ байдал биднийг авралгүй хар хонгил руу хөтөлж байж мэднэ. Тодруулбал “СОНСГОЛ” нэрээр шүүх байгууллагын урдуур орж яллаж цагаатгасаар байвал гэмтэй нь ялаа авч, гэмгүй хичнээн хүн хэлмэгдүүлэлтийн золиос болох бол. Энд хүний эрхийн мэдрэмжгүй хэт данхар тогтолцоо үүсч байна. Үгүй байлаа гэхэд энэ сонсголын ард ядаж л  тэдэнтэй дөрөө харшсан хичнээн хүн ял завшиж гэмгүй үлдэж байна. Бодохоос ч зүрх халшрам 1937 оны их хэлмэгдүүлэлтийг одоо эргэн санах нь зүйд нийцэх буй за. 

МАН байгуулагдаад удаагүй байхаасаа л өөрөө хэлмэгдэж эхэлсэн
ХАРДАХ ӨНЦӨГ 3  :  СОНСГОЛООР НОХОЙ ШУУГИУЛАХ ДОНГИЙН АРД 
Шүүх байгууллагаа улан дороо гишгэж данхалзсаар тэд ирэх дөрөвдүгээр сарын 10- 12-ны өдрүүдэд “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙН СОНСГОЛ” зохион байгуулна. Хууль хүчний байгууллага хэрэгт холбогдсон эрхмүүдийг шалгаж байгаа. Гэмтэй зарим нь оргон зайлж байгаа. Мэдээж хуулийн дагуу зарим гишүүдийг суудлаас нь  түдгэлзүүлж шалгах процесс өрнөж байна. ГЭТЭЛ оргон зайлагсадыг “ШУВУУ АЖИЛЛАГАА” –гаар эрэн сурвалжилж эхэлсэн нэрийдлээр хуулийн эрхээ гартаа авахын төлөө Засгийн газар хуруугаа дүрж мөддөө ханахгүй бололтой. Уг үндсээсээ идээ бээртэй ах нараа, хань хамсаатнуудаа төрийн ордныхоо яллах ширээнд дуудах нь. Ингэтлээ юуг хүсэж нохой шуугиулна вэ. Мэдээж тэд үүгээрээ өөрсдийн байр сууриа бататгах оролдлого хийж байна. Дараа нь үндсэн хуулиндаа хуруу дүрнэ. Хууль тэдний хүссэнээр өөрчлөгдөнө. Магадгүй тэд үүний төлөө нохой шуугиулах донтой болсон.   УУЧЛААРАЙ ТӨРИЙН ОРДОН ШҮҮХ ТАНХИМ БИШ. 


ХАРДАХ ӨНЦӨГ 4 : ЗАСАГЛАЛААСАА УХАРВАЛ ДАРХЛААГААРАА ДАВХРААЖИЛТ ҮҮСГЭНЭ
Хөгшин л бол, хоцрогдсон л бол, аль эсвэл МАН-ын гишүүн л бол коммунист гэж юу байхав. Шинэ цагийн коммунист сэтгэлгээ харин ч улам залуухан, аятайхан, цагаан цамцтай, мэргэжил боловсрол өндөр хүмүүсийн шинэ дүрээр зүсээ хувилган амь бөхтэй оршсоор. Аргаа барахдаа “Харвардын коммунист”, “Ленинградын коммунист” гэж хочилмоор санагдана. Ийнхүү нэрлэгдэж байгаа хүмүүс нь мэдээж коммунист биш, харин коммунист араншин үзүүлээд байна. Үүнийг өдөр бүхэн өнөөгийн Засгийн газрын гишүүд сайд нар мэдрүүлж байгаа. Харин  тэд маргааш өнөөгийн засаглалаасаа ухарвал энэ том дархлаагаараа давхраажилт үүсгэнэ. Магадгүй ажилгүйдэл, ядуурал улам гаарч, хувийн хэвшлүүдийг дампуурал нөмөрнө. Ингэснээрээ одоогийн эрх баригчдад бүхнийг захиран зарцуулах эрх мэдэл очно.  Хамгийн ноцтой нь хууль шүүхийн байгууллага нь төрийнхөө хараанд орж, түмнийхээ эрх ашгийг зөрчинө. Туйлдаа тулсан, тартагт нь тулгасан гэм, хулгайлсан боломжоо нуун дарагдуулахын тулд хуулиас гадуур шүүхээсээ урьтаж, сонсгол гэх сүржигнэлийнхээ ард замаа цэвэрлэж байгаа юм биш биз.
ХАРДАХ ӨНЦӨГ 5 : ЭХИЙГ НЬ ЭЦЭЭХГҮЙ ТУГАЛЫГ НЬ ТУРААХГҮЙ
Шалгана, батална, хариуцлага хүлээлгэнэ гэх сүрдэн сандармаар мэдэгдлүүдийг удаа дараа хийж байна. Зууснаа тасар татан хаях тэнхээ тэдэнд суужээ. Ингэхдээ зарим эрхмүүдийг оргон зайлсан нэрээр тоглоомоосоо түр гаргаж байна. Хортой араанд нь зуугдсан тоотой хэдийн ажиглавал сөрөг хүчний гишүүд, суудал нь ганхсан ах нар, буудал нь холдсон бизнесмэнүүд. Ёстой л эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэж төрөл бүрийн арга сэдэж байх шиг ээ.  Угаасаа энэ төрийн бүх давхаргад авлигал, хулгай нүүрлэсэн. Энэ нь том жижиг сангууд, төрийн өмчит компаниуд, элдэв бусын тендерүүдээр ил болж, дарагдах нь дарагдсан. Цаг хугацаа улиран одохын хэрээр тар нь танигдахдаа “ТАВАН Ш АЖИЛЛАГАА” нэртэй улс төрийн жүжгээ эхлүүлсэн. Сүүлдээ тавьсан жүжигтээ өөрсдөө төөрч  хөлөө олохгүй бужигнаж байна. Жоомоо алах гэж байшингаа шатаахын үлгэрээр улсаа улам бурангуйн гүн рүү түлхэж байна.
АСУУДАЛ : СЭТГҮҮЛЧ МЭДЭЭЛЛЭВЭЛ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ЯЛЛАСАН НЭР ЗҮҮДЭГ. ГЭТЭЛ ТӨР ИРГЭНЭЭ СОШИАЛААР ЯЛЛАЖ БАЙНА
Уг нь энэ улс хэдхээн сарын өмнө сэтгүүлч мэдээлж, хуулийн байгууллага хэрэг үүсгэж, шалгах процесс эхэлдэг. Улмаар гэмт буруутай эсхи нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгддэг байсан. Харин одоо томдсон дээлтэй төр асуудалтай иргэнээ өөрөө мэдээлж, өөрөө ялладаг,цагаатгадаг болж. Үүнийгээ дагаад хүний эрх ноцтой зөрчигдөж байхад “ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГА” мөн “ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА” юу хийв, хэрхэн дуугарав. 
ЯМАР Ч БАЙ :  СОНСГОЛ НЭРТЭЙ ШОУГАА ЭНЭ ХҮРГЭЭД ЗОГСОО
Хүний эрх, хууль шүүхийн мэдрэмжтэй хүн даргалж байгаад нь эргэлзэж байна. Сонсгол нэрээр шүүхийн урдуур орж, хүний эрх, эрх чөлөөнд халддаг харгислалаа одоо төгсгө. Сонсголоос том хутга иргэн рүүгээ ч чиглүүлж байж мэдэх айдас төрж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1