Хятадын олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн төслүүд дэлхий дахиныг хэрэн хэлхэж байна. Эдгээр төсөл нь улс төр, эдийн засгийн хувьд үр дүнгээ өгч, Хятадыг дэлхийн мөнгөний авдар болгоход алхам тутам нөлөөлж байна. Тухайлбал Хятадын нөлөө шинэ бүс нутагт тэлж буйн нэг жишээ бол саяхан Гондурас улс Тайваньтай дипломат харилцаагаа таслахаар болсноо зарласан явдал юм. Ингэснээр Гондурас нь Тайванийг Хятадын нэг муж гэж хүлээн зөвшөөрсөн цөөхөн орны нэг болсон. Энэ үйл явдал нь Латин Америк дахь АНУ-ын хүч, нөлөө буурч буйн шинж тэмдэг гэж “Politico” хуудас дүгнэжээ.
Түүнчлэн Хятадын дарга Ши Жиньпин Москваг зорихоосоо хэдхэн хоногийн өмнө Иран, Саудын Араб улсуудтай хэлэлцээр хийсэн явдал ч том томруун жишээ болов. Тодруулбал, Саудын Араб, Иран хоёрын олон жил тасраад байсан дипломат харилцааг дахин сэргээхэд Хятад улс зуучлагчаар оролцсон. Энэхүү өндөр түвшний хэлэлцээр нь Хятадын бүс нутаг дахь оролцоог арилжааны ашиг сонирхлоос үүдэлтэй аюулгүй байдлын хамтын ажиллагаа болгон хувиргах боломж гэж үзэж байна. Мөн Ойрхи Дорнодод илүү тогтвортой байдлыг бий болгохын тулд Иран, Саудын Арабын хооронд дипломат, худалдаа, аюулгүй байдлын харилцааг сэргээхийг зорьсон аж. Үндсэндээ Ойрхи Дорнодын бүс нутагт АНУ-ын хүч суларч, Хятадын нөлөө нэмэгдэж буйг онцолж болох юм.
Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь эерэг алхам. Гэвч нөгөөтэйгүүр Ливан, Сири, Йемен зэрэг хөрш орны дотоод зөрчилдөөнийг багасгахад Иран, Саудын Араб ямар нөлөө үзүүлж болох вэ гэдэг дээр эргэлзэх шалтгаан төрнө. Хөрш орнуудын улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж, худалдааны урсгалыг тасалдуулан, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлдэг сөрөг талтай. Мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх нь маргаанд шууд оролцоогүй улс орнуудад ашигтай юм.
Хятад улс нь 1990-ээд оноос хойш Арабын бүс нутгийн хамгийн том худалдааны түнш болсон. Хятадаас Саудын Араб руу хийсэн экспорт жил бүр дунджаар 15.3 хувиар нэмэгдсээр 1995 онд 905 сая ам.доллар хүрсэн бол 2020 онд 31.8 тэрбум болжээ. Үүний зэрэгцээ мөн хугацаанд Саудын Арабаас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 19.4 хувиар өссөн байна. Хятад, Саудын Араб улсууд 2019 онд худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 35 гэрээ байгуулсан. Тэгвэл Хятадаас Иран руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 14.7 хувиар өссөн буюу 1995 онд 276 сая ам.доллар байсан бол 2020 онд 8.51 тэрбум ам.доллар хүрчээ. Харин Иранаас Хятад руу импортын хэмжээ 14.5 хувиар өсч, 197 саяас 5.85 тэрбум ам.доллар хүрсэн байна. Экспортын хэмжээ 2022 онд 9.44 тэрбум ам.долларын таазанд тулав.
Сүүлийн үед ОХУ нь Хятадыг гүйцэж, Ираны хамгийн том гадаад хөрөнгө оруулагч болсон. Гэхдээ Хятад улс газрын тосны хамгийн том худалдан авагч хэвээр байна. Хятадаас Саудын Араб, Иранд экспортолдог гол бүтээгдэхүүн нь өргөн нэвтрүүлгийн төхөөрөмж, моторт тээврийн хэрэгсэл бол гол импорт нь түүхий нефть, этилен полимер, акрилийн спирт юм.
БҮС БА ЗАМ САНААЧИЛГААР ДЭЛХИЙГ НӨМРӨХ ХЯТАД БОДЛОГО
Эдийн засгийн манлайллаа бэхжүүлэх, улс орнуудын хооронд чөлөөт худалдааны блокуудыг сайжруулах, бий болгох нь Хятадын “Бүс ба зам” санаачилгын зорилт юм. Иран, Саудын Арабын хэлэлцээрийг Хятадад нэн ашигтай гэж үзэж байна. Яагаад гэвэл Саудын Араб нь найман улстай хиллэдэг гэдэг утгаараа маш чухал стратегийн байрлалтай орон юм. Энэ стратегийн байршил нь Хятадад эрчим хүч нийлүүлэх шинэ замыг бий болгоод зогсохгүй “Бүс ба зам” санаачилгын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чухал түнш болно. Харин Иран нь Хятадыг далайн боомтын томоохон байгууламжаар хангах, агаарын тээврийг хөгжүүлэх гэсэн стратегийн өндөр ач холбогдолтой. Хятад улс Шинжааны Өрөмчөөс Тегеран хүртэл 3200 гаруй км урт төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан. Энэ гэрээний ачаар Хятад улс дайны хүнд цаг үед эрчим хүчний хангамжаар тасрахгүй байна. Цаашлаад эдийн засгийн үзүүлэлтээ дээшлүүлж, дотооддоо нийгэм, улс төрийн тогтвортой байдлаа хангах ач холбогдолтой юм. Үндсэндээ Саудын Араб, Иран нь Хятадын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхээс гадна Персийн булангийн нөөцөд нэвтрэх боломжийг хязгаарлах АНУ-ын аливаа алхамаас урьдчилан сэргийлэх үндэс болж байна.
Иран газрын тосны нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт, байгалийн хийн нөөцөөрөө хоёрдугаарт орно. Харин Саудын Араб нь газрын тосны нөөцөөрөө хоёрдугаарт орох бөгөөд дэлхийн нийт газрын тосны 16.2 хувийг эзэлдэг. Ийм их нөөцтэй холбогдох нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хэрэгцээг хангах баталгааг өгнө. Иран, Саудын Арабын гэрээ нь Бээжингийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг шийдэхийн сацуу Хятадыг дэлхийн мөнгөний авдар болгох боломжтой юм.
Эх сурвалж: THE CONVERSATION
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ