surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Норвегийн тэрбумтнууд Швейцарь руу дүрвэж байна

Норвегийн тэрбумтнууд Швейцарь руу дүрвэж байна

 "Aker ASA" хөрөнгө оруулалтын фирмийн хамгийн том хувьцаа эзэмшигч, Норвегийн хамгийн том татвар төлөгч Кьелл Инге Рёкке өнгөрсөн оны есдүгээр сард Швейцарийн Лугано руу нүүжээ. Аж үйлдвэрийн магнат тэрбээр 1.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй.

Гэвч Норвеги улсад баялгийн татвар нэмэгдсэнээр олон тэрбумтан эх орноо орхисны нэг нь Рёкке болов. Баялгийн татварын хувь хэмжээг 0.1 пунктээр нэмэгдүүлснээс хойш Норвегийн баячууд дүрвэсээр түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Сүүлийн саруудад нийт 50 хүн уг асуудлаас болж эх орноосоо явсан.

Норвеги бол Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын 36 гишүүн орны нэг юм. 1990 онд тус байгууллагын 12 орон баялгийн татвар авдаг байв. Гэвч хорвоо ертөнц даяаршиж, хүмүүс эд хөрөнгөө өөр улс оронд шилжүүлэх боломжтой болсноор 2000-аад оны үед ихэнх нь баялгийн татвараа хүчингүй болгосон. Франц улс л гэхэд 2000-2016 оны хооронд 60 мянга орчим саятнаа алдсан учир 2017 онд баялгийн татвараа тэглэжээ.

Харин өдгөө Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнуудаас дөрөв нь л баялгийн татвараа авсаар байна. Үүний гурав нь Европт байдаг бөгөөд Норвеги, Испани, Швейцарь улсууд юм.

Норвегийн засгийн газрын татварын нэг хувь нь л баялгийн татвараас бүрддэг. Гэхдээ баялгийн татвар ногдуулдаг бусад орон дундаа Норвеги хамгийн өндөр татвартайд орно. Тиймээс саятнууд, тэрбумтнууд бизнесээ бүртгүүлэхээс зайлсхийх нь их. Энэ нь бодлогын үүднээс авч үзвэл тийм ч сайн үр дүн биш. Норвегийн татварын бодлогын дагуу тухайн хүн 130 мянган фунт стерлингээс дээш хөрөнгөтэй бол нэг хувийн татвар төлдөг. Энэ хөрөнгө нь дэлхийн хаана ч байж болно. Нэг хувийн татварын 0.3 хувь нь мужид, 0.7 хувь нь харьяа хотын захиргаанд очдог. Хэрвээ хөрөнгийн хэмжээ 1.5 сая фунт стерлингээс илүү бол 1.1 хувийн татвар төлнө.

Швейцарь ч бас баялгийн татвар авдаг орон. Гэтэл тэрбумтнууд яагаад Норвегиос Швейцарийг зорьж байна вэ? Швейцарийн нийт татварын дөрвөн хувийг баялгийн татвар бүрдүүлдэг. Гэхдээ тус улсад чинээлэг гадаадын иргэдэд зориулсан тусгай нөхцөл байдаг аж.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1