surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

“Оюуны ирээдүй” сургуульд амьсгал боогдуулагч цацсан хүүхдүүдийг торгохоор шийдвэрлэжээ

“Оюуны ирээдүй” сургуульд амьсгал боогдуулагч цацсан хүүхдүүдийг торгохоор шийдвэрлэжээ

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард /2022.11.08/ хий алдагдаж, олон хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн. Тэгвэл тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С, эмэгтэй Э нар нь

Хятадад үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэг давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерын бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон байна. Тиймээс холбогдогч  нарт шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргаж, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүхээс хянан хэлэлцээд холбогдогч Г, Э нарт Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хууль бусаар зэвсэг эзэмших гэсэн зүйл ангиар тус бүр 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ.

Мөн холбогдогч С-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5-д зааснаар Олон нийтийн газарт, эсхүл орон байранд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хэмээн 100 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх хэрэг явдалтай холбоотой урьдчилсан дүгнэлт гарснаар албаны хүмүүс дараах тайлбарыг өгч байв.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.ЖАВХЛАН:

-“Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд болсон хэрэг явдлын анхны дуудлага бүртгэгдсэний дараагаар яаралтай тусламж шаардлагатай сурагч, багш, ажилчдад эмнэлгийн тусламж үзүүлсэн. Холбогдох албаны хүмүүс сургууль дээр шалгалт хийж, камерын бичлэгийг ухрааж үзэж дүгнэлт гаргасан. Шалгалтаар сургуулийн цайны газар болон химийн кабинетийг эхний ээлжинд бүрэн хянасан. Дараагаар нь камерын бичлэг шүүж үзсэн.

Амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч цацсан нь тогтоогдсон. Тухайн амьсгал боогдуулагчийг “Оюуны ирээдүй” цогцолборын сурагч ангийнхаа хүүхдийн цүнхнээс  авч сургуулийн А байрны нэгдүгээр давхарт цацсан байсан. Сурагчдаас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлэг авч байгаа.

Арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас 158 хүн тусламж үйлчилгээ авснаас 142 нь хүүхэд байсан. Одоогийн байдлаар эмнэлэгт таван хүүхэд эмчилгээ хийлгэж байгаа. Мөн өрхийн эмнэлгүүдээр хүүхдүүд үзүүлж, зарим нь нэгдсэн эмнэлэг рүү шилжиж байна.

Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулийн дотоод орчинд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл алдагдсан эсэхийг шинжилсэн. Дүгнэлтээр хичээл, сургууль хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзсэн.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.ГАНЗОРИГ:

-Цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байна. Нулимс асгаруулагчийн тухайд тусгай зөвшөөрөлтэй зарж борлуулдаг. Мөн тусгай зөвшөөрөлтэй харуул хамгаалалт, цэрэг, цагдаагийн байгууллага хэрэглэдэг.

Нулимс асгаруулагч цацсан хүүхдээс авсан урьдчилсан мэдүүлгээр үеэл ах нь биеэ хамгаалах зориулалтаар авч өгсөн гэж мэдүүлсэн. Учир нь өнгөрсөн долдугаар сард тухайн сурагч халдлагад өртөж байсан гэж хэлсэн.

Үүнийг шалгалтаар тогтооно. Тусгай зөвшөөрөл авч байж худалддаг зүйлийг насанд хүрээгүй хүүхдэд өгч явуулснаас ийнхүү олон хүнийг эрсдэлд хүргээд байна. Ямар ч байсан одоогоор гомдлын дагуу хэрэг бүртгэлийг нээж шалгаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 5.6-д тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг зөрчих гэж заасан байдаг. Гэхдээ энэ асуудлыг шалгалтын ажил дуусаагүй байхад бид арга хэмжээ авах боломжгүй. Хяналтын дараа дээд шат болох прокурорын байгууллагатай зөвшилцөж, хууль дүрэмд заасны дагуу шийдвэр гаргах болно.

Цаашид ийм тохиолдол гаргахгүйн тулд бид сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1