Хятад улс дөрвөн сарын өмнө "Тэг ковид" бодлогоо зогсоосноор гурван жил зогсонги байдалд орсон иргэдийн худалдан авалт эргэн сэргэж, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн гүйлгээ нэмэгдэж эхлэв. Тэгвэл Хятадын "Z" үеийнхэн улсынхаа эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар Fortune сайтын мэдээг хөрвүүлэн хүргэе.
Хятад дахь залуучуудын ажил, амьдралын хэв маягт хандах хандлага өөрчлөгдөж байна. Тухайлбал, ажлын олон цагийг эсэргүүцсэн залуусын дунд "дээш харж хэвтэх" гэх хэлцээр илэрхийлэгдэх хандлага сүүлийн хэдэн жилийн турш залуусын дунд өргөн тархсан. Ийнхүү залуу үеийнхний хандлага өөрчлөгдөж буй нь Хятадын эдийн засгийг бүрмөсөн өөрчилнө гэж ажиглагчид дүгнэж байна. Юугаар ч дутахгүй өсч, өндөр боловсрол эзэмшсэн Хятадын "Z" үеийнхний хувьд амьдрал бол амьд үлдэхийн төлөөх тэмцэл биш. Илүү сэтгэл ханамжийг илэрхийлэх тухай гэдгийг Лондоны Эдийн засгийн сургуулийн дэд профессор Кейү Жин "Шинэ Хятад тоглоомын ном: Социализм ба капитализмаас цааш" гэх номондоо бичжээ. Магадгүй хандлагын энэ өөрчлөлт нь Хятадын эдийн засгийн хөгжлийн эргэлтийн цэг байж болох юм.
Учир нь өмнөх үеийнхэн бол бага үрж, илүү ихийг хадгалахыг хичээдэг үйлдвэрлэлийн хямд ажиллах хүчин байсан. Үүний ачаар Хятад улс дэлхийн үйлдвэрлэгч орон болж хөгжиж чадсан юм.
Харин орчин цагийн хятад залуус тэднээс тэс ондоо. Зарим залуус өндөр цалинтай хэрнээ ажлын цаг, стресс ихтэй мэргэжлийн карьераа орхиж, ур чадвар багатай, бага цалинтай гар хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэх болсон нь ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг харгалзах болсныг илэрхийлж байна гэж "New York Times" мэдээлэв. Мөн энэ нь залуусын дунд ажилгүйдлийг нэмэгдүүлж байна. Тус улсад өнгөрсөн хоёрдугаар сард 16-24 насны ажилгүйдлийн түвшин 18.1 хувьд хүрч, 2022 оны арванхоёрдугаар сараас хойш 1.4 пунктээр өссөн байна.
Түүнчлэн залуус гэрлэлтээ хойшлуулж, гэр бүлүүд хүүхэдгүй давхар орлоготой байх замыг илүүтэй сонгох болсон ч нийгмийн хүлээлтийн эсрэг нэг төрлийн эсэргүүцлийн илэрхийлэл гэж дүгнэжээ.
"Дээш харж хэвтэх" хандлагыг Хятадын албаныхан төрийн мэдээллийн хэрэгслээр шүүмжилсэн. Харин ажиглагчид "хэт хэвтэхгүйгээр" ажилдаа хандах хандлагыг өөрчлөх нь Хятадын эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж өөдрөгөөр харж байна. Хятадын дараагийн үеийнхэнд "бодит өндөр хэрэглээний хүч" бий гэж эдийн засагчид тодорхойлжээ. Тэд илүү ихийг үрж, зээлж, ирээдүйн орлогод илүү ихийг зарлагадах болно. Энэ нь өмнөх үеийнхний аль нь ч төсөөлж байгаагүй зүйл. Сард 290 ам.доллараас бага цалинтай 600 сая ажилчид бий гэж тооцвол орлого нэмэгдэхийн хэрээр "хэрэглээг их хэмжээгээр нэмэгдүүлэх" эх үүсвэр болно гэж харж байна. Гэсэн ч Хятадын эрх баригчид залуусын дунд ажилгүйдэл, мэргэжлийн ур чадвар таарахгүй байх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна. Хэрэглээний хүчийг нэмэгдүүлэхийн тулд залуусын дунд тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг эдийн засагчид онцолжээ.
ХЭРЭГЛЭЭНИЙ ӨГӨӨЖ
Хятадад гурван жил үргэлжилсэн хөл хорионы дэглэмийн улмаас компаниудын орлого буурсан. Тухайлбал, Хятадын хэрэглэгчид гэртээ түгжигдсэнээс "Apple", "Starbucks" зэрэг компаниуд жижиглэн худалдааны орлого буурсан талаар мэдээлж байв. Цар тахлын улмаас эдийн засгийн тодорхойгүй байдал үүссэн үед залуус даруу амьдралын хэв маягийг дуурайж, мөнгөө хадгалж байсан ч хөл хорио тавигдсанаар сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх нь нэмэгджээ. Мөн хүрээгээ тэлсэн дундаж давхарга нь нийгмийн хүлээлтийн эсрэг хувь хүний үнэмлэмжээ харуулах эсвэл бусдаас дор харагдах вий гэх айдсаасаа болж хувийн эд зүйлсэд илүү их мөнгө зарах болсон байна. Ийнхүү Хятадын зах зээл эргэн нээгдсэнээр тансаг хэрэглээний дэлхийн хамгийн том бренд "LVMH" группын хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 5.7 хувиар өссөн нь хүлээлтийг давав.
Ингэснээр гүйцэтгэх захирал Бернард Арнаултын цэвэр хөрөнгө 210 тэрбум ам.долларт хүрч, 2022 оны дэлхийн толгой баян хүнээр нэрлэгдсэн Элон Маскийг давж гарчээ.
"Tiffany", "Dior" зэрэг брендийг эзэмшигч тус группын олон улсын нэгдүгээр улирлын орлого 23.1 тэрбумд хүрсэн нь жилийн дүнгээр 17 хувиар өсөлт үзүүлжээ. Гэтэл Японыг үл тооцвол Ази даяар борлуулалт 14 хувиар өссөн ч өмнөх улиралтай харьцуулбал 8 хувиар буурсан үзүүлэлт байв. Тус компанийн Ази дахь үйл ажиллагааны 80 хувь нь хятадын хэрэглэгчдийг онилдог гэж санхүү хариуцсан гүйцэтгэх захирал Жан-Жак Гиони мэдэгджээ.
"Morning Consult"-ийн хамгийн сүүлд гаргасан Дэлхийн хэрэглэгчийн итгэлийн тайланд дурдсанаар Хятад дахь хэрэглэгчдийн сэтгэл зүй өнгөрсөн гуравдугаар сарынхтай ижил түвшинд хүрсэн байна. Хэрэглэгчдийн итгэл 2022 оны дөрвөөс зургадугаар сарын хооронд Шанхай хотод хоёр сар үргэлжилсэн хатуу хөл хорионоос өмнөх байдалдаа эргэн иржээ. Хятадын жижиглэн худалдаа нь нэгээс хоёрдугаар сард жилийн дүнгээр 3,5 хувиар өссөн байна. Хятадын удирдагчид хэрэглээг "хамгийн тэргүүний зорилт" гэж зарласан ч хэрэглээний инфляци удааширч байгаа нь нийт хэрэглээний зардал буурч байгааг илтгэж магадгүй юм.
ЭХ СУРВАЛЖ: FORTUNE
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ