surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол, Польшийн худалдааны эргэлт сүүлийн 3 жилд хоёр дахин өсжээ

Монгол, Польшийн худалдааны эргэлт сүүлийн 3 жилд хоёр дахин өсжээ

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форум боллоо.

Форумыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд Польш Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан эрчим хүч, барилга, аялал жуулчлал зэрэг салбарын 20 компани оролцсон бол Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгч, ААН-ийн төлөөлөл оролцлоо.

Монгол-Польшийн бизнес форумын нээлтэд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх нар оролцож, үг хэлэв. Тус бизнес форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Монгол Улсын уул уурхайн бус салбарын бизнесийн боломжууд” сэдвээр мэдээлэл хийж, Польшийн бизнес эрхлэгчдийг хамтарч ажиллахыг урилаа. Мөн хоёр талын бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүд Монгол, Польшийн бизнесийн орчин, худалдааны боломжууд, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарын экспорт импорт, хамтарсан үйлдвэрлэл, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Польш-Монголын хөрөнгө оруулалтын боломжууд, банк санхүү зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв. 

Бизнес форумын үеэр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, Польш Улсын Худалдааны танхим зэрэг байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн бизнес уулзалтууд зохион байгуулагдав. Монгол Улсаас Польш Улс руу 2022 оны байдлаар 599 мянган ам.долларын өртөг бүхий тун хэлбэрт савлагдсан эмүүд, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортоор гаргасан бол Польш Улсаас 97,7 сая ам долларын өртөг бүхий алим, лийр, лаазалсан ногоо, жимс, самар, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс, тун хэлбэрт савлагдсан эмүүд, согтууруулах биш ундаа, ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл, гахайн мах, гахай, шувууны өөх зэрэг бүтээгдэхүүн импортолжээ. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ.

Дашрамд дурдахад, хоёр орны худалдааны анхны хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1