surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Олон тооны загас үхсэн байсныг цэвэрлэжээ

Олон тооны загас үхсэн байсныг цэвэрлэжээ

Хөвсгөл аймаг дахь Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 200 гаруй загас хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн болохыг тогтоосон талаар мэдээлсэн. Тодруулбал, Хөвсгөл нуурын цутгал бүхий Алагцарын голын цүнхээлийн зузаан мөсөн дор ичээлж, үржилд орсон байх үед нь шар усны үер орсны улмаас хүчилтөрөгчийн дутагдал үүсч олон тооны гутаарь загас үхсэн байсныг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид илрүүлэн, цэвэрлэх арга хэмжээг авч ажилласан байна.

Гутаарь загас нь бие уртавтар, сүүл хажуугаасаа хавчгар. Нурууны сэлүүр цувраа 2 байх ба эхнийх богино, удаах уртассан. Эхний нурууны сэлүүрт салаалсан 10-15 гуурс, 2 дахь нурууны сэлүүр 67-88(93), сүвийн сэлүүр 69-84, хэвлийн сэлүүр 15-21, цээжний сэлүүр 6-8 гуурстай. Сүүлний сэлүүр тэгш хэмт дугуй.

Эрүүн дороо ганц сахалтай. Толгой хавтгар өргөн. Толгой, залмагайн хавтас, хоолойн хайрстай. Эрүү, самалдагтаа өргөслөг шүдтэй. Дээд эрүү доод эрүүн дээгүүр бага зэрэг давсан. Хажуугийн шугам бараг сүүлний сэлүүр хүртэл үргэлжилсэн. Биеийн зүс бараан-бор, бие, толгой дээр, бас хос сэлүүрүүд цайвар толботой. Биеийн зүс хар бараан болтол, маш хувирамтгай загас аж. Одоогоор голын бусад хэсэгт загас олноор үхсэн асуудал үүсээгүй бөгөөд тусгай хамгаалалттай газрын захиргаанаас тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа гэсэн юм.

ОДООГООС ЖИЛИЙН ӨМНӨ ТУУЛ ГОЛД ОЛОН ТООНЫ ЗАГАС ҮХСЭН

Өнгөрсөн жилийн мөн өдийд Туул голд их хэмжээний загас жараахай үхсэн. Тодруулбал, өнгөрөгч 20222 оны гуравдугаар сард Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар "усны түвшин багассанаас болсон" гэж дүгнэж байв.

Тухайн үед Туул голын сав газрын захиргаанаас өгсөн мэдээллээр, Сонсголонгийн гүүрээс доош 1.5 км зайд голын гадарга дээр олон тооны загас жараахай үхсэн. "Өнгөрсөн намар гол хөлдөх үед голын салаа руу орсон загас жараахай эх гол руугаа орж амжилгүй хөлдсөн байх магадлалтай. Голын мөс хайлж, цооног үүссэнээр үхсэн загас гадарга дээр гарч ирсэн. Халдварт өвчин болон бусад шалтгаан нөхцөлийг мөн тодруулна" гэж байв.

Тиймээс усны түвшин багасч, урсгалгүй болсны улмаас загас жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэсэн юм. Жил бүр Туул голд ийм нөхцөл байдал үүсдэг байна. Өнгөрсөн 2021 онд ч Маршалын гүүр орчимд мөн олон тооны загас, жараахай үхэж, өмхийрсөн байжээ. Энэ нь голын усны урсац багассан, олон салаа болж тасарсан зэрэгтэй холбоотой аж.

Эцэст нь хүний буруутай үйл ажиллагаа, голын усанд хог хаягдал хийдэг, элдэв химийн найрлагатай усаа нийлүүлдэг зэргээс болж голын ус татарч, эргээд загас, жараахайн амьдрах нөхцөлийг үгүй хийж байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1