surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Замын-Үүд дэх гаалийн зуучлагч 15 компанийн 26 мэргэжилтэнд хариуцлага тооцжээ

Замын-Үүд дэх гаалийн зуучлагч 15 компанийн 26 мэргэжилтэнд хариуцлага тооцжээ

Энэ оны эхний дөрвөн сард гаалийн байгууллагын албан хаагчдын сахилга хариуцлагатай холбоотой хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын дүнг ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсээс танилцууллаа.

Мэдээллийн эхэнд "Гаалийн албан хаагчдын ажил үүргийг хуваарийг өмнө нь хүний оролцоогүй, цахимжуулж эхэлсэн. Өмнө нь албан хаагчдын ажил үүргийн хуваарийг дарга нь хийхээс гадна, ил тод нээлттэй, шударга явагддаг эсэх дээр нэлээдгүй хэл ам гардаг байсан. Энэ нь нэг талдаа ашиг сонирхлыг дагуулдаг гэх шүүмжлэл, гомдол санал ирдэг байсан. Иймд ГЕГ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт, тавдугаар сарын 1-нээс Замын-Үүд дэх гаалийн газарт албан хаагчдын 15 хоног, 1 сар тутмын ажлын хуваарийг хүний оролцоогүй цахимжуулах ажлыг нэвтрүүллээ. Цаашид шат дараатай гаалийн бүх харьяа газруудад нэвтрэх юм. Ингэснээр гаальд ажилладаг албан хаагчдад ил тод, нээлттэй, шударга ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм" хэмээн хэлтсийн дарга Б.Сүхбаатар танилцуулав.

Гаалийн алба хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд тэрбээр "Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч “О, Г, М” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Дээрх нэр дурдсан алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан зөрчил гаргасан Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн нэр бүхий зургаан алба хаагчдад сахилгын шийтгэл ногдууллаа.

Үүнээс гаалийн улсын байцаагч “Б”, “Ж” нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, Гаалийн улсын ахлах байцаагч “Д”, “Ө” нарын албан тушаалыг бууруулах, Гаалийн улсын байцаагч “А”, Гаалийн улсын ахлах байцаагч “Г” нарт гаалийн албанаас халах сахилгын шийтгэл тус тус ногдуулав. Эдгээр алба хаагчдыг шууд удирдлагаар ханган ажиллаж буй газар, хороо, нэгжийн дарга, удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрийн нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас хийгдсэн дотоод, хяналт шалгалтаар Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий дөрвөн гаалийн улсын байцаагч, дөрвөн гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл гаргасан байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна. 

Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас Замын-Үүд дэх гаалийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн зуучлагч компаниудын бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгсэл мэдүүлэх явцад хоёр ба түүнээс дээш удаа гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн статистик мэдээнд сөргөөр нөлөөлөхүйц алдаа гаргасан 15 гаалийн зуучлагч компанийн 26 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа" гэв.

Зөрчлийн тухай хуулиас:

11.21 дүгээр зүйл.Гаалийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Гаалийн тухай хууль зөрчиж:

1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;

1.2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;

1.3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;

1.4.гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан;

1.5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1