Боловсролын багц хуулийг өчигдөр /2023.05.03/ Боловсрол шинжлэх ухаан, спортын байнгын хороо хэлэлцсэн. Үүний дараагаар тус хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар үдээс хойш хэлэлцсэн юм. Тус багц хууль батлагдсанаар салбарын хэмжээнд системийн томоохон өөрчлөлтүүд хийгдэх хууль санаачлагчид иргэдийг хуулийн төсөлтэй цаг гарган танилцаж, саналаа өгөхийг хүсчээ. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд олон нийтээс санал авч байгаа бөгөөд та бүхэн энд дарж нэвтрэн D-Parliament цахим системээр дамжуулан саналаа өгөх боломжтой байна.
Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт орсноор улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангиас эхлэн англи хэлний хичээл үзэх эрхзүйн орчин бүрдэнэ гэх мэдээлэл гарсан. Үүнийг БШУЯ-наас үгүйсгэлээ.
Тодруулбал, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өчигдрийн турш англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон. Энэ нь буруу, зөв гэж сошиал сүлжээнд маш их маргалдсан байна. Нэгдүгээрт, Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна. Хоёрдугаарт, хуулинд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Гуравдугаарт, шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэсэн юм.
Боловсролын ерөнхий хуулийн зорилт нь боловсролын зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсын Үндсэн хуульд хүний суурь эрхийн нэг нь боловсрол эзэмших, суралцах эрх гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах, иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг. Энэ үүргийг хэрэгжүүлэх зохицуулалтыг боловсролын хуулиар тодорхойлно. Ажлын хэсэг 58, дэд ажлын хэсэг нийт 31 удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцсэн юм. Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийтдээ 31 удаа өөрчлөлт орсон байдаг. Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан.
Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар боловсролын бүх түвшний хуулиудыг багцаар нь оруулж ирж, уялдаа холбоог хангаж байгаа гэдгээрээ давуу талтай.
Багц хуулийн шинэчлэлээр боловсролын байгууллагуудын чанарын ялгааг арилгах гол зорилго тавьж байна. Хүүхэд бүр гэрт хамгийн ойр сургууль, цэцэрлэгээс чанартай боловсролын үйлчилгээ авах бүх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд хөтөлбөрийн шинэчлэл, санхүүжилтийн тогтолцоо, үнэлгээний тогтолцоо, багшийг тасралтгүй хөгжүүлэх, засаглалын ончтой шийдэл, цахим шилжилт гэсэн асуудлуудыг иж бүрэн шинэчилж байгаа гэдгийг мөн БШУЯ-наас онцолжээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ