УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн\2023.05.15\ хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:
-Бид хөдөө орон нутагт олон сумдад ажиллалаа. Хамгийн их бухимдаж буй асуудал нь инфляци, үнийн өсөлт байна. Зарим төрлийн барааны үнэ нэмэгдсэн гэхчлэн бухимдал ихтэй байна. Сангийн яамнаас асууя. Үнийн өөрчлөлттэй холбогдуулж, Засгийн газар Сангийн яам судалгаа хийсэн үү. Юунаас шалтгаалсан үнийн өсөлт вэ. БНХАУ-д цар тахлын дараа тээвэр логистикийн зардал хоёр дахин буурсан байна. Гэтэл Монголд буурдаггүй. Хоёрдугаарт, гурилын үнэ өссөнийг хүмүүс зуун хувь шүүмжилж байна. Гуравдугаарт, Үнийн өсөлтийн чиглэлээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас ямар арга хэмжээ авсан бэ. Зах зээлд нүүрс, зэс, алтны үнэ гайгүй байна. Хуримтлалыг бий болгох чиглэлээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан зүйл байна уу?Дөрөвдүгээрт, 2024 онд ямар хэмжээний гадаад өрийг төлөхөөр байна вэ?
-Эдийн засаг хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
–Инфляци 16.7 хувьд хүрсэн. Инфляцийг барих гэж хууль баталж үзсэн. Хууль батлагдаад бараа бүтээгдэхүүний үнийг барихад төвөгтэй. Инфляцийг бууруулъя гэж байгаа бол макро эдийн засгийн бодлогоо зөв голдрилд нь оруулах ёстой. Одоо хэрэгжиж буй мөнгөний бодлого, төсвийн бодлого зөв гэж үзэж байна. Тээвэрлэлтийн зардал буурсан. Бид цаашдаа нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх, хүнд суртал, хориг саад бэрхшээлд онцгой анхаарах ёстой. 2022 онд валютын ханш 22 хувиар уналаа. Энэ нь эргээд инфяцид нөлөө үзүүлсэн. Инфляцид нөлөө үзүүлсэн суурь нөлөөлөл нь валютын ханш байлаа.
-УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Гишүүд тойрогтоо ажиллаад ирлээ. Ард иргэд ҮХНӨ-өөс илүү эдийн засгийн өсөлтөд хэрхэн Засгийн газраас яаж арга хэмжээ авах вэ гэдгийг асууж байна. Ч.Хүрэлбаатар сайдын ярианаас макро түвшинд эдийн засаг сайжирч байгаа юм гэж ойлголоо. Яг иргэдийн гарт хэзээ мэдрэгдэх вэ. Цалин тэтгэвэр нэмэх бодлогыг хэзээ авч хэрэгжүүлэх вэ? 2024 оны эдийн засгийн өсөлтийг та бүхэн 6.5 хувиар тооцсон. Гэтэл олон улсын байгууллагууд ялгаатай байдлаар төсөөлөл гаргажээ. Дээрх хувьд хүргэх бодит тооцоо юу байна вэ? Өрийг дараад байгаа ч нэмэгдээд буй бодит шалтгаан юу байна вэ?
-Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-2024 оны жилийн төлөвлөгөөг өргөн мэдүүлсэн. Ингэхдээ, цалин тэтгэврийг цаашид инфляцитай уялдуулан нэмнэ. Уялдуулж нэмэхгүй бол эргээд сөрөг нөлөөг үзүүлээд байгааг бид мэдэж буй.
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Урсгал зардал нэмэгдэхээр тооцоолж байна. Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарын цалин нэмэгдүүлнэ гэж ойлголоо. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгөний нийт дүн өсөх юм байна гэж ойлгосон. Яг хэдээр нэмэгдүүлэхээр тооцож байна вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүнийг өөдрөг төсөөлж буй бол инфляцийг найман хувиар төсөөлөх нь хэр бодитой вэ? Монголбанкны бодлогын хүү нэг хувиар өсөх таамаг байна. Энэ нь инфляцийн өсөлттэй яаж уялдаж байгаа вэ?
-Эдийн засаг хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Төсвийн хүрээний тооцоололд 2024 онд экспорт нэмэгдэж, нийт экспорт 14 тэрбум ам.долларт хүрнэ, үүнээс нийт импорт нь арван тэрбум ам.доллар, зөрүү нь дөрвөн тэрбум ам.доллар эерэг гэж тооцож байна. Валютын нөөцийг цаашдаа тасралтгүй нэмэгдүүлээд явах юм. Ханшинд эрс хөдөлгөөн гарахгүй байх. Гадаад худалдаанд бид нэлээд анхаарч байгаа. Дэлхий нийтээр мөнгө үнэтэй боллоо. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байж эдийн засаг сайжирна.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Өнгөрсөн жилийн өдийд эдийн засаг маш амаргүй байсан. Ялангуяа гадаад зах зээлд дефольт зарлах эрсдэлтэй байсан. Нүүрсний далд эдийн засгийг ил болгож төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоосноор үр дүн гарсан. Төв банкны валютын энэ оны эхэнд нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрсэн. Эхний хагас жилд эдийн засгийн тогтвортой байдлыг харж үзээд цаашдаа энэ байдал хадгалагдах уу гэдгийг баталгаажуулж, эдийн засаг тогтворжих төлөвт орж ирвэл цалинг инфляцитай уялдуулж нэмэх, өрхийн орлогыг дэмждэг бусад төсвийн зардлыг эргэн харах боломжтой.
Тиймээс хагас жилийн эдийн засгийн байдлыг баталгаажуулж, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүргэхээр судалж байна.
УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН:
-Сая хөдөө яваад ирэхэд иргэдийн амьдрал хүнд байна. Эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй байна. Нэг үе Оюутолгой, Тавантолгой ашиглалтад орвол амьдрал сайжирна гэж ярьж байсан. Өнөөдөр хоёулаа ашиглалтад орчихлоо. Гэтэл иргэдийн амьдрал хүнд хэвээр байна. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноос бидэнд юу өгөх юм бэ?
УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:
-Цалин тэтгэврийн өсөлтийг хэд гэж багцаалдаж байна вэ. Дан ганц цалин тэтгэврээр амьдралыг авч явахгүй. Хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих талаас нь ямар хэмжээний хөрөнгийг төсөөлж байна вэ?Өр тэнцлийн алдагдлыг бид зөв харах ёстой.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Төсвөө төлөвлөдөг зарчим хязгаараа батлах ёстой.
Цалинг хэдэн хувиар нэмэгдүүлэхийг хэлэх арай эрт байна. Энэ асуудал төсөв өргөн бариад төсвийнхөө зардлыг задалж ярихад боломжтой тоонууд.
Зээлийн хүүгээр дамжуулж баялаг бүтээгчдийг дэмжих бодлого үргэлжилнэ. Ялангуяа, хөдөө аж ахуйн салбар, хүнсний аюулгүй байдал, ажлын байрыг дэмжих зээлийг тууштай явуулаад дуусгана. Удахгүй энэ чиглэлийн урсгал зардлаа авч явдаг төсвийн ерөнхийлөн захирагч сайд нар маань саналаа оруулж ирнэ. Тэндээс бид 2.5 их наядад яаж нэмэгдлийг багтаах уу, гээд эдгээр зүйлийг төсвийг өргөн барих төлөвлөлтийн үед тодорхой болно.
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Алтыг 2024 онд 20 тонноор тооцсон. Төсвийн алдагдлыг өшөө дахиад сайжруулж болох уу гэж байна. Бид гэсэн тойргоор явсан. Төрийн албан хаагчдын цалин хоёр жил нэмэгдээгүй. Тэтгэврийн зөрүүг гаргаж нэмэх ёстой. 42 жил ажилчхаад, түүнээс бага ажилласан хүнтэй адилхан тэтгэвэр авч байна гэж ахмадууд ярьж байгаа нь үнэн шүү дээ. Зөрүүг гаргахад зардал орно.
Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр Засгийн газар ажиллаж байна.
Энэ бүх тооцоог эргэж харахад төсвийн алдагдлыг эрс буулгах боломж бага харагдсан учраас оруулж ирж байна.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Нүүрсний тоо хэмжээ нэгжийн үнийг яаж тооцож байна вэ? Ирэх оны тооцоолол, төсөөллийн талаар бодитой тоо хэлж өгөөч?
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-2024 онд 50 сая тонн нүүрс гаргана гэж тооцож байна. Дундажлаад нэг тонн нь 139 ам.доллар байхаар тооцсон.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
–Нүүрсэн дээр нэгж үнийг нь 139 ам.доллароор тооцож байгаа юм байна. Үүнээс нэг тонн нүүрсэд ногдох төсвийн орлогын хэмжээг хэрхэн тооцоолж байна вэ?
-Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.САНЖААДОРЖ:
-2024 онд нүүрсний хэмжээг 50 сая тонн, дундаж үнэ нь 140 ам.доллар байна гэж Эдийн засаг хөгжлийн яамнаас танилцуулсан. Энэ дагуу татварын орлогоо тооцсон. 2024 онд нийтдээ 3.3 их наяд төгрөг нүүрстэй холбоотой орлого бүрдэнэ. Энэ дээр аж ахуй нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын орлого, хувь хүний орлогын албан татвар, АМНАТ-ийн орлогыг мөн тооцсон. Нэг тонн нүүрсээс 60 тэрбум байхаар тооцож байна.
Н.Учрал : Эмч нар И-Монголиа ашиглан жор бичнэ
2024.11.11 08:00
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ