surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хөшигний ард : Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон улс төрийн фракц хоорондын тулаан

Хөшигний ард :  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон улс төрийн фракц хоорондын тулаан

ҮХӨ хийхээр улсаар нь бужигнуулж, 76 кнопоор 2024 оны сонгуулийн өнгөө зассан УИХ-ын хаврын чуулган төсөвтөө тодотгол хийж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын зургаан сангийн мэдээллийг олон нийтэд дэлгэн, но-той ах нарынхаа ноцтой баримтуудыг сорчлон ил болгосноор энэ хаврын чуулганаар ҮХӨ-ийг хийх тохироог бүрдүүлсэн юм. Дуулианыг дуулианаар намжаах бодлогоо эрчимтэй хэрэгжүүлсэн Л.Оюун-эрдэнэ түүний Засгийн газар санасан сарвайсан бүхэндээ хүрч байна. Эл ҮХӨ хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Гэхдээ 2012 оны ҮХӨ-өөс нэг их ялгаагүй хууль сорчлон баталлаа гэж зарим улс төрчид, улс төр судлаачид үзэж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хуруу дутав уу хувь дутав уу гэдгийг ирэх он жилүүд бидэнд тодоос тод хэлээд өгнө. Гэвч 1980-аад залуусаар хөтлүүлсэн ирэх оны сонгуулийг өнөөдрийн Монголчуудын амьдрал хүлцэн тэвчих үү? Үндсэн хуульдаа хуруу гараа дүрсэн тэдний үйл хэргийг олон нийт дургүй хүлээж авсан. Гэхдээ 156-аар ялагдаж, 126-аар чичирлээ. Ийм л дүр зураг хөвөрч өнгрөв. Харин иргэд бид тэднээс хариуцлагаа нэхэж, хяналт тавьж байх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Ингэхийн тулд тэд эхлээд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хаврын чуулганаар багтаан батлах хэрэгтэй. Ингэхийн тулд тэд их цэвэрлэгээ хийж байгаа гэх.
    ЦЭВЭРЛЭГЭЭ 1 : САНГИЙН МАНГАС, ТЕНДЕРИЙН ЧӨТГӨРҮҮДЭЭ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ    
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, Н.Учрал нарын улс төрийн тоглолт ид дундаа өрнөж байна. Гагцхүү эдгээр эрхмүүд чин үнэнээр шударга ёсны засаглалыг хүсч байгаа юу? Тийм бол тэд хамгийн эхэнд сангийн мангас, тендерийн чөтгөр болтлоо улс төрд бугласан ах эгч нараа цэвэрлэх ёстой. Тэгэхийн тулд 5Ш ажиллагааг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Тэгвэл “ШҮҮР АЖИЛЛАГАА”-ны зарим нэг ноцтой кейсийг жишээлье 
      Х.БАДАМСҮРЭНД МОНГОЛЧУУД ЯМАР ӨРТЭЙ ВЭ?     
Улс төрд гангарааны дээл шиг хүмүүс олон төрсний нэгэн тод жишээ бол Эрдэнэс Монгол ХК-ний Зэс метал группийн захирал Х.Бадамсүрэн байлаа. Алт мөнгөн бүсээр аархаж сайрхаж явсан эл эрийг 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шүүр ажиллагаагаар тэтгэвэрт нь гаргасан. Гэтэл улс төрд урт гараа лавхан оруулсан Х.Бадамсүрэн үр хүүхдээ төрийн суудалд залсан гэх тохироотойгоор албан үүргээ хүлээлгэн өгсөн гэж хэлж болох нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал охин Б.Буянжаргалыгаа “ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ АТТАШЕ болгожээ.Сонирхуулахад Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргал нь ГХЯ-ны Америк,Ойрхи Дорнод, Африк хариуцсан төлөөлөгч ажээ. 
Аав нь чөлөөндөө гарсан ч эрхээрээ хатсан хүү нь Сингапур дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл хариуцсан Засгийн газрын төлөөлөгчөөр томилогджээ. Тодруулбал Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал. Эл залуу өмнө нь хар тамхины хэрэгт нэр холбогдож байсан байна. Ингэж л шүүр ажиллагаа шүүсийн шавхаж амжилгүй шүлс үсчүүлсэн буурлуудынхаа толгойг илэн тэтгэвэрт нь гаргасан байж болзошгүй. Олон жил улс төрд бугласан тендер лицэнзийн мангас болтлоо хөлжсөн ерөнхийлөгч асан Н.Багабанди ахыгаа ч тэд бүрэн цэвэрлэж амжсан уу? Ингэж асуухын учир нь Н.Багабандийн охин Б.Баярмаа MCS группийн босс Ж.Оджаргалтай хамтран Баянхонгор аймгийн Шинэжинст суманд цианит натриар алт олборлож, олон арван малчид хөдөлмөрчдийн амьд явах эрхэд ноцтой зөрчил үүсгэж байгаа.
    ЦЭВЭРЛЭГЭЭ 2 : ХАРИУЦЛАГАТАЙ ЦЭВЭР УЛС ТӨРЧДИЙГ СОНГОХ, СОНГУУЛЬДАХ    
Хулгайчийг хулгайчаар хайлгаж, хулгайч хулгайчдаа шүгэл үлээдэг мунхаглалыг таслан зогсоох шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа мэдээлж байгаа. Түүний хүрээлэл дэхь хүмүүс хэр цэвэр улс төрчид вэ? Л.Оюун-Эрдэнэ сайдын торгон цэрэг гэж хэлж болох хууль зүйн сайд Х.Нямбаатар ЖДҮХС-ийн зээлтэй ч УИХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан. Хотын төвд барилга байгууламж сүндэрлүүлсэн түшмэлүүдийн нэг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь одоогийн Засгийн газрын нэгэн том дүр. Гэтэл эл эрхэм ЖДҮХС, ХААДС-аас өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авсан. Мөн эргэн төлөөгүй. Засгийн газрын морин зүтгүүр гэж хэлж болох ЦХХХ-ны сайд Н.Учрал. Ах нараа туйлдуулж, түмнийг бужигнуулах үүрэгтэй. Үүргээ ч сайн биелүүлж байгаа тэрээр ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл “Хүннү” групптээ авсан нь тогтоогдсон. Баримт дэлгэгдсэн даруйд Н.Учрал гишүүн 950 сая төгрөгөө буцааж байгаагаа мэдэгдсэн. Түүний аавын “Хүннү” групп  2014 оноос “НЬЮ ХҮННҮ ФИНАНС” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж иржээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү дунджаар 2.6-3 хувь, жилийнх нь 31.2-36 хувь.

   ГАР БАРИН ХАМТАРСАН СӨРӨГ ХҮЧИНГҮҮД     

ҮХӨ хийхээр Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Хүн намын дарга Х.Доржханд нарыг хүлээн авч уулзсан. Улс төрийн хүрээнд тэднийг тохироонд хүрсэн гэх яриа хөшигний ард яригдаж байв. Магадгүй аль аль нам нь эсэргүүцэл үзүүлэлгүй гишүүдийн суудлын тоог нэмэхийг зөвшөөрсөн нь хол зөрүүгүй сонсогдох. Гэвч эл яриа дэгдсэнээс төд удалгүй Боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил болж сөрөг хүчин болох хоёр намын даргын зээлийн мэдээлэл ил болов. Гэтэл тохироонд хүрсэн гэгдэж байсан нэр бүхий албан тушаалтнуудын ард чимээгүй дайн өрнөж байжээ. Тухайлбал ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр тэргүүтэй эрхмүүд удаа дараа утас цохин зээлийн сангийн мэдээллийг ил болгож буйд дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Гэтэл сөрөг хүчин болох Ардчилсан намаас Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Лу.Гантөмөртэй тохироонд хүрээгүй тул сангуудын зээлээр Л.Оюун-Эрдэнэ нарт түймэр асаах цучлыг нь бэлдэж өгсөн байх магадлалтай юм. Учир нь Лу.Гантөмөрийн дэглэсэн ирэх 2024 оны сонгуулийн нэр дэвшигчдийн дунд Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хоёр фракцаас хүн багтаагүй.  Энэ мэт намууд 126 суудлын төлөө дайтаж байна.

   МАН-ЫН БҮЛЭГ ХООРОНД Ч ТЭМЦЭЛ ӨРНӨЖ БАЙНА    

Хүн биш нам дугуйлах өөрчлөлтийг сонгуулийн хуульд хийж өгнө хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам алдсан. Энэ тохиолдолд нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон этгээдүүд жагсаалтаар эрэмбэлэгдэх боломж хумигдаад тэдний оронд Ховд аймгийн Засаг дарга Х.Болормаа, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Соёлын сайд Ч.Номин, дэд сайд М.Батбаяр, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Цахим харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн О.Батнайрамдал нарын нэр яригдаж байгаа юм. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, “Шарк танк”-ийн О.Тэнүүн буюу Шадар сайд С.Амарсайханы ахынх нь хүү гэх байдлаар Д.Амарбаясгалангийн хүрээлэл орж ирнэ.
Үүний нөгөө талд өөр нэг хувилбар яригдаж буй нь Сү.Батболдын фракц Д.Амарбаясгалантай эвссэн хар зураг. Үүн дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо ч бий. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийнхөө өмнө М.Энхболд, Сү.Батболд нарыг дуудаж уулзсан байдаг. Түүнчлэн Д.Амарбаясгалан У.Хүрэлсүх нар ерөнхийлөгч асан Н.Багабандиар хөтлүүлж, өнөөдрийн дархлаагаа бий болгосон. Гэтэл хөшигний ард Л.Оюун-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөр далайлгасан асуудлыг намжаан “хэлэлцээр”-ийг нааштайгаар шийдүүлсэн хүн нь ч Д.Амарбаясгалан болж таарав. Тэрбээр У.Хүрэлсүхтэй ойлголцолд хүрч асуудлыг намжмал байдалд оруулаад зогсохгүй тогтолцооны өөрчлөлтийг ч батлуулж, намын нэрийн жагсаалт болон тойргийн мандат хуваарилалтад 20х30 гэсэн харьцаагаар оролцох боломжийг Төрийн тэргүүнд санал болгосон гэж эх сурвалж мэдээлж байна.

    ХЭНЭЭС НЬ ЭХЭЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?    
Сангийн зээлээ төлвөл хулгайч биш хулгайч. Тогтоосон хууль, томъёолсон дүрмээ зөрчиж сангуудыг тонож, иргэдийнхээ боломжоос хумсалсан нь үнэн. Тэгвэл сангийн зээлүүд ил болж, олон нийт шуугиад эхэлмэгц зээлээ төлсөн баатар болцгоож жүжиглэнэ. Ийм л ах нараа төрөөс явуулах зорилготой ҮХӨ-ийг хийсэн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний Засгийн газар хэнээс нь хэзээнээс эхэлж хариуцлага тооцох вэ? Тэд их цэвэрлэгээ хийж байж энэ удаагийн ҮХӨ биелэлээ олно. Тэгэж гэмээнэ УИХ 126 суудалтай болох эрхээ атгах нь зүйтэй юм. Гэтэл хууль батлах сургаар намууд нэр дэвшигчээ зоож эхлэв. Хууль батлагдахтай зэрэгцээд тэдний хоорондын мөргөлдөөн ч ширүүсч байна. 


 ТЭД АРД ТҮМНИЙ ДАРГА БИШ ТЭД АРД ТҮМНИЙ АЖИЛТАН.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1