surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Тавантолгой түлш ХХК: Зүүн болон Төвийн үйлдвэрийн хүчин чадлын нэмэгдүүлжээ

Тавантолгой түлш ХХК: Зүүн болон Төвийн үйлдвэрийн хүчин чадлын нэмэгдүүлжээ

Нийслэлчүүдийн тэн хагасыг дулаан өвөлжүүлэх үүрэг хүлээдэг Тавантолгой түлш компанийнхан техникийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Тус компани 2018 онд байгуулагдсан ч өнгөрсөн хугацаанд өөр хоорондоо хамаарал бүхий хоёр том асуудалтай нүүр тулж иржээ. Нэг нь, Баруун үйлдвэрийн ачааллыг бууруулах, нөгөө нь Зүүн үйлдвэрийг төлөвлөсөн хүчин чадалд нь хүргэж ажиллуулах. Тэр үед нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг Баруун үйлдвэр нуруундаа үүрч байсан юм. Үүнээс үүдэлтэй орчны бохирдол үйлдвэрийн орчмын оршин суугчдын эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байлаа. Тиймээс Баруун үйлдвэрийн ачааллыг шат дараатай бууруулж, яваандаа үйлдвэрлэлийг зогсоох бодлогыг Засгийн газраас барих болсон.

Ингэхийн тулд Зүүн болон Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Тухайн үед Зүүн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байсан бөгөөд шахмал түлшийг хэвлэх болон хатаах зэрэг тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрлэлийн горимд жигдрээгүй байсан аж. Угтаа Зүүн үйлдвэрийг анх байгуулахдаа Баруун үйлдвэрийн ачааллыг өөртөө авах хэмжээний хүчин чадалтай байхаар тооцсон билээ. Гэвч 2021 онд үйлдвэрлэсэн түлшний хэмжээг авч үзвэл, Зүүн үйлдвэр нийт түлшний дөнгөж 13.9 хувийг үйлдвэрлэсэн нь тус компанийн жил жилийн үйлдвэрлэлийн мэдээг харвал тодорхойлогдоно.

Үүнийг засч залруулах ажлыг тус компанийн инженер, техникийн ажилтнууд цаг алдалгүй хийж үйлдвэрүүдийн ачааллыг тэнцвэржүүлээд байгаа гэнэ.

Тодруулбал, Зүүн үйлдвэрийн хоёрдуаар цехийн 1, 2, 3-р шугамын хавтант хатаагчийн угсралт, суурилуулалтын ажлыг 2022-2023 оны өвлийн ачааллаас өмнө бүрэн дуусгаж чанар, стандартын шаардлага хангасан шахмал түлш үйлдвэрлэж эхлэв. Мөн нэгдүгээр цехийн 1, 2, 3-р шугамд БНСУ-ын Jeil machinery компанийн үйлдвэрлэсэн гурван ширхэг хэвлэгч төхөөрөмжийг шинээр суурилуулсан байна. Үүний үр дүнд Зүүн үйлдвэр 2022 онд хоёр дахин их түлш үйлдвэрлэж нийт түлшний 25.5 хувийг үйлдвэрлэсэн байна. Харин энэ онд нийт үйлдвэрлэлийн 54.1 хувийг бүрдүүлэхээр төлөвлөж, үйлдвэрээ жигдрүүлээд байгааг тус компанийнхан ам нэгтэй ярьж байна.

Шахмал түлш бидний хувьд цоо шинэ зүйл биш. Үе үеийн Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх хөтөлбөр боловсруулж шахмал түлшний үйлдвэр барьж байсан түүх бий. Гэвч түүхий нүүрстэйгээ зэрэгцүүлж худалдаалсан нь амжилтад хүрээгүй гэдэг. Өмнөх хөтөлбөрүүдийн үлдэгдэл нь ТЭЦ-2-ийн дэргэдэх шахмал түлшний үйлдвэр юм. Энэ үйлдвэрийг Тавантолгой түлш ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн болгож шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Тус үйлдвэр өдөрт 300 хүртэлх тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байж. Харин үүний хүчин чадлыг тус компанийнхан нэмэгдүүлж өргөтгөл хийснээр хүчин чадал нь 2,5 дахин нэмэгдүүлж өдөрт 800 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болгожээ. Энэ нь Улаанбаатар хотын түлшний хэрэглээний 43 хувийг дангаараа хангах боломжтой болоод байгаа гэнэ. Төвийн үйлдвэр 2021 онд нийт үйлдвэрлэлийн 7.6 хувийг бүрдүүлж байсан бол энэ онд нийт түлшний 25.6 хувийг үйлдвэрлэхээр тооцоолжээ. Энэ мэтээр Тавантолгой түлшийнхэн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж ирэх өвлийн бэлтгэлээ базаасаар байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1