surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хэн нь жинхэнэ хулгайч вэ ? Зарласан 17 нь Засгаа засагласан зургаан сар өнгөрлөө

Хэн нь жинхэнэ хулгайч вэ ? Зарласан 17 нь Засгаа засагласан зургаан сар өнгөрлөө

УИХ-аас нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг шинээр байгуулж ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг тавьжээ. Зэс, уран, нүүрс гээд хуулийн сайдын оролцохгүй сэдэв, хийхгүй ажил гэж алга болсон. 

Гэхдээ сонсгол хэзээ болох нь тодорхойгүй. Ямар ч гэсэн тодорхой хугацаанд бэлтгэл базаана гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

2023 оны хоёрдугаар сард АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн нүүрсний хулгайн хэрэгт  шалгагдаж буй албан тушаалтнууд дунд ЗТХ-ийн сайд асан нэг, ТНБД асан хоёр, аймаг, сумын Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, АТҮТ-ийн дөрвөн албан тушаалтан, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зургаа, "Тавантолгой төмөр зам" компанийн гурван нэр бүхий хуулийн компанийн албан тушаалтан 14, энгийн 22 иргэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгаа гэсэн.
Тэдний нэг нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчлан саатуулаад зургаан сар болж буй. Түүний мэдүүлгийн дагуу 17 хүнийг сэжигтнээр татсанаа АТГ-аас зарлаад мөн зургаан сар өнгөрлөө. АТГ-аас зарласан 17 хүний 10 нь МАН-ын, долоо нь АН-ын гишүүд юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
"Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Энэ хугацаанд Монголын улстөрд юу болж өнгөрсөн бэ гэвэл нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Харин  Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УЕП-ын хүсэлтийн дагуу түдгэлзүүлэн шалгаж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, Т.Аюурсайханы хэргийг “боогоод” шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан боловч шүүхээс албан ёсны тайлбар хэлээгүй. ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нүүрсний хулгайтай холбоотой нэг ч хавтаст хэрэг шүүхэд шилжээгүй болохыг мэдээлсэн юм. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж МАН-ынхан ганц нэг хүнээр туг тахиад чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэх магадлал өндөр байна. Өмнө нь  ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банк, төмөр замын авлигын хэргээс харвал. Тэд ганц нэгхэн хүнээр туг тахиж, турагаа тэжээж ирсэн. 
Мөн хамгийн сонирхолтой нь анх зарлагдсан 17 этгээдээс Б.Баттөмөр,Ц.Сэргэлэн нарыг гэм буруугүйд тооцож сулласан. Тэднийг ямар үндэслэлээр “Нүүрсний хулгай”-д цоллож, ямар үндэслэлээр гэм буруугүйд тооцсон нь эргэлзээ дагуулж байна. Түүнчлэн Ц.Анандбазар,Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нарын нэрс ч АТГ-ын өгч буй мэдээлэлд дурдагдахаа болиод удаж байна.  АТГ, прокурор ч дуудаад ирж шалгуулдаггүй Х.Баттулга, түүний хамаарал бүхий этгээдүүд болох А.Адъяасүрэн гишүүн, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир нарын хэрэг ямар шатандаа яваа нь тодорхойгүй царцлаа.  

Олон сар нохой шуугиулж, луу унжлаа. Хэн нь жинхэнэ хулгайч вэ? 


ХУЛГАЙЧ ГЭЖ ЗАРЛАСАН НЬ ЗАСГИЙН ГАЗАР. БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХ БОЛОХОД ХАМГААЛЖ ҮЛДСЭН НЬ Ч ЗАСГИЙН ГАЗАР. СӨРӨГ ХҮЧИН ГЭЖ ДАВШИХГҮЙ ДАВТАХГҮЙ ДАРАА ДАРААГИЙН НЭРСИЙГ Ч ЗАРЛАСАН НЬ ЗАСГИЙН ГАЗАР.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1