surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Пригожин Беларусь руу явж, цэргүүд хуарандаа буцав

Пригожин Беларусь руу явж, цэргүүд хуарандаа буцав

Москваг чиглэн явж байсан "Вагнер"-ын цэргүүд өнгөрсөн шөнө Ростов-на-Дону хотоос гарч эхэлсэн байна. Тэд хээрийн хуаран руугаа буцаж эхэлснийг мужийн захирагч мэдээлэв. Дөрвөн пикап машин гарсан ч танк болон бусад хүнд техник нь үлдсэн байна. Мужийн амбан захирагч оршин суугчдаа хотын зөв рүү зорчихгүй, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байсан. Гэхдээ хурцадмал байдал намжсан шинжтэй байна гэж "BBC" агентлаг мэдээлэв. Телеграм дээрх зураг, бичлэгүүдийг харахад "Вагнер"-ын цэргүүд нутгийн иргэдтэй гар барьж, хуягт машиндаа буцаад сууж байжээ. Тэднийг ухарсны дараа авто замуудад тавьсан байсан бүх хязгаарлалтыг Холбооны авто замын агентлаг цуцалсан байна. Сүүлийн 24 цагийн турш ОХУ-ын өмнөд нутгаас Москва орох чиглэлийн Ростов, Липецк, Воронеж, Тула мужуудад авто замын зарим хэсгийг хаасан байжээ. 
"Вагнер"-ын цэргүүдийг хотоос гарах үед оршин суугчид "Вагнер! Вагнер!" гэж хашгиралдан үдэж өгсөн. Тэд Украин дахь "Вагнер"-ын ажиллагааг дэмжсэн үү, Орост өдөөсөн бослогыг дэмжсэн үү гэдэг тодорхойгүй байна.

Евгений Пригожины хувьд өнгөрсөн шөнө Беларусь руу хөдөлжээ. Тодруулбал, Пригожин Беларусийн удирдагчтай утсаар ярисныхаа дараа ухарч, цэргээ татсан аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд болсон үйл явдлууд Пригожины Путинтэй харилцах харилцааг үндсээр нь өөрчилнө гэж үзэж байна.
Мөн Оросын эрх баригчид цус урсгахгүйн тулд Пригожин болон түүний цэргүүдийн ялыг хэрэгсэхгүй болгоно гэж мэдээлжээ. Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Пригожины цэргүүд Батлан хамгаалах яамны гэрээнд гарын үсэг зурах боломжтой гэсэн байна.


    КАДЫРОВ: ПУТИНЫ ҮГ БҮРИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА   
Чеченийн удирдагч Рамзан Кадыров "Вагнер"-ын зэвсэгт бослогыг урвалт гэж нэрлэжээ. 
"Одоо болж байгаа зүйл бол Батлан хамгаалах яаманд тулгарсан асуудал биш. Энэ бол төрд тулгамдаж буй сорилт. Энэ сорилтыг даван туулахын тулд арми, аюулгүй байдлын хүчин, засаг дарга нар, энгийн иргэд гээд бүгд нэгдэх шаардлагатай. Батлан хамгаалах яам болон Чеченийн Үндэсний гвардийн ангиудын цэргүүд хурцадмал бүс рүү хэдийнэ хөдөлсөн. Бид Оросын нэгдмэл байдлыг сахин хамгаалах, төрт улсаа хамгаалахын тулд бүх зүйлийг хийх болно. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шийдвэрээ тэнцвэртэй бөгөөд болгоомжтой гаргадаг гэдэгт итгэлтэй байна. Бид газрын зургийг нэг хэсгийг л хардаг бол тэр бүхэлд нь хардаг. Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж маш зөв хэлсэн. Энэ бол цэргийн бослого. Ийм үйлдлийг зөвтгөх аргагүй. Путины үг бүрийг би бүрэн дэмжиж байна" гэжээ. 
Мөн тэрбээр Хойд Кавказын цэргийн тойргийн албан хаагчдыг өдөөн хатгалгад бууж өгөхгүй байхыг уриалав. "Ямар ч зорилго тунхаглаж, ямар ч амлалт өгсөн бай ийм цаг үед Оросын төрийн аюулгүй байдал, Оросын нийгмийн эв нэгдэл бүхнээс дээгүүр байна. Баруунд байгаа дайснууд энэ байдлыг хэрхэн далимдуулж байгааг хараарай. Иргэдийг айлгаж, тогтворгүйтүүлэх хэчнээн худал уриалга хэлж байна" гэж тэр телеграмдаа бичсэн байна. 

Эх сурвалж: BBC, TASS

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1