surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Пригожинийг хүлээн авах нь Лукашенкогийн хүсэл байгаагүй гэж ажиглагчид үзэж байна

Пригожинийг хүлээн авах нь Лукашенкогийн хүсэл байгаагүй гэж ажиглагчид үзэж байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко цуст мөргөлдөөнөөс Орос улсыг аварсан баатар болж тодорсон.

Тэрбээр хувийн зэвсэгт хүчинтэй Евгений Пригожин болон Кремлийн эрх баригчдын дунд зуучилснаар Вагнерын хөлсний цэргүүдийн Москваг чиглэсэн маршийг зогсоож чадсан гэгдэж байна.

Энэхүү санаанд оромгүй, гэнэтийн үйл явдал нь богино хугацаандаа Лукашенкогийн нэр хүндийг өргөх сурталчилгаа болж магадгүй ч урт хугацаандаа өөрт нь гай тарих өндөр эрсдэлтэй алхам байж болзошгүй гэж зарим ажиглагчид дүгнэжээ.

Лондон дахь Европын Манлайллын Сүлжээ байгууллагын Орос-Өрнөдийн харилцааг судлагч Катя Глод “Үүнийг Лукашенкогийн өөрийнх нь хүсэл байсан гэж би бодохгүй байна. Кремль түүнийг зүгээр л ашиглаж байгаа. Тэр бүр Пригожинийг хүлээж авахыг ч хүсэхгүй байж магад” гэж ярьсан байна.

Пригожинийг хүлээж авах нь Беларусь улсад “маш олон эрсдэл бий болгоно” гэж тэр дүгнэжээ.

“Пригожинийг өөрийн дэглэмийн эсрэг босогчдыг дарахад ашиглах нь Лукашенкогийн хувьд цорын ганц давуу тал болох байх” гэж Глод ярьж байна.

Саяхан Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа “Хэрвээ Пригожин, эсвэл Вагнер групп ямар нэг тодорхой төлөвлөгөө зорилгогүй Беларусьт байрлахаар бол” НАТО зүүн жигүүрийнхээ хамгаалалтыг чангатгах шаардлагатай гэж мэдэгдсэн юм. Тус улс ирэх сард НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа.

30 орчим жил Беларусийг тасралтгүй удирдаж, Европын сүүлчийн дарангуйлагч хочтой болсон Лукашенкогийн хувьд 2020 оны маргаантай сонгуульд ялснаасаа хойш улам бүр Кремлиэс хамааралтай болсон.

Тэр ч байтугай улс орноо ОХУ-тай нэгтгэж, тусгаар тогнолоо алдахад ойрхон болоод байгаа.

“Цөмийн зэвсгээ Беларусьт байрлуулахаар болсон нь тус улсыг Оросын бүрэлдэхүүнд алгуур нэгтгэх үйл явцын нэг хэсэг юм” гэж Олон Улсын Стратеги Судлалын Хүрээлэнгийн (IISS) стратеги, технологи, зэвсгийн хяналт хариуцсан захирал Уилльям Алберке ярьжээ.

Тэрбээр цааш нь “Лукашенко одоо буланд шахагдсан байгаа гэж би бодож байна. Хэрвээ Путин хүсвэл тэр үгээр нь хөдлөхөөс өөр сонголтгүй болсон” гэж ярьсан байна.

Гадаадад дүрвэсэн Беларусийн сөрөг хүчний улс төрч бас ижил дүгнэлт хийжээ.

“Пригожин бол Лукашенкогийн хувьд бэлэг биш. Учир нь Пригожиний доромжлолыг Путин хэзээ ч уучлахгүй. Энэ бол Лукашенкогийн хувьд жижиг, тактикийн, зохиомол, өнгөц ялалт. Яваандаа дарангуйлагчийн өөрийнх нь стратегийн зовлон болж хувирна” гэж Беларусийн дипломатч, соёлын сайд асан Павел Латушко саяхан Польшийн хэвлэлд ярьсан байна.

“Тэр одоо Кремлийн хүч суларч байгаад хамгийн их санаа зовж байгаа нь тодорхой. Лукашенкогийн дэглэмийн гол түшиг тулгуур Кремль юм” гэж Глод тайлбарлажээ.

Одоо 68 настай Лукашенкогийн эрүүл мэндийн асуудал сүүлийн үед анхаарал татах болсон. Тэрбээр өнгөрсөн сард Улаан талбайд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярт оролцох үедээ нэлээд сул дорой харагдаж байлаа. Москвагаас ирснийхээ дараа Лукашенко хэдэн өдөр олны өмнө ил гараагүй юм.

 

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1