surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хандмаа

Хандмаа

     Нэг л өглөө бүсгүй инээмсэглэн сэрэхдээ дурлачихсанаа мэджээ. Харц тулгарах тоолондоо инээмсэглэх тэр залуу хажуугаар нь өнгөрөх бүртээ хурууных нь өндгөнд зөөлөн хүрнэ. Дулаахан мэдрэмж... Оройтох бүртээ алхаад ч хамаагүй хүргэж өгчихөөд олигтой ч үг солихгүй буцаад л алхчихна... Дулаахан мэдрэмжээ үүрд  хадгалахыг тулд халуухан өврөө бүсгүй нээжээ. Жаргалтай өдрүүдийн хэлхээс үргэлжилж “жаахан эрт” ч сайхан мэдээ дуулсан нь ээж болсон гэх...Хяналтандаа орж тогтмол үзүүлж хэрэндээ шинэ хүнээ өлгийдөн авах бэлтгэлээ хийж, хөөрхөн охиндоо өгөх нэрээ ч бодоод хөөр баяртай байлаа. Амьдрах юутай сайхан. Хайрлах хүнтэй, хөтлөх үртэй байна гэдэг л энэ хорвоод хүн болж төрсний  тэр тусмаа эмэгтэй хүн болж төрсний хэргээ бүтээсэн мэт. Гэвч аав ээж нь яарах тусам охин нь ирэх гэж яарахгүй байгаа мэт илүү тээлттэй сар гаран боллоо.

- Хайраа ахиад эмнэлэг орвол яасан юм бэ гэж нөхрөө асуухад нь

- Санаа зоволтгүй ээ, энэ байтугай илүү тээлттэй байдаг гэсэн гэж нөхөртөө хэлсэн ч өөрөө ч охиноо тэврэхээр яарч байгаагаа мэдэрч байлаа. Үзүүлэх ёстой өдөр нь ч болж Хандмаа ч өвдөж эхэлжээ.

Төрөх явцдаа хүүхдийн толгой цухуйсан ч, хөлсөө гартал, тамираа бартал дүлсэн ч гарч өгөхгүй мөн ч зовжээ . Арай гэж хүүхдийн уйлах дуугаар эмч хөлсөө арчин хөөрхөн охин байна гэж хэлээд аваад гарлаа.

- Охин минь нандин үр минь гэж ээж нь нулимсаа унагаж сэтгэлээ асгажээ. Аягахан шөл уун арай гэж тэнхэрч байх үед эмч орж ирээд

- Хандмаа санаа зоволтгүй шүү охиныг нь хэд хоног инкубаторт байлгах хэрэгтэй байна. Чи ч жаахан амраад ав гэв. Хүсэн хүлээсэн охиноо тэврэхсэн гэж яарсаар уртаас урт 7 хоног өнгөрөв.Арай гэж охиноо хараад  сэтгэл нь баяраар гийж, чинэсэн хөхөө өгтөл охин нь ангир уургаа хөхсөнгүй. Эх хүний хувьд энэ юутай их шаналан билээ. Өрөөнийх нь бусад хүүхдүүд хөхөө ховдоглон хөхөж буйг хараад эх хүний совингоор нэг л зүйл буруу байгааг ойлгов. Энэ үед эмч орж ирээд охин нь тархины саажилттай төрсөн гэдгийг хэлжээ.

- Яагаад, яагаад миний охин ингэж төрж байгаа юм бэ? Аавд нь би юу гэж хэлэх  юм бэ? Хараа ч үгүй байж охиндоо хичнээн хайртай билээ дээ гэж бодон Хандмаа нулимсаа нуур болтол уйлжээ. Нулимс нүднээс биш зүрхнээс гардаг гэдгийг тэгэхэд л ойлгосон гэдэг...

Тархины саажилттай охиноо хэрхэн хооллох, хэрхэн асрах тухай эмчийн яриаг анхааралтай сонсоод “ Ганцаараа бол яасан ч дийлэхгүй юм байна. “ Ханьтай байгаа минь юутай их аз вэ” гэж бодон охиноо тэврэн эмнэлэгээс гарахад түүнийг хоосон хаалга угтсан гэдэг.

- Ийм охин надад хэрэггүй ээ гээд эргэж ч харалгүй яваад өгсөн хүнийг хайсаар ээжийнх нь гэрт очиход хаалгаа таглаж зогсоод охиных нь эмээ ингэж хэлсэн гэдэг.

- Дахин дахин наашаа ирээд хэрэггүй ээ, даан ч би хүүгээ чамруу явуулж чадахгүй. Хайран залуу насыг нь би хайрлаж байна. Наад өвчин чинь эдгэдэггүй гэнэ билээ. Насаараа өвчтэй хүүхэд ажилгүй хүүхнийг тэжээлгэж чадахгүй...

Ингэж хэлээд хаалгаа тасхийтэл хаахад цаана нь охины аав хараад л  зогсож байж. Дулаахан мэдрэмж тэгэхэд хөлдсөөн...

 

13 жилийн дараа.

 

Амьдрах л гэж хорвоод ирсэн охиноо алган дээрээ бөмбөрүүлж, алтан аяганаас ус уулгахгүй юмаа гэхэд чадлаараа өсгөнөө гэсэн тангараг өөртөө өгч 13 жил хичээж байгаа энэ бүсгүйг Хандмаа гэдэг.  Эхлээд яах ёстой, юунаас эхлэхээ мэдэхгүй нярай охиныхоо амруу халбагаар бүлээн сүү хийж уйлан суудаг байсан бол өнөөдөр тэр томоо болсон Нандинцэцэг охинтойгоо хос дээлээр, хос бэлтгэлийн хувцасаар гангарч явна. Тиймээ Хандмаа одоо гэрээрээ захиалгын хувцас оёдог. Охин нь томрохын хэрээр хуучин 4 ханат нь багадаж 5 ханат гэр сарын 50,000 аар түрээслэн амьдарч байна. Гэвч тэр

-  Хөдөлмөрлөсөн хүн заавал хүссэндээ хүрдэг гэр маань түрээсийнх ч газар маань миний нэр дээр гээд цоглог хоолойгоор ярьна.

Эхэндээ тор оёж эхэлсэн бол яваандаа хүүхдийн баривч, хүүхдийн дээл, монгол дээлийг захиалгаар оёдог болж. Түүнийг уран гартай гэж хэлэх хүн олон. Захиалга өгөх хүн ч олон. Гэвч Хандмаа охиноо орхиж явж чаддаггүй учир цөөхөн л захиалга авдаг.

- Хандмаа юу? дээл оёулах гэсэн юм.

- Хэзээ хэрэгтэй бол?

-Жаахан яаруу л байна

-Уучлаарай хэмжээгээ яаж авах билээ би очих боломжгүй байна

-Тэгвэл гэрт чинь очоод өгчих үү?

-За би ер нь амжихгүй юм байна.

Ихэвчлэн ийм л яриа болно.

- Би ч хэдэн шөнө сууж байгаад ч болов захиалгыг нь гаргаж чадна л даа. Даан ч өсвөр насны охинтой болохоор айх юмаа. Хэмжээ өгсөн хүн нь муу хүн байвал яана. Намайг эзгүй хойгуур гэрт ирээд охинд минь муу зүйл хийчихвэл яана гэж хоолой зангируулан ярих ээж. Жинхэнэ Монгол эмэгтэй, Монгол ээж. 13 жил бүтэн нойртой хонож үзээгүй ээж. Бүхэл мах чанаж иддэггүй ээж. Бүхий л амьдралаа охиндоо зориулсан ээж...

Гэрийн зүүн хойморт аялалын сандал дээр богино үсээ годойтол дээш нь боочихсон цав цагаан охин инээд алдан сууна. 13 настай Нандинцэцэг охин. Ээжээсээ өөр хүн бараг хардаггүй болохоор баярлаж байгаа нь энэ. Ярьж чаддаггүй ч ээж охин 2 хамгаас сайн ойлголцох нь “хөөрхөн”

 Хандмаа нэг өглөө босоход нүүр нь эвгүй санагдахаар нь толинд хартал зүүн талруугаа таталт өгсөн байж. Айж сандарсаар эмнэлэг ортол ядаргаанаас үүдэлтэй таталт гэдэг онош гарч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй ч охиноо харуулах хүнгүй дээрээс нь эмнэлэгийн төлбөр төлж байснаас охиныхоо эмчилгээнд зориулсан нь дээр гээд инээгээд сууж байх юм. Эх хүн гэдэг ийм агуу...

 Surag.mn ий “Нэр нэгтийн чих нэг” нэвтрүүлгийн баг наадмын дугаартаа Хандмааг онцлон бусад Хандмаа нэртэй хүмүүсийн эрэлд гарсан юм. Бид Улаанбаатар их сургуулийн дэд захирал доктор профессор А. Хандмаа, Монос группийн эрдэм шинжилгээ судалгааны төсөл хариуцсан захирал доктор Д. Хандмаа, Монцамэ “Хүмүүн бичиг” сонины редактор Б. Хандмаа, Дуучин Н. Хандмаа нарт санал тавьж ирээдүйд охиноо алхахыг харах мөрөөдөлтэй ч хамгийн түрүүнд охинтойгоо хамт байх ажлын байртай болох чин хүсэлтэй энэ бүсгүйн сэтгэлд гал асааж өгнө үү хэмээн урьсан юм. Хэн нэгний сэтгэлд асах гэрэл нь та байгаарай.

 

                                               

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1