surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Малтай ч болоосой

Малтай ч болоосой

Дээрхэн үед хөдөө талд сайхан хүүхэн үзээд морьтой ч болоосой гэж шүлэглэдэг байсан бол өнөө үед төрийн шийдвэр сонсоод малтай ч болоосой гэж гасалж байна. Учир юу гэвэл Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг өнгөрсөн сарын 23-нд УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Энэхүү төслүүдээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар тусгасан юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл:

  • 21.23.Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.

Ийнхүү малчдыг тэтгэвэрт гаргахын тулд бидний татвараас зарцуулах нь. Нийгмийн даатгалын мэргэжилтний хэлснээр, Монголд 220 гаруй мянган нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлөх малчид байна. Тэдний 25 хувь нь л НДШ төлдөг. Тиймээс дээрх заалтаар бусад 75 хувийг нь НДШ төлдөг болгохыг зорьж буй гэнэ. Үүнд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн зардал төлөх юм байна.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “Нийгмийн даатгалын сангаас жилд тэтгэвэрт 4,1 их наядын зарлага гардагаас 774 тэрбум нь татвар төлөгчдийн мөнгө байдаг” гэнэ.  Хуулийн төслийн танилцуулгад тусгаснаас үзвэл, энэхүү хуулийг сонгуулийн жилд хэрэгжүүлэхэд тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2 хувийг мөнгөжүүлэх зориулалтаар тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн татаас 291.6 тэрбум төгрөг, зарим иргэдийн шимтгэлийг улсын төсвөөс хариуцах 48.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр малчдын нийгмийн даатгалын 50 хувийг таны татвараас төлөх нь байх л зүйл гэж харж байгаа юм. Ерөнхийдөө та  бид хорин жилийн турш өөрийн болон хөдөө талд яваа аль нэг малчины НДШ-ийг төлсөөр тэтгэвэртээ гарна гэсэн үг.

Уг заалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Одонтуяа нар дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус заалтыг хэрэгжүүлснээр малчдад давуу боломж олгож, татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвөөс малчдын тэтгэврийн 50 хувийг төлөх нь ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна.  Үүний үр дүнд цөөн тооны мал нэр дээрээ бүртгүүлж “хуурамч малчин” олон төрөхийг үгүйсгэхгүй.

Уг хуулийн төслийн зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн нь  сонгууль дөхсөн үед малчдын саналыг авах гэсэн “сонгуулийн солиорол” ч гэж  хардаж байна. Тэтгэврийн сан хоосорсон энэ үед тэтгэврийг дорвитой нэмэгдүүлж чадахгүй байхад малчдыг бусдаас илүү үзэн ийнхүү шийдвэрлэх нь уг санд улам л дарамттай.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.1 жил, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8 жил гэсэн тооцоо гарчээ. Эндээс эрчүүд дунджаар 1,6 жил тэтгэвэр авдаг бол эмэгтэйчүүд 20,8 жил тэтгэвэр авах юм. Ийм байхад малчдын тэтгэврийн талыг төрөөс гэсэн нэрийн дор татвар төлөгчдөөр төлүүлэх нь сонгуулийн солиорол гэхээс өөр юу гэх вэ.

Монголын хөдөлмөр эрхлэлтийн түвшин буюу хөдөлмөрийн насны нийт ажиллах хүч 1,2 сая гаруй хүн байдгаас,

  • 405.7 /34.8 хувь/ мянга нь хувийн аж ахуйн нэгж байгууллагад,
  • 257.0 /22.1 хувь/ мянга нь өрхийн аж ахуйд,
  • 198.7 /17.1 хувь/ мянга нь хувийн бизнес буюу хувь хүн, иргэнд,
  • 161.1 /13.8 хувь/ мянга нь төсөвт байгууллагад,
  • 62.1 /5.3 хувь/ мянга нь төрийн бус байгууллагад,
  • 50.6 /4.3 хувь/ мянга нь төрийн өмчит аж ахуйн оролцоотой үйлдвэрийн газарт,
  • 8.2 /0.7 хувь/ мянга нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байна.

Монголын цэнхэр захтан болсон ажиллах хүч нийт иргэдийн гуравны нэг нь татвараар дамжуулан халамж тэтгэмж, хүүхдийн мөнгийн төсвийг бүрдүүлдэг. Гэтэл уг хуулийн заалт батлагдвал бусдын тэтгэврийг ч мөн өмнөөс нь бэлдэж өгөх хэрэг гарах нь.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1