surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол наймаа

Монгол наймаа

Тулгар төрийн 2232 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Энэ жилийн хувьд таван аймгийн 100 жилийн ой давхцаж буй билээ. Улсаас наадмын төсөвт энэ жил түүхэндээ хамгийн “өндөр тоо” баталжээ. Санхүү хямарч, эдийн засаг хүндэрч байсан ч төрийн их баяр наадмын төсөв арифметик поргрессоор өссөөр таван тэрбумд хүрсэн байна.

Улс нь баярлаж наадахдаа таван тэрбумаар нь зарцуулсан бол өрх нь хэдийг зарцуулсаныг тооцъё.

Ар, өврийн хангайн бөх үзүүр түрүүнд шөвгөрсөн сайхан наадам боллоо гэж ярихаас өвөр түрийдээ хэдийг үлдээж, хэдийг үрснээ ярихгүй юм даа. Арга ч үгүй биз. Баярынх нь өмнө гээд бүгдийнх нь цалин пүнлүү, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгийг нь ч алагчлалгүй өгөхөөр болчихсон юм хойно. Тэрүүхэндээ хэтэвчнийх нь хэд нь тэвэр дүүрэн их юм шиг санагдаж байгаа биз.

Дөрвөн ам бүлтэй айл наадамлажээ. Цэнгэлдэх хүрээлэн орж наадмын нээлт үзэж, тэр хавиараа хуушуур идэж ус ундаа аван зургаа даруулж гэж бодъё. Эхний ээлжинд автомашины зогсоол, нэвтрэх зөвшөөрөл авах хэрэгтэй. Гадаа зогсоолтой “Г” зөвшөөрөл 21000, хүрээлэн хүртэл бензин 20000 төгрөгт болно биз. Наадмын нээлтийн билет сүүдрэвчтэй нь 52500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөгийн ханштай. Угаас баярхуу монгол хүний зан зулгайх тул сүүдрэвчтэйг нь авч таарна.

За ингээд  бодъё л доо. Ердөө цэнгэлдэхийн гадаа машинаа байршуулаад сүүдэрт сууж наадмын нээлт үзэхэд л 251000 болж байна. Ингээд зардалын хязгаар тулчихдаг бол яая даа гэхсэн. Нээлтийн дараа цэнгэлдэх тойрч хуушуур иднэ. Монгол хүн чинь наадмаар хуушуураа идэлгүй яахав гээд цагтаа 800 төгрөг байсан ч цадигаа алдаж 2500 төгрөгийн үнэд хүрсэн нар гийсэн хуушуураа хүн тус бүр дөрвийг идлээ гэхэд 40000 төгрөг болно. Мах нь гээгдсэн бөөн гурил горойтол идээд байлтай биш уух ус, ундаа авахад 20000 төгрөг.

Аяганы амсар зуусан хүн чинь олон түмэн наадамчдын дунд шунган энийг тэрийг сонирхон наадмаар гэсэн нэртэй ганц зураг даруулна. Олны хөлд хүүхэд сатааруулах тоглоом шоглоомхон бас авч өгнө. Ингээд хэдэн хуушуур идэж, ганц зураг даруулж, хэрэгтэй хэрэггүй хэдэн тоглоом авахад л 100000₮ болчихно. Наадмын эхний өдөр ингэсгээд өнгөрнө.

Хоёр дахь өдрөөс нь хавь ойрын хамаатан садантай нийлж соёолонгийн тоос үзэж жилдээ хэд хэд сэргээдэг хийморио сэргээнэ биз дээ. Хүй долоон худаг хүртэл ахиад 20000 төгрөгөөр бензин хийнэ. Очоод бас дөрвөн хуушуур, ус ундаа гээд идэж ууцгаана. Энэ тэрүүгээр явсаар нэг чимчигнэсэн айраг олоод уучихыг бодно. Архангайн айраг энэ жил нэг литр нь 10000 төгрөг, Булганых нь 15000 төгрөг. Олонхоо дагаад Булганыхыг нь авна биз дээ.

Ингээд хоёр өдрийн найман хуушуур, ус ундаа ийш тийш явсан зардал нь нийтдээ 426000 төгрөг үрэн таран хийж байгаа юм. Баян тарган улсад бол ганц дөмөгхөн шөлний хонь нүдээ аниад авчихад гарздахгүй л мөнгө. Хоёр өдөр наадамлаад боллоо гэх биш. Найз нөхдөөрөө нийлээд хөдөө гадаа, гол ус явж таарна. Очоод нэг хорхог боодог иднэ. Нэг хонь 250-350 мянган төгрөгийн ханштай. Хямдаас нь шилж авлаа гэхэд хажуугаар нь ногоо цагаа, ус ундаа гээд хээр гарсан хүн ганц “хундаганы юмаа” авна. Ингэж явсаар бас хагас сая орчим төгрөг өлхөн хүрчихнэ. Ингэж явсаар баярын амралтын өдрүүдээр бүтэн цалингаа барчихаж байгаа юм.

Амралтаа дуустал баярлана гэдгийг нь мэдэх “шагийнхан” тасалбар, зөвшөөолийг нь зүгээр байлгахгүй дээ. Өнөө муу дундын “Г” зөвшөөрөл чинь хүртэл од болчихсон үнэ нь тав нугараад 100 мянга хүрчихсэн давхиж явна. Баас хүртэл өөр дээр нь ялаа шаваад эхлэхээр өөрийгөө од гэж боддог гэдэг шиг л...

Баярлах дуртай монголчууд бид жил бүрийн долоодугаар сарын бүтэн нэг долоо хоногийг цалингаасаа ч илүүг үрж бандайтлаа идэж, байдгаа шавхаж баярлаж өнгөрөөдөг билээ. Өрх нь ингээд хэдийг үрж, хэдийг үлдээснээ арван хуруундаа тоолчихож байгаа юм. Харин улс нь тасалж тавьсан 5 тэрбумаасаа илүүг олсон уу, дутуудуулсан уу гэдгээ хэлээгүй. Тооцоолоогүй ч байж магад.

Та үндэсний их баяр наадмаар хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1