surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Цэрэгт явсан нөхөртөө намраас өмнө очоорой

Цэрэгт явсан нөхөртөө намраас өмнө очоорой

Хүн бүрт амьдралыг арай хялбар болгочихдог найз байдаг л биз. Миний яг тэр найз тийм л хүн. Элдэв асуудлын гарц шийдэл, асуултын хариулт бэлэн зэлэн байж байдаг. Ядаж цөхөх юмгүй. Хулгар чихтэй, хөрслөг бор арьстай, хар ажилд эвэршиж ширүүссэн гартай, чанга биетэй, буржгар халимагтай инээхээрээ нүд нь нарны цацраг шиг үрчлээтдэг залуу байлаа. Уйлж суухад нөмөр, уйтгарлаж суухад инээд болсон найз минь холдоод явчихаар хэсэгтээ эзгүйрсэн ч дасчихдаг л юм билээ. Чухамдаа тэр манай дээд курсын оюутан. Сайн ярьвал энэ хавар төгсчихсөн байх ёстой. Их сургуулиа төгссөн хойно цэрэгт явбал их утгагүй юм болно гэсээр өнгөрсөн намар алба хаагч болсон юм.

Цэрэгт л явахын хүслэн болсон найз минь албандаа мордоод арван сар болжээ. Анхандаа эргэлт л их хүлээдэг гээд хошуугаа унжуулж байсан хүн чинь яваад очиход их өсгөлүүн том болчихсон ч юм шиг санагдаж билээ. Олон сар барааг нь ч хараагүй найзаасаа бишүүрхээд ч байх шиг их сонин байв. Урьд хүзүү сээрээрээ хэлхэлдсэн нөхөд байлаа л даа. Оров ч гарав ч нэгнээ дагадаг, таг алга болчихвол тандаж нэгнээ сурагладаг нөхөд нэгнийхээ барааг харалгүй удчихаар бишүүрхэх нь аргагүй ч юм уу даа.

“Уйдах, уйтгарлах хоёр чинь өөр шүү дээ” гэхэд л эвий энд их ганцаарддаг байх нь гэж анзаарав. Арван сар айлын олон хөвгүүдтэй энэ тэнцүүхэн мөр зэрэгцэж өнгөрүүлсэн талаараа ярьж байна. “Хамгийн муугаараа байхад л хамгийн мундаг нь болчихоод байна” гээд л наанаа онгирч цаанаа хичээж л яваа аж. Дурлаж явсан албандаа дуртай байгаа нь илт. Байсхийгээд л хувцсаа засаж, биеэ цэхлээд л. Харахад ч урамтай юм аа. Халх хүү цэргийн дүрэмттэй хааяа хааяа цонх ширтэж, гэнэ гэнэ санаа алдмаар хүндхэн үгс унагаад л. Гэрээ санаад байгаа нь духан дээр нь илт бичээтэй шүү. Жижүүрт хоносон зарим шөнөдөө сэмхэн утсаар дүүтэйгээ ярьдаг гэнэ. “Үзэж, үнэрлэж, тэмтэрч чадахгүй байгаа ч сонсож байгаа нь аз юм аа” гэнэ. Ингэж л санасан сэтгэлээ дэвтээж санаагаа амраадаг биз. Айлын том болохоор ард үлдсэн хэддээ бас сэтгэл татлаастай ч байдаг байх.

Ажилд идэвхтэй, дотроо эвтэй байвал арай эртхэн халагдчих болов уу гэсэн горьдлоготой. “Энд л ёстой эр хүн болдог гэсэн” гээд л инээх. Байрнаасаа арай холдоод явахаар “хот холоос гоё харагддаг”гээд л Улаанбаатарын уугуул хүүхэд чинь шал хөдөөний ч юм шиг юм яриад л. Сэтгэл нь нэг л юм эрээд байх шиг.

Намрын сэрүүнээр мордсон цэрэг жавар буцахыг л хүлээдэг гэнэ лээ. Жаал хүлээчихвэл дараа намар мөдхөн ирчихнэ гээд гэгэлздэг гэнэ лээ. Өссөн тойром, тойрч нүүдэллэх уулс, танил амттай ээжийн цай, дэггүй дүүгийн сахилгагүйтэх, дотно нөхрийн мишээх төрхийг их санадаг гэнэ лээ. Тойрч суугаад инээлдэх өдрийг хүлээдэг гэнэ лээ. Сэтгэлт бүсгүй нь харцыг, хацрыг санадаг гэнэ лээ. Тэнд л яг хүлээхийн жаргал, уулзахын баярыг мэдэрдэг гэнэ лээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1