Юу дуртайгаа өмсөж, юу бодож байгаагаа шуудхан хэлж, юу хиймээр байгаагаа гүйцэлдүүлж амьдрах чин хүслээр дэвэрсэн “шинэ цагийн” хүмүүс. Ёстой л нөгөө дураараа “янзаганууд”. Тэдний амьдралын гол зорилго бол олон хүүхэд, сайн хань, овоолсон их мөнгөний аль нь ч биш. Тэд ердөө яг одоо цагтаа амьдарч, яг энэ мөчийг мэдрэхийг хүснэ.
ХАНГАЛУУН ОРЧИНД ӨССӨН ХАНГАЛТГҮЙ ХҮМҮҮС
Үе үеийнхэний ажлын байрнаас хүсдэг зүйл нь бүүмэрүүд одон медаль, иксүүд шиг хангалттай цалин, ийгрэгүүд л хүсэх өндөр албан тушаал гэж гоншигонохгүй. Бидний үеийнхэн ердөө дуртай зүйлээ хийж мөнгө олохыг хүснэ. Дөрвөн жилийн боловсролоор цаашдын дөчин жилийг төсөөлөх боломжгүй хүмүүс. Үргэлж ямар нэг зүйл хүсэж, түүнийгээ юу болохыг таньж мэдэхийн тулд хэсэгтээ алмайрч, өөрөөсөө залхаж, өөртэйгээ дайтаж дотроо өөрийгөө хэд хэд хуваачихаад аль нь “жинхэнэ” өөрийгөө гэдгийг ялгаж чадахгүй уйлагнаж суудаг улс. Бидний өссөн орчин бидний ходоодыг бондойлгож, сэтгэлийг өлсгөлөнд нэрвэгдүүлсэн ч юм шиг. Махыг нь зулгайж өсчихөөд өр лүү нь өшигчиж буйд хүлцэнэ биз ээ.
Хийхийг хүссэн зүйлээ олж мэдсэн цагтаа илүү ихийг, бүр илүүг хийхийг хүсдэг бидний нэг том сул тал бол хальсандаа тийчлэх эрвээхий болж гүйцээгүй авгалдайн араншин билээ. Томоор ярьвал бид захын газрын хүний нөөцийн шалгуурт хүрэх үү гэдэг л байгаа юм. Ажилд орж буй байгууллагаас авахаа бодохоос юуг хийж өгч чадах, өөрийнх нь юу давуу тал болохоо ам бардам хэлж чадах нь ховор биз ээ. Хүн угаас байгалиас өөрийгөө өөр нэгэнтэй ямагт харьцуулж байдаг ч гэлээ бид ажлын байрны шаардлагад, авах цалингийнхаа хэмжээнд хүрэх нь хэр вэ?
ШИНЭ ҮЕ ӨМНӨХ ҮЕЭСЭЭ ЯМАГТ ИЛҮҮ
Ажлын байрны туршлага дутмаг, мэдлэгийн цар хүрээ харьцангуй тэлж яваа ч гэлээ бид ямарваа нэг зүйлийн мөн чанарыг таньсан цагтаа чин сэтгэлээсээ гүйцэтгэхийг эрмэлздэг. Үүнээс үе хоорондын ялгаа байх болов уу гэж бодож байна. 2000-д оны залуус ажлын талбарт гараад ирсэн нь өмнөх үеийнхэнд өөрийнхөө хүүхэдтэй ойролцоо насны хүмүүстэй ажиллах “сонголтгүй сонголт” тулж байгаа юм. Ерөнхийдөө цалингийн төлөө ажилладаг хүмүүс хоббигоороо ажилладаг хүмүүстэй чанх урдаасаа хараад ойлголцох гэж “үйлээ үзэж байна” гэсэн үг. Одоо үед нийгэм, технологийн өөрчлөлт асар хурдацтай байна. Тэгэхээр өнөөгийн нийгмийн хамгийн сонирхолтой зүйл бол 4-5 үе хамт амьдарч байгаа тохиолдол юм. Өмнө нь 1-2 үеийнхэн буюу хөгшин, залуу үе л хамт амьдардаг байсан бол өнөөдөр 4-5 үеийнхний үе хоорондын зааг ялгаа гаргах бус хамтад нь нэг баг болгон ажиллах боломжийг тухайн байгууллага, компани гаргах ёстой юм. Нэг үгээр Чингис хааны хэлсэнчлэн “Сэтгэлийг нь барьсан цагт бие нь хаа одох вэ” гэдэг үгийг л мөрдөх нь зөв болов уу.
Бага цагаар, тогтмол цалинтай, ажлын цаг уян хатан, чөлөөт цаг идэвхтэй үлдэх тийм л нөхцөлийг хайгаад байна шүү дээ. Бага цагт ихийг амжуулах. Мэдээж энэ хүсэлд нь технологийн дэвшил хүч түрнэ. Технологийн хөгжлийг өөртөө давуутайгаар ашиглаж чаддаг нь ядаж нэг сайшаамаар зүйл юм даа.
“ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН БҮТЭН ЦАГИЙН ХҮҮХЭД”
Хятад улсад хөдөлмөрийн насны иргэд нь ажлаасаа гарч, салбараа сольж, ажлаасаа халширч буй тохиолдол энэ он гарсаар илт ихэсчээ. Учир нь 2023 он гарснаар Хятад улс “тэг ковид” бодлогоо зогсоож эргээд хэвийн амьдралдаа шилжсэн. Хэдэн зуун жил шиг урт санагдах ч гэлээ гурван жилийн хугацаанд гэртээ “бүгсэн” иргэд нь гэнэт “суллагдсандаа” хэт баярлан сэтгэлийн хөөрлөө худалдан авалт хийж, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн ихээр худалдан авах болж хэсэгтээ уналтад байсан эдийн засгаа сэргээсэн. Гэхдээ “уулын хүн” болохоо шахсан иргэд нь ажлын ачааллаа даах чадвар нь харьцангуй суларсан байна. Долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 9-11 хүртэлх уртасгасан цагаар ажиллахыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Үүнээс л болоод Хятадын ажиллах хүчний 16-24 насны залуучууд “тэтгэвэртээ гарсан бүтэн цагийн хүүхэд” болжээ. Ажлаасаа гарч аав ээждээ очин гэрийг нь цэвэрлэж, аягаа тавгаа угаан тэднээс зөвхөн хэрэглээнийхээ мөнгөөр цалинжин амьдарч байна. Зарим нь өндөр цалинтай ур чадвар шаардах ажлаасаа гарч, бага цалинтай биеийн хүчний ажил хийх нь ч ихсэж буй аж.
Өнөө үед манай улсын тал хувь нь залуучууд байгаа юм. Яг энэ нөхцөлийг л ашиглаж чадвал цаашдын 50 жилийн хөгжил үсрэнгүй байх болно. Хүн ам, хүний нөөц хоёроо ялгаж салгах хэрэгтэй. Хөдөлмөрийн насны ажил горилогчдын 10 хүн тутмын 2 хүн л ажлын шаардлагад нийцсэн байдаг аж. Тэгвэл 20-24 насны нийт 231,117 хүнээс хүний нөөцийн шалгуур хангах адаглаад 45 мянган хүн байгаа. Энэ хүмүүсийг, мөн дороос түрэн гарч ирж буй 15-19 насны 233,234 хүний хөдөлмөрийн чадварыг дотооддоо ашиглаж чадвал хожим бид Хятад улс шиг “дээш харж хэвтээд” амьсгалж л чадах хүмүүс бэлдэхээс сэргийлж чадна. Мэдээж үүний тулд Z үеийнхэнтэй “дундаа орж” найзлах хэрэгтэй.
Z үеийнхэн ажлын олгогчоос хүсдэг гурван зүйл гэвэл,
АЖИЛЛАХ ЦАГ, АМРАХ ЦАГ, АМЬДРАХ ЦАГ
Том багагүй бүгд л мэдэх пороро хүүхэлдэйн кинон дээр пороро, крон хоёр муудалцдаг юм. Пэти, Рүүди хоёр эвлэрүүлэх гээд баралгүй зөнд нь орхидог. Тэр орой нь Пэтигийн дээвэр эвдэрч Рүүдийгийн хонохоор болно. “Пороро, Крон хоёр муудалцах нь муухай” гэж ярьдаг хоёр маань ялих шалихгүй юмнаас болж муудалцан Рүүди Поророгийнд очиход өдөр нь хэрэлдэж байсан өнөөх хоёр жигтэйхэн сайн найзууд шиг эвлэрцгээчихсэн байдаг. Рүүди,
-Крон та хоёр байнга хэрэлддэг байж яагаад хамт амьдардаг юм бэ? гэхэд Пороро,
-Ганцаараа амьдрах чинь уйтгартай ш дээ хэхэ.
Элдэв эрээн уянгын халил гэхээс илүү бодит амьдралыг, бодитой үнэнийг хардаг үеийнхэн. Савангийн хөөсийн гол дүр байхаас илүү санаа зөв найз бидэнд хэрэгтэй. Дуртай зүйлээ хийж олсон мөнгөөрөө дуртай зүйлээ хийх л амьдралын зорилго байх. Магадгүй бүр зорилгогүй ч, учир утгатай өөртөө л гоё амьдарсаар дуусах биз. Дуусах хүртэлээ зүгээр л дуртай, дуртай, дуртай...
Диплом, гэрчилгээ, цалингийн нөхцөлөөр барьцаалж хөл туших биш сэтгэлийг нь л атгаж үлдэх хэрэгтэй. Нэгнээ илүү ойлгохын тулд л шинэ нэр томъёо зохиодгоос, нэгнээсээ ялгарахын тулд биш билээ.
ОДОО ХОЁУЛАА НАЙЗЛАХ УУ?
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ