surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Д.Дагвадорж : Шөвгөр зээрд, Яруу хээр гэх хоёр азарга маань надад заяасан ховор тохиох хурдан буянгууд байлаа

Д.Дагвадорж : Шөвгөр зээрд, Яруу хээр гэх хоёр азарга маань надад заяасан ховор тохиох хурдан буянгууд байлаа

Уул усны эцэг хангай гэгддэг Завхан аймаг эрэмгий хүчит бөхчүүд, шандаст хурдан хүлгүүд, эрдэмтэн мэргид, лам хуврагуудаараа алдартай. Тус аймагт Яруу хэмээх олон арван суут эрхмүүдийг өлгийдөн авсан сум бий. Тухайлбал Яруу суманд өнөөдрийн манай "Дуунд мөнхөрсөн хүлгүүд" нэвтрүүлгийн маань зочин Монгол улсын тод манлай уяач Д.Дагвадорж мэндэлсэн.  Тэрбээр бага балчир наснаасаа шандаст хүлгийн нуруун дээр өсч торнисон, хулсан ташуур зүүгээд Ардын наадмын цэнгэлдэхэд нутаг ус, нэр алдараа цоллуулж зогссон эрхэм билээ. "Монгол хүн мориндоо хайргүй байхын учиргүй. Алдарын малгай өмсөж, асрын урд цоллуулахаас илүүтэй Монгол өв соёлоо тээж, өв соёлдоо эзэн болж яваа уяачид олон бий" хэмээн хуучилж суугаа Д.Дагвадорж манлай Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор Шөвгөр зээрд, Яруу хээр хэмээх домог болсон хоёр хурдан азаргаа айрагдуулж төв асрын үүдэнд цоллуулж байсан түүхэн амжилтын эзэн. Ингээд бид МУ-ын тод манлай уяач Д.Дагвадоржтой хийсэн ярилцлагаа хүргэж байна.

СЭТГҮҮЛЧ: Энэ сарын 26-нд Завхан нутгийнх нь тэгш ой тохиож байна. Энэ жил нутгийнхаа ойд  хэдэн насны  морьдтой очих вэ? 
Д.ДАГВАДОРЖ:  Завхан нутгийн минь түүхт зуун жилийн ой, нар хур тэгширсэн сайхан жил тохиож байна. Ер нь ихэнх морьдоо нутгийнхаа ойг зорьж уялаа.  Харин улсын баяр наадмаар энэ жил азарга, их насны морь  мордуулсан азарга нь есөөр давхилаа. Их морьны маань хүүхэд унаад тодорхой амжилт үзүүлээгүй. 
СЭТГҮҮЛЧ: Азаргаараа алдартай Ажнай галынхаа талаар яриа дэлгэвэл
Д.ДАГВАДОРЖ:  Манай “Ажнай гал” нь Монгол дахь хурдан морьны хамгийн ууган гал. Данзаннямын Даваахүү, Өмнөговийн Д.Бат-Эрдэнэ бид гурав л голчилдог. Ер нь олон жил цуг морь уяад явж байгаа улс. Манай Ажнай гал 2012 оноос хойш завсаргүй улсын баяр наадамдаа азарга түрүүлж айрагдуулсан гал. Манайхаас МУ-ын зууны манлай уяач Д.Даваахүү ах  маань хамгийн олон азарга түрүүлгэсэн. 
СЭТГҮҮЛЧ: Таны хувьд Ардын хувьсгалын 95 жилийн түүхэнд тохиосон ховорхон амжилтын эзэн. Учир нь таны уясан Шөвгөр зээрд, Яруу хээр гэсэн хоёр азарга 2016 оны улсын баяр наадамд айрагдсан. Таны Шөвгөр зээрд азарга Монгол даяар цуутай хурдан хүлэг.
Д.ДАГВАДОРЖ: Тиймээ . 95 жилийн ойгоор 2 азарга маань дараалж ирсэн юм. Тэр хоёр сайхан буян маань надтай санамсаргүй таарсан.  Шөвгөр зээрдийгээ би их сонирхоод өөрөө араас нь утасдсаар байгаад Сүхбаатар аймгийн Асгат сумын Дугарын Баяраа гэдэг залуугаас авсан.  Тухайн үед Шөвгөр зээрд Дорнодын бүсэд айрагдсан юм. Тэгээд л би энэ зээрд азаргыг  авъя аа гэсэн битүүхэн бодолд дарагдаж явлаа. Төдөлгүй Д.Баяраа дүүд учраа хэлтэл “Зарахгүй ээ.  Манай сумын ой болно. Би сумандаа түрүүлгэмээр байна.” гэж билээ. Тэр үед би  “Ах нь, Монгол даяар нэрийг чинь дуурсгаад өгье. Чи зарахаар болвол ахдаа хэлээрэй” гэж хэлээд буцсан даа. Гэтэл тавдугаар сарын 30-нд Д.Баяраа залгаад “За ах та авбал ав даа адилхан моринд  дуртай хүн байна” гэж хэлж магнай тэнийлгэж байлаа. Ингээд зургаадугаар сарын нэгний өдөр очиж авсан юм.  Их хүсэж авсан хүлгээ тэр жилийн  наадамд мордуулж чадаагүй. Тухайн үед хөлнийх нь  сагаг бага зэргийн гэмтэлтэй байсан юм. Шөвгөр зээрд бид хоёрын анхны наадам “Говьшанх”.  Газар газрын хүлгүүдтэй уралдаж, магнайдаа тоосгүй түрүүлсэн. Түүнээс хойш Засгийн газрын тогтоолтой хамаг л том уралдаанд түрүүлж айрагдсан даа.


СЭТГҮҮЛЧ: Анх та зээрд морио соёолонд нь хараад авч байсанхэмээлээ. Ямар шинж нь  таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ? 
Д.ДАГВАДОРЖ:  Хурдан хүлгийн бүхий л шинж бүрдсэн сайхан адуу шүү миний шөвгөр чинь. Тоочвол олон сайхан шинж бий.  Ер нь миний шөвгөр надад ирсэн даруйдаа л  хурдалж эхэлсэн ховор төрөх хүлэг л дээ. /Хоолой зангирав/ 
СЭТГҮҮЛЧ:  Шөвгөр зээрд, Яруу хээрийнх нь удам угшлаас одоо улс бүсэд хурдалж байгаа юу
Д.ДАГВАДОРЖ:  Эрдэнэ болсон хоёр хүлгийн маань угшлаас одоо олон хүлэг хурдалж байгаа.  Намайг “Тод манлай” авахад  Шөвгөр зээрд, Яруу хээр хоёроос гадна тэдний удмын хурдан буянгууд л хувь нэмрээ оруулсан. Харамсалтай нь Яруу хээр маань олон жил уралдаж чадаагүй. Гэхдээ цөөн жил олон амжилт гаргасан. Бас би нэг зүйлийг ихэд бэлгэшээж явдаг юм. /зогсолт/ Шөвгөр зээрдээ эндсэний дараа Д.Баяраагийнд очиход “Та Шөвгөрөө эндээчихлээ. Би танд шөвгөрийн тань эцэг, эх хоёрыг өгье.” гээд сэтгэлийн үүдээ дэлгэж байлаа. Би одоо ч талархаж, бэлгэшээж явдаг.


СЭТГҮҮЛЧ:  Шөвгөр зээрд хэмээх хурдан хүлгээ дуунд мөнхөлжээ. Эл дуу бүтсэн түүхээс манай үзэгчтэй хуваалцвал
Д.ДАГВАДОРЖ:  Анх яруу найрагч Н.Баянмөнх дүү маань “Таны Шөвгөр зээрдэд зориулж дуу хийх гэж байна.” гээд үгийг нь бичээд ирсэн.  Тухайн үед дотроо ихэд талархаж “миний дүү аяыг нь гоё хийлгүүлчих. Тэгээд хоёулаа Төрмандахаараа дуулуулъя.” гэж хэлэхээс өөр сайхан үг олдоогүй. Шөвгөр зээрдийн маань дуу Говьшанхын наадамд түрүүлсний дараахан мэндэлсэн. 
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ 

 

ЯРИЛЦСАН Б.МӨНХ-ЭРДЭНЭ  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1