surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Чингис хааны Монголын эзэнт гүрнийг Хүннү гүрний шууд залгамжлагч хэмээн үзэх үзлийн тухай

Чингис хааны Монголын эзэнт гүрнийг Хүннү гүрний шууд залгамжлагч хэмээн үзэх үзлийн тухай

Төрийн ордонд  нээлтээ хийсэн Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ)-ны 12 дугаар Их хурлын салбар хуралдаанууд өдөр (2023-8-10) 14:00 цагт зарлагдсан байр танхимууддаа эхэлсэн юм. Тухайлбал, “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд” нэр дор явагдах нэг дүгээр салбар хуралдаан Чингис хааны музейн 9 давхар дахь хурлын танхимд болсон юм.

Энэ салбар хуралдааныг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж үг хэлж нээсэн юм. Тэрбээр ОУМСХ-ны 12 дугаар Их хурал 6 салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж байна. Энэ салбар хуралдаанд нийт 100 шахам илтгэл хэлэлцүүлэгдэхээр төлөвлөлөө. Монгол улс гадаадын 12 орны түүхч, архилогич, антарбилогч, эх бичиг судалдаг нэртэй ахмад, дунд, идэр залуу эрдэмтэд оролцож байна. Түүхийн салбарын “а” хэсгийн хуралдаан энэ танхимд “б” хэсгийн хуралдаан доод 6 дугаар давхарт зэрэг эхэлж байгаа. Манай түүхийн салбар хуралдаанд маш олон чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн түүхийн үечлэл, ойролцоо сэдвийн дагуу илтгэлүүдийг багцаллаа. Манай нэртэй эрдэмтэд хэсэг тус бүрийг даргална. Та бүхнийг өөрийн сонирхсон илтгэлээ тухлан сууж сонсохыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ өдөр тухайн салбар хуралдаанд:

  • 0 Borjigidai Oyunbilig (Chinа). The Painted Scroll of Altan Khan and the Kökeqota City in 1580
  • Mацукава Такаши (Япон Улс). Чингис хааны Монголын эзэнт гүрнийг Хүннү гүрний шууд залгамжлагч хэмээн үзэх үзлийн тухай илтгэж хэлэлцүүлээ.
  • Ц.Цэрэндорж (Монгол Улс). Солонгосын албан түүхийн сурвалж дахь XV-XVIII зууны Монголтой холбоотой мэдээ баримтууд (“Вангийн нарийн бичгийн газрын өдрийн тэмдэглэл”-ийн жишээн дээр)

Mацукава Такаши илтгэлдээ, “Өнөөгийн Монгол улсад Чингис хааны Монгол улс, Хүннү гүрний залгамжлагч гэсэн ойлголт, цаашлаад монголчууд бид Хүннүгийн үр сад мөн гэсэн ойлголт дэлгэрч байна. Тэгвэл “Монголчууд бид Хүннүгийн үр сад мөн” хэмээх түүхэн үндэслэл хаана байх вэ? Монгол хэл дээрх хэрэглэгдэхүүн, 13-14-р зууны үед бүтээгдсэн Монголын нууц товчоо гэх зэрэг сурвалжуудад Хүннү, Шаньюйн тухай дурдагдсан зүйл олдохгүй. Үүний нэгэн адил тухайн үеийн Перс, Төвөдийн түүхийн сурвалж бичигт ч гэсэн Хүннү нар Монголчуудтай холбоотой байсан тухай ямар ч тайлбар байдаггүй. Хятадын түүхийн материалд л холбогдолтой тэмдэглэл мэр сэр байдаг. Энэ тухай Монгол улсын зарим судлаач Чингис хаан 1218 оны зун Хятадын Дао шашны лам Чанчунь бомбыг урихаар илгээсэн хятад хэл, ханз бичгийн нэгэн зарлиг захидалд анхаарлаа хандуулж, тэр захидал дотор Чингис хаан бээр “Манай Шаньюйн улс...” гэж хэлж буйг онцгойлон тэмдэглэж, “Чингис хаан, бид бол эртний агуу их нүүдэлчин угсаатан Хүн нарын удам хойчис мөн гэж батлан илэрхийлжээ” гэж үзэв.


Гэвч энэхүү Хятад хэлний зарлиг захидлыг Чингис хаан бүтээгээгүй, харин Хятадын тал (Дао шашны Чуаньженьжао урсгалынхны тал) бүтээсэн байх магадлал өндөр байна. Үүний учир шалтгааныг энэхүү илтгэлд дэлгэрэнгүй авч үзэх бөгөөд дүгнэвэл, гагцхүү “Манай Шаньюйн улс...” гэсэн илэрхийлэлд тулгуурлан Монголын эзэнт гүрний үеийн Хүннүгийн үзэл бодлыг хэлэлцэх нь жаахан зоригтой санагдахгүй байхын аргагүй. Цаашид 13-14-р зууны үеийн сурвалж бичиг дотор “Хүннү”, “Шаньюй” ба тухайн үеийн Монголын төр засгийн хоорондын уялдаа холбоог нарийн судлах шаардлагатай юм” хэмээн онцолжээ.


Түүний дээрх илтгэлтэй холбогдуулан “Елюй Чуцай захидлыг өөрөө бичсэн юм шиг тэмдэглэлд гардаг шиг санагдаад байна. Яг одоо тодорхой санахгүй юм. Та үүнийг юу гэж үзэж байна вэ” гэсэн асуулт гарсан юм. Энэхүү асуултад илтгэгч “ Чанчунь бомбын баруунш аялсан тэмдэглэл"-д Чингис хаан Чанчунь бомбо хоёрын уулзаж байх үед ярьсанг Шадар сайд орчуулсан тухай тэмдэглэлд байдаг. Тэр дотор ийм юм байхгүй. Өнөөдөр миний дурдсан захидал агуулгын талаар нэг дүгээр захидалд дурдаагүй. Тийм учраас хожуу үед Дао шашны Чуаньженьжао урсгалынхны тал нь зориуд зохиосон юм уу, Елюй Чуцай хойно хожуу зохиосон юм уу гэсэн тийм таамаглал дэвшүүлж байгаа юм” гэсэн хариулт өгч байсан юм. Энэ мэт илтгэлийг сонсож хэлэлцүүлэх үйл ажиллагаа Их хурал дуустал буюу энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1