surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

CNN: АНУ-ын Хавай мужийн эрх баригчид гал түймрийн аюулыг дутуу үнэлсэн тухай мэдээллээ

CNN: АНУ-ын Хавай мужийн эрх баригчид гал түймрийн аюулыг дутуу үнэлсэн тухай мэдээллээ

АНУ-ын Хавай мужийн Мауй нь 164 мянга гаруй хүн амтай, Хавай мужийн хоёр дахь том арал бөгөөд өнгөрсөн мягмар гарагт гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо өнөөдрийн /2023.08.14/ байдлаар 93-д хүрчээ. Энэ түймэр АНУ-ын сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн их хор хохирол учруулсан байгалийн гамшигт тооцогдож байна. Одоо мужийн эрх баригчид сураггүй болсон хүмүүсийг аврах, эрэн хайх, гамшигт хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах, хот сууринг сэргээн босгох, гамшгийн үед орон нутгийн засаг захиргаанаас авсан арга хэмжээг нягтлан шалгах гэсэн дөрвөн чиглэлд төвлөрч ажиллаж байна. Энэ үеэр гал түймрийн аюулыг удаан хугацаанд дутуу үнэлсэн нь гал түймэр их хэмжээний хохирол учруулсан гол шалтгааны нэг гэж CNN мэдээллээ.

Мужийн онцгой байдлын газрын өнгөрсөн онд гаргасан тайланд цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэргийг хамгийн аюултай гэсэн ангилалд, харин галын аюулыг ноцтой гамшгийн жагсаалтад оруулаагүй юм байна. Одоо АНУ-ын нийгэмд яригдаж байгаа нэг чухал зүйл нь Хавай мужийн эрх баригчид гал түймрийн үеэр шуурхай ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч чадсан уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Одоогоор гал түймрийн шалтгааныг далайн шуурганаас үүссэн хүчтэй салхинаас үүдэлтэй гэж үзэж байгаа ч оршин суугчид гамшгаас сэргийлэх анхааруулга дохио бараг өгөөгүй гэж гомдол гаргаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл  гамшгаас сэрэмжлүүлэх зорилгоор арлын эргэн тойронд байрлуулсан дуут дохио саяны гамшгаар дуугараагүй юм байна.

Мужийн онцгой байдлын газар иргэдийн гар утас руу сэрэмжлүүлэг мессеж илгээж, телевиз радиогоор гамшгаас сэргийлэх мэдээ дамжуулсан ч гал түймрийн улмаас иргэдийн эрчим хүчний хангамж, харилцаа холбоо тасалдаж, шуурхай мэдээ, гамшгаас сэргийлэх анхааруулга хүлээж авах боломж бололцоо хязгаарлагдмал байжээ. Иймээс гал түймрийн үеэр болон дараа нь орон нутгийн засаг захиргаа ямар бодлого барьж, ямар шийдвэр гаргаж ажилласныг нягтлан шалгаж байгаагаа Хавай мужийн ерөнхий прокурорын газраас мэдэгджээ. АНУ-ын Хавай мужийн Лахайна хот гал түймрийн гол голомт болсон юм байна. Эрх баригчид гал түймрийн үеэр сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааны хүрээг өргөжүүлж байна. Тухайлбал сураггүй болсон хүмүүсийг эрэн хайхад дайчлах үнэрч нохойны тоог нэмэгдүүлэх, сураггүй болсон иргэдийн ар гэрийнхнээс ДНК-ийн шинжилгээ авахаар болжээ. Аврах, эрэн хайх ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлснээр гамшигт амиа алдсан хүний тоо цаашид өсөх төлөвтэй байна. Одоогоор түймрийн голомт Лахайна хотын дөнгөж 3%-д нь л эрэн хайх ажиллагаа явуулжээ. 

Хоёрдугаарт гал түймрээс амьд гарсан хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэлзүй, орон гэр, хоол хүнсээр хангах чиглэлд төвлөрч байгаа юм байна. Одоогийн байдлаар Мауй аралд орон гэрээсээ дүрвэсэн 4500 гаруй хүнд түр амьдрах орон байр шаардлагатай байгаа. Тэдгээр иргэнийг түр байрлуулах зорилгоор зочид буудлуудад 1000 гаруй өрөө гаргасан байна. Мөн сэргээн босголтыг богино хугацаанд хийхээр зорьж байна. Ойролцоогоор 850 гаруй га газарт 2200 гаруй байшин барилга галд сүйдэж, түүхэн дурсгалт Лахайна хотыг сэргээн босгох зардал 5,5 тэрбум ам.долларт хүрэхээр урьдчилсан тооцоо гарсныг Холбооны онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1