surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө

Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг анатомийн гэх мэт 11 багц тоног төхөөрөмж багтсан. Гүйцэтгэгч компаниудын зүгээс тоног төхөөрөмжийг угсарч суурилуулж, хэрхэн ашиглах талаар холбогдох эмч, ажилтнуудад заавар зөвлөгөө өгч сургалт хийсэн байна.

Цогтцэций сум нь хүн амын төвлөрөл ихтэй  уул уурхайн бүс нутаг. Тэр утгаараа сумын Эрүүл мэндийн төвд орон нутгийн иргэдээс гадна  уул уурхайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон манай компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч нийт 9000 гаруй ажилтан эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авдаг. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Н.Анун:  “Манай компани сум орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлыг Өмнөговь аймагтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад эрүүл мэндийн салбарт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Манай компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын Хөгжлийн бодлогод тусгасны дагуу Цогтцэций сумын төвийг 51000 хүн ам бүхий орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулан аймаг сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн.Тиймээс цаашид хүн төвлөрөл нэмэгдэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэх шаардлагатай болно. Иймд энэхүү эмнэлгийн нийт тоног төхөөрөмж Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд зайлшгүй шаардлагатай гэж үзэж манай компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж байна” гэлээ.

Цогтцэций сумын засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх:  “Цогтцэций сумын эрүүл мэндийн төв 2016 онд ашиглалтад орсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт хийдэгч 50 ортой том эмнэлэг учир техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Амартүвшин: “Манай эмнэлгийн хувьд түүхэнд тэмдэглэх онцгой үйл явдал тохиож байна. Сумын эрүүл мэндийн төвд орчин үеийн анагаах ухааны иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд Цогтцэций сумын нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Цогтцэций сум нь 9000 орчим хүн амтай хэдий ч уул уурхайг дагасан хүний тоо 20 орчим мянгад хүрдэг байна. Хүн амын төвлөрлийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүний тоо тасардаггүй. Зөвхөн яаралтай хагалгаа гэхэд жилдээ 70-80 орчим хүнд хийгддэг. Хагалгааны хэсэг 2013 оноос хойш шинэчлэгдээгүй байсныг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олгож буй тоног төхөөрөмжөөр шинэчилж байгаад талархаж буйгаа сумын Эрүүл мэндийн төвийн дарга хэлж байлаа. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1