surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Тамхи гоо сайхныг гутаана, тамхи эрүүл мэндэд хортой, тамхи үхлийн хор мөн, тамхи үхжил үүсгэнэ, тамхи хорт хавдар үүсгэнэ, тамхи бэлгийн сулрал үүсгэнэ, тамхи үргүйдэлд хүргэнэ...

Тамхи гоо сайхныг гутаана, тамхи эрүүл мэндэд хортой, тамхи үхлийн хор мөн, тамхи үхжил үүсгэнэ, тамхи хорт хавдар үүсгэнэ, тамхи бэлгийн сулрал үүсгэнэ, тамхи үргүйдэлд хүргэнэ...

20-р зууны үеэс хүчээ хурдацтай авсан “Тамхи” гэх мансууруулагч өнөөгийн “Ухаалаг утас” шиг л нийгмийг өөртөө татсаар байна. Энэ үерийн замаар өсвөр насны олон охид хөвгүүд живж байгаа нь хэн бүхний нүдэнд илхэн харагдана. 
Дэлхийн хамгийн их тамхи татдаг 10 орны жагсаалтад Монгол Улс багтдаг. Манай улсад Тамхины хяналтын тухай хууль 2005 оноос хойш хэрэгжээд өдгөө 18 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд уг хуульд 2012, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 
 

Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.7-д заалтаар 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахыг хориглох заалт байдаг. Мөн 6.7.8-р заалтад тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдахыг хориглосон. 

Өнөөдөр Монгол Улс дахь тамхидалтын хэмжээ буурах биш харин ч өссөөр байна. Энэ нь тамхи худалдагчдын хувьд бизнесийн орлогын томоохон хувийг бүрдүүлэх болжээ. Улмаар тамхины худалдааг сургууль, цэцэрлэгийн ойр зарахгүй байх зохицуулалт түцний лангууны ширээн дор хэрэгжихгүй явна. 

Хууль байсаар байтал утаанд дурлагсад олширсоор л байх юм. Энэ талаар тамхи татдаг цөөнгүй хүүхдээс асуухад найз маань татдаг учраас би татдаг, сүртэй харагддаг, тайвшрахын тулд гэх юм. Бас үнэ нь ч хямд учир сонирхсон ямар ч хүүхэд авч татах боломжтой гэсэн хариултыг өгч байсан юм. 

 

2003 онд Монгол улс Дэлхийн залуучуудын тамхины судалгаанд оролцсон бөгөөд уг судалгаанд Нийслэлийн ЕБС-ийн 13-15 насны 4000 орчим хүүхэд хамрагдсанаас 15,5 хувь нь тамхи хэрэглэдэг байсан байна. Мөн судалгаанд хөвгүүд охидоос хоёр дахин их тамхи татдаг гэж тогтоогджээ. Үүнийг Монголын Адвентист Чуулганы Эрүүл Мэндийн Хэлтэс болон Монголын Үндэсний Телевизийн хамтын бүтээл "Тамхины хор хөнөөл"-д дурдсан байдаг. 

2013 онд ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ зэрэг байгууллагуудын хийсэн халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтын талаарх судалгаанаас авч үзэхэд Монгол улсын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг гэж тогтоогджээ. Үүнээс эрэгтэй 49,1 хувь, эмэгтэй 5,1 хувь нь тамхи татдаг байжээ.

Тамхи нь эрүүл мэнд, гоо сайхан гэх мэт олон зүйлсийг үгүй хийдэг. Өнөөгийн нийгэмд өөрийгөө огтхон ч анхаардаггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Эмэгтэй хүн болж төрсөн хүн бүр л хөлийн улнаас толгойны үзүүр хүртэл үзэсгэлэнтэй байх гэж хичээдэг. Гэвч тэдний энэ хөдөлмөрийг тамхи гэдэг зүйл хоромхон төдийд л үгүй хийсээр байна. 

Таны хүүхэд өнөөдөр тамхи татдаггүй гэж хэлсэн үү. Тэр танд хэзээ ч худлаа хэлж байгаагүй юу? Тийм бол магадгүй итгэж болох л юм. 


Хүн амын нас баралтад нөлөөлж байгаа 10 хүчин зүйлийн хоёрдугаарт тамхи ордог байна. Өөрөөр хэлбэл тамхинд 4000 орчим химийн бодис агуулагддаг. Тэрхүү бодисууд нь донтуулах, шатаж дэлбэрэх, хавдар үүсгэх, шууд үхэлд хүргэх бодис гэсэн дөрвөн ангилалд хуваагддаг. Тэдгээр бодисуудаас дурдвал: Никотин, жоомны хор, будаг арилгагч буюу ацетон, пуужингийн түлш метанол, асаагуурын шингэн бутан, хийн хор, цагаан эрвээхийний өндөг устгагч гэх мэтчилэн багтдаг байна. Эдгээр бодисоос хамгийн хортой бодисийг нь никотин гэж судлаачид үздэг. Тус бодис ус тосонд уусдаг тул ам хамар салстаар амархан нэвтрэн амьсгал, бөөр, шүлсээр ялгардаг байна. Энэхүү бодист ялангуяа эмэгтэйчүүд ихээр донтдог. Үүнээс болж арьс үрчлээтэх, хөгшрөлтийн явц хурдсах, нүдний доогуур хөх туяа үүсэх, хуруунаас муухай үнэр үнэртэх, сарын тэмдэг ирэхгүй болох, үр зулбах болон дутуу төрөх гэх мэт дуусашгүй олон асуудлууд эмэгтэй хүнд тулгардаг гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас онцолдог. Та сонсоод ч итгэхгүй байна уу? Энэ чинь л таны тэгтлээ өдөр хоног алгасаж чадахгүй шунан дурлаад байгаа тамхи юм. Эдгээрийг сонсож мэдсэн хэрнээ татах хүсэл тань байсаар байгаа бол таны тархи аль хэдийн гэмтсэн байж болзошгүй. Та тамхийг биш тамхи таны амьдралыг бага багаар сорсоор байна. Үүнийг татах үед 250 орчим бодис нь хүний биед шингэдэг. Магадгүй та 4000 гэх тооноос хамаагүй бага юм гэж бодож болох ч ямар эрсдэлүүд дагуулж байдгийг нь хараахан төсөөлөхгүй. Яагаад гэвэл тамхи нь 40 гаруй төрлийн эмгэг үүсгэдэг. Жишээлбэл: Уушгиний хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, зүрх судасны эмгэг гэх мэт. Энэ бол дөнгөж л наад захын эхлэл. Бид тамхи хүний биед хортойг мэддэг. Гэвч борооны дараа цув нөмөрнө гэдэг шиг өөрөө өвчилж байж л сая нэг буруу зүйл хийсэн гэдгээ ухаарах юм гэж үү... 

Дэлхий дээрх нэг тэрбум тамхи хэрэглэгчдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тамхи үйлдвэрлэгчдийн эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлоготой хамааралтай гэнэ. News.gogo.mn сайтийн мэдээлснээр тамхинаас хамааран нас барж байгаа хүмүүсийн тоог эмэгтэйчүүдээр нэмэгдүүлэхийг хичээж байна гэжээ. Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс давуу байдаг болоод тэр үү... Эмэгтэй та энэ хөнөөлт бодлогын нэгээхэн хэсэг болох, болохгүй нь таны л сонголт. 
Энэ асуудал хувь хүний ухамсар болон худалдагч нарын шударга үйлдлээр тогтоогдоно. Мөн тамхины татвар ч энэхүү эрчээ авсан эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад нэмэртэй. www.icon.mn сайтын мэдээлснээр 2018 оноос тамхины татвар 350 төгрөг буюу 10 хувиар өснө. Цаашлаад 2019 оноос 4.4 хувиар,  2020 ба түүнээс хойш 4.5 хувь өснө гэж мэдээлсэн байдаг. Гэсэн хэдий ч тамхиний үнийн өсөлт хуучин байснаасаа нэг их өссөнгүй. Хэрэв татварын үнэ нэмэгдэж тамхи үнэтэй болвол сайн ба муу гэсэн хоёр талтай байж болох юм. Сайн нь гэвэл тамхи худалдан авагч өнөөдөр таван тамхи худалдан авах мөнгөөр гурван тамхи л авч хүрнэ. Энэ нь тэдний санхүүгээр дамжуулан тамхины хэрэглээг нь бага ч болов бууруулж байгаа явдал юм. Харин муу нь гэвэл энэхүү хорт бодист донтсон хүн таван тамхиа авахын тулд санхүүгээ улам дордуулна. Тэгэхээр тамхинд ногдуулах татвараа нэмэхийн зэрэгцээ хуулиа ч чангатгавал иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.

Монгол Улс утааны асуудлаа ч шийдээгүй байж нэмээд утаат хорт бодисоо тараагаад байвал одоогийн байдлаасаа улам дордож амьсгалах агаар бүхэн минь хор болж хувирах вий.
Сонголт таны гарт...
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1