Эрүүл мэндийн салбарын доройтол ялзрал эрдэнэт хүний амиар тоглосоор байх уу?
Хөдөө орон нутгийн ард иргэд маань ийнхүү ялзарсан тогтолцоо, чанаргүй боловсрол, хариуцлага ёс зүйгүй мэргэжилтэн нэртэй диплом өвөртөлж, нам дагаж суудал бөглөсөн хүмүүсийн хохирогч болсоор байхуу?
Алслагдсан орон нутгийн эмнэлгийн байгууллага, төрийн байгууллагын ялзралын гэрч болсон нэгэн Монгол иргэний, Монгол ах дүүсийн ҮНЭН болоод ГАШУУН бичвэрийг та бүхэндээ хүргэж байна.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат иргэн Цагааны Ганболд:
Нарт хорвоод зулай зулайгаа гишгэн ирсэн ч насан хутгийг цаг бусаар олсон дүүдээ харамсахуй, халаглахуй доор...
Их зориг гарган бичив, Би. Та бас их зориг гарган уншим уу?
Эрик Фон Деникин.
Нэгэнт өнгөрсөн дүүгээ (Цагааны Мөнхбаяр-Бигэр сумын ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн агсан) бодохоор хүрэл зүрх ч хайлна гэдэг болоод л байна аа.
Хөдөө орон нутгийн маань иргэд өөрсдийн боломж бололцоогоороо, бор зүрхээрээ л амьжиргаагаа залгуулж явна. Тэд маань төрөөс нэг их юм шаардаагүй бөгөөд орон нутагт хамгийн их шаардагдаж байгаа зүйл, орон нутгаасаа дайжин төв суурин газар бараадахад нөлөөлж буй гол асуудал бол эмнэлгийн үйлчилгээ, чанар, анхан шатны тусламжийг цаг алдалгүй авах хийгээд эмч нарын мэргэжлийн ур чадвар, харьцаа хандлага, ёс суртахууны асуудал юм байна гэдгийг л сая ойлголоо.
Бигэр сумын сум дундын эмнэлэг чинь сумынхаа хэдэн иргэдэд байтугай тойргынхоо хэдэн сумдад хүрч ажилладаг нэртэй алдартай, Гарьд, Ардын эмч Бордух нарын цуутай эмч нарын үлдээсэн баялаг өв уламжлалтай эмнэлэгсэн. Энэ түүх, уламжлалыг сануулан 3 үеийн эмнэлгийн барилга байсаар л байна. Байшин барилга нь өнгө зүс орж, тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаач энэ сайхан барилга дотор байгаа хүмүүсийн байдал, хандлага барилгаа гутааж байна даа.
Сум орон нутгийнхаа байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд ажил, амьдралаа зориулсан, нутаг орон, ус, ургамал, мэргэжилдээ үнэхээр хайртай, найз нөхөд, нутаг усандаа нэр хүндтэй, эгэл даруухан дүү минь ид ажиллах, амьдрах, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, сайн сайхныг нь үзэх насан дээрээ, насаараа зорьсон ажлын нь үр дүн гарч, наминчлан сүсэглэдэг Бурхан буудай уулыг нь төрийн тахилгатай болгосон зарлиг гарсан тэр мөчид, эмнэлгийн ажилчдын ёс зүйгүй, мэргэжлийн ур чадваргүй байдал, хүйтэн хөндий хандлага, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадаагүй хүйтэн цэвдэг байдал, яаралтай тусламжийн эм тарианы нөөцгүй "гуйрамчин байдал”, “ядуу сэтгэлгээний хохирогч" боллоо гэж үзэж байгаа. Бурхан болохынхоо урд өдөр эмнэлэгт хандахад даралтыг нь үзсэн болоод л буцаасан ба өглөө нь дахин ирэхэд мөн адил ганц эм залгиулж, ганц тариа хийгээгүй, ганц панангин хийгээд өгөөч гэхэд нь “байхгүй” гээд, ямар нэг зөвлөгөө өгөөгүй гаргасан байх ба гэртээ ороод л өнгөрсөн байдаг юм. Ямар арга барсандаа л өөрөө дахин дахин эмнэлэгт найдаж, бараадах вэ?. Ядаж ганц эм залгиулаад, ганц тариа тарьсан бол яах байсан бол гэдэг харамсал гол гогдсоор...Хариуцлагагүй гөлгөр эмч нэртэй новш оо. Чи дүүгээс минь гадна настай ээжийг минь давхар алж, биднийг, үр хүүхдийг нь давхар давхар хохироож байгаагаа ойлгож байна уу?. Чиний нэг минутын хариуцлагагүй байдал, нэг ч нөөц эм тариагүй гуйлгачин байдал чинь олон хүнийг ийн хохироож байгааг ойлгож байна уу?.
Энэ сумд яг ингэж хүний алтан амийг үл хайхарч, хохироож байгаа явдал бол эхнийх нь ч биш, бас эцсийнх нь ч биш. Хэд хэдэн удаа давтагдаж байгаа явдал юм билээ. Нутаг орныхон нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа, захын хүн л заналтайгаар хүүрнэх юм билээ.
Орон нутаг, хилээр тэнэж явдаг явуулын мань мэтэд ингэж хандсан бол дүүрч гэхсэн даанч яав аа, нэг хонхорт төрж өссөн, нэг дор хамт төрийн албанд зүтгэж яваа нөхөр чинь, насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн Монгол Улсын иргэн нь шүү дээ.
Нэг их л Гиппократийн тангараг өргөсөн гэж хэнхэлдэг цээжээ дэлдэх ч байгаа бодит байдал яг дээрх шиг. Над 49 хоногийг хүлээх байтугай 49 цаг, 49 минут ч тэсэх боломж алга өө, гэхдээ ёс заншлаа хүндэтгэн хүмүүн бусын тэвчээр заан энэ хоногуудыг өнгөрөөгөөд байна. Нэг асуудлыг дагаад л нөгөө асуудал урган гардаг нь жам ёсны асуудал аа.
Их Нацагдоржийн бичсэнчлэн "Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа" яг л 70, 80 жилийн өмнөх хэвээр.
Нэгэн зүйл. Төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Манай улсын хувьд 1992 оноос хойш зүрх судасны өвчний улмаас нас барах нь нийт нас баралтын шалтгааныг тэргүүлж буй гэдгийг бүх шатны эмнэлэг, эмч, мэргэжилтнүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч орон нутгийн эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэг хийх ганц аппарат алга. Цээжин дээр дарж зүрхээр өвдөөд байна гэхэд нь зүгээр байна гээд явуулдаг эмчтэй л байна. Хэддүгээр зуунсан билээ.
Мөн зундаа 30-45 хэм хүртэл халдаг орон нутаг дахь эмнэлэг зориулалтын хөргөгч - морггүй юм байна шүү дээ. За эмнэлэг нь ийм, эмгэнэлт байдал боллоо гээд эвлэрдэг юм байж, гэтэл талийгаачаа монгол ёсоор ёс төрийг нь хийгээд хөдөөлүүлэх болоход ийм халуун газар үнэхээр асуудал үүсгэж байна аа. Төр ийм хэрэгслээр нь ядаж эхний ээлжинд үхсэн нь байтугай амьд нь ч тэсэхийн аргагүй халдаг Бигэр, Эрдэнэ, Шарга, Халиун, Алтай, Баянтоорой сумдын эмнэлгийг хангамаар юм, эсвэл зуны улиралд үхэж болохгүй хэмээн зарлиг, тушаал гаргах эсвэл үхэхгүй болтол төрийн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Харин Цээл суманд байдаг юм байна шүү. Хэн ажлаа эзний ёсоор хариуцна, хэн хүнд хүний ёсоор хандана, тэнд аливаа юм жам ёсоороо явагддаг болой.
Говь-Алтайн нэртэй, Их хуралд нэр дэвшинэ хэмээн сэрүүн зүүдэлж яваа Эрүүл мэндийн сайд асан, одоогийн дэд сайд С.Энхболд та энэ асуудлыг шийдээч гэж гуйя. Их хурлын сонгуулийн өмнө эргээд уулзах нүүр чинь бардам байхын тулд энэ хэдэн эмнэлгүүдээ мини моргоор хангачих, эсвэл эндсэн өдөр нь нар жаргахаас өмнө оршуулдаг исламын шашны зан үйлийг дэлгэрүүлэх талаар санал санаачлага гаргачих, эрхэм сайдтан.
Танай эмч нар чинь төр засгийн “Хэмнэлтийн” бодлогыг мугуйдлан хэрэгжүүлж, 10000 төгрөг хүрэхтэй үгүйтэй үнэтэй “Калийн смесь болон хордлого тайлах ренген шингэн”-ийг тань хүний амь үрэн үрэн хэмнэж байна.
Нэгэн зүйл. Сумын төвийн золбин муурнуудаа устгаач ээ. Зараа мэт зэрлэг амьтдыг нь орхие. Золбин муур, нохойн асуудлыг сумын байгаль орчны байцаагч хариуцдаг учир өөрөө шийдчихээд үхэхгүй яасан юм гэхгүй биз дээ. Холоос яаруу сандруу, ядарч зүдэрч, санаа сэтгэл дэгэн догон ирчихээд л ээлжлэн “энэ этгээдүүдтэй тулалдаж” хэд хонов...Мөн арчилж, агуулж чадахгүй байж амьтан тэжээж яах ч билээ, эзэнтэйд нь.
Нэгэн зүйл. Төр, шашин заагтай ч бие биенээ дэмжинэ гэсэн төрийн бодлого бий хэдийч орон нутагт чинь бас л шалдар булдар хэвээр. Их хурлын гишүүн Раднаасэдийн дэмжлэг туслалцаагаар орон нутагт “ганц гялайж гялтайх” зүйл буддын шашны хийд байгуулагдсанд талархууштай ч ганц хамбатай, энэ нь хаа ч хүрдэггүй, тогтмол цалин хөлсгүй нь хүнд байдаг бололтой. Монголын Буддын шашны төв Гандантэгчилэн хийдээс цалинжуулах ёстой мэт. Нэгэнт л монголчууд уламжлалт дэг жаягаа барьдаг, хүндэлдэгээс хойш орон нутгийн уламжлалт шашны сүм хийдүүдэд төрийн дэмжлэг туслалцаа оролцоо зайлшгүй шаардлагатай байна. Хийдийн ганц хамба лам л зовлон тохиолдсон нутгийн иргэддээ ээлтэй хандаж байна даа. Хамба лам бурхан болооч дүүгийн минь тусламж дэмжлэгтэйгээр хийдийн гадна 2 ч худаг гаргуулсан, хийдийг тойроод сайхан зулзаган цэцэрлэг, хүлэмжтэй болсондоо сэтгэл хангалуун байдгаа бидэнд дуулгаж, “Дүү тань буян их хийсэн хүн дээ” хэмээн аян замын ерөөлөө хайрлан үлдсэн дээ. Зэргэлдээх Цогт сумаас багын анд Ё.Лувсанжамц хамбыг залж, ёс төрийг бүрэн гүйцэтгэсэнд талархаж байгаа. Анд минь бидний сайн, муу бүхэнд л явж, тусалж, жаргал, зовлонд хамт байдагт баярладаг шүү.
ОХУ-ын Буриад улсад тосгон суурин болгонд төрийн төсөв хөрөнгийн туслалцаатай сүм хийдүүд байгуулагдаж, үндэсний соёл, шашин нь илт сэргэж байгааг бүгд мэдэж байгаа.
Нэгэн зүйл. Орон нутгийн хөгжилд, орон нутгийн иргэдэд хүртээлгүй бол нутаг усаа сэглүүлж, гадны ганц нэг хулгайч луйварчдыг цулайлгаж байх шаардлага байдаг юм уу. Сумд орон сууц барьж байгаа, орон нутгийн иргэдээс ажиллуулж байгаа гэж их гийгүүлсэн юм ярих байхдаа. Орон сууцыг чинь авах орлоготой хүн байхгүй байна шүү дээ.
Хэдийгээр унасан нутгийн минь боловсрол нимгэн, жалга довны үзэлт зарим удирдлага нутгийн түүхээс хасаж ханддаг ч миний бие боломжийнхоо хэрээр нутаг ус, нутгийн олондоо тусалж нутагсаж ханддаг. Үр хүүхдүүддээ ч энэ хандлагыг өвлүүлж яваагийн хэрэг, охины маань компани орон нутгийн эрхэлсэн ажилгүй залуусыг Солонгос улсад ажиллах асуудлыг хөөцөлдөн шийдвэрлэж, цаашид энэ ажлыг өргөжүүлэхээр хичээн ажиллаж байна.
“Эрх чөлөө” нэгдлийн үүсгэл, суурь, хуримтлал, хөрөнгө дээр Бигэр сум оршин тогтож байгаа нь ч маргашгүй үнэн, “Эрх чөлөө” нэгдлийг анхлан санаачилж, хөрөнгө малаа нийлүүлсэн анхны 7-н гишүүний 4 нь бидний эмээ Д.Замбага, нагац эгч Д.Нанжид, нагац ах Т.Мохоороодий, ээж Т.Бибиш нар юм шүү гэдэг маргашгүй үнэн түүхийг мартан “сармагчин”даа хувирч буй нөхдүүдэд ташрамд сануулах гэсэн юм. Анхдагчдын амьд гэрч 90 дөхсөн хоёр эмгэн байж л байна, хэд наслахав, нутаг тэмцээд очсон үед нь таваг давжаа алим, таван зуун граммын шил дарстай очиход огт хохирохгүй л юм даа.
Дээрээсээ дарамтлуулаад нутгаа ухуулж байгаа ч орон нутагтаа өгөөжтэй байх талаар хатуу шаардлага тавих, тухайлбал, Улаанбаатараас Хятадын үйлдвэрээс зөөж байгаа махныхаа ядаж нэг хувийг орон нутгийн ард иргэдээс мал худалдаж авах замаар хангах, Бигэрээс Хонгор овоо хүртэл засмал зам тавиулах зэрэг болно. Хааяа нэг хуссан болж хуурах шаардлагагүй. Өмнөх газраа хаяад л өөр газар ухаж байгаа. Үндсэн ордоосоо биш өнгөн хөрс хуулалтын баяжуулалтаар л 7 хоногт асар их алт олдог тухай албан бус яриа байдаг. Үүний 3/1- ээр л зам тавих боломжтой зэрэг болно.
Эдгээр бичсэн, дэвшүүлсэн асуудал бол зовлонт, үйлт бидний явцуу эрх ашиг, асуудал биш, энэ Алтан тэвшийн хонхорын нийт бүхэнд хамаарах асуудал шүү.
Энэ мэт хариуцлагагүй байдал цаашид ийм маягаар үргэжилбэл “Алтан тэвш” нутаг маань “Авс дүүрэн” хонхор болж хувирахад ойрхон байна шүү.
Эрүүл мэндийн элч, эмч атлаа энэ засаг төрөөс цалин авдаггүй, “Эрлэгийн элчээс цалин пүнлүү, захиалга авдаг туслах нь, орлогч нь мэт” ажиллаж байгаа Сумын эмч ямар нэгэн ёс зүйн, мэргэжлийн болон сахилгын хариуцлага хүлээх ёстой шүү. Шоронд хатааж, шонд өлгө гэхгүй. одоохондоо. Мөн аймаг, сумын удирдлага, мөн шатны эрүүлийг хамгаалах байгууллагын удирдлагууд хариуцлагын гадна үлдэх ёсгүй шүү.
Гариг ертөнцөд нь багтахгүй гэх биш дээ
Газар дэлхий нь даахгүй гэх биш дээ, даанч яав даа.
Сэтгэлийн их шаналгаатай, бухимдалтай байгаа тул замбараагүй бичих шиг боллоо, гэхдээ гол санааг ойлгосон байх гэж найдна.
Одоохондоо аргадаж, учирлаж бичив, алсдаа алалцаж, арцалдаж бичих байх шүү.
Дүүг минь хүндэлж, буяны ажилд оролцсон дүүгийн минь хадам нагац Баттөр, хадам авга Батцэцэг, Батсүх, тэдний гэр бүл, бидний авга, нагац талын сайхан ах, дүү нар, нутгийн бусад ахан дүүсийн хүндлэл, хайр, хүний өөрийн гэхгүй чин сэтгэлийн ХАНДЛАГА л сэтгэлийг маань зөөллөж байгааг хэлэхгүй өнгөрөх нь хүнлэг болон шударга ёсонд үл нийцэх авай.
Намайг барьж идээрэй. Цагааны Ганболд. Хаяг. [email protected]. утас 99145087, 88145086
2023-08-27
Цагааны Роза
Санагалзахуйн доор
/Элегия/
Намрын цэл хүйтэн бороо цутган цутган орох нь уйтай
Намаг балчиг ус нааш цааш цацран цацран буух ч уйтай
Нас нь залуухан сайхан дүү минь өнөөдөр алга
Намтар түүх нь л бидэндээ нандин дурсамж үлдээждээ...
* * *
Амьдын жаргал түүнд минь чамлалттай байсан байх вий...
Ачлал хайраар сэтгэл нь дутсан байх вий...
Алс холоос бид нь уулзалдалгүй удсан байх вий...
Авралт Бурхан уул нь ачит мэлмийгээрээ харж амжаагүй байх вий...
* * *
Эргэх хоногууд ээлжилдгээрээ улиран одно
Ирэхгүй явжээ... сайны дээд дүү минь
Энэрч хайрлах хэн нэгний зүрх уравсан байх вий....
Эмчийн тангаргаасаа тэр нэгэн няцсан байх вий...
* * *
Элдэв бодол санахуйн доор хөвөрнө..зул бадамлана
Ээж болон ах дүүс нь буцаж төрөхийн буянг дуудан дуудан сууна.....
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ