surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ливи : Шарил хадгалах газрууд ачааллаа дийлэхгүй байна

Ливи : Шарил хадгалах газрууд ачааллаа дийлэхгүй байна

Ливи улсад үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хойд эргийн Дерна хотын гудамж цогцсондоо дарагджээ. Даниел шуурганы улмаас аадар бороо орсон нь ийн үерийн гамшигт хүргэв. Лхагва гаригийн өглөөний байдлаар амиа алдагсдын тоо 6000 давсныг Триполи дахь Эв нэгдлийн засгийн газрын Эрүүл мэндийн яамны дэд нарийн бичгийн дарга Саадеддин Абдул Вакил хэлэв. Түүний мэдэгдсэнээр амьд үлдэгсдийг эмчлэх зайлшгүй шаардлагатай байгаа ч эмнэлгүүдэд нас барагсад дүүрэн байна. Мөн 10 мянга гаруй хүн сураггүй алга болжээ. 100 мянга гаруй хүн амьдран суудаг байсан хот бараг тэр аяараа сүйрсэн тул сураггүй алга болсон хүмүүс нурангид дарагдсан гэж үзэж байна. Бүс нутгийн дэд бүтцэд ихээхэн хохирол учирсан тул гамшигт өртсөн хэсгүүдэд хүмүүнлэгийн бүлгүүд хүрэх боломжгүй болжээ. Дерна руу долоон цэгээр дамжин нэвтрэх боломжтой байдаг бол өдгөө ердөө хоёр нь л боломжтой байна. Түүнчлэн 30 мянга гаруй хүн үерийн улмаас дүрвэсэн гэдгийг НҮБ-ын Олон улсын цагаачлалын байгууллага өчигдөр мэдэгдлээ. Нас барагсдыг гурав хоногийн дотор оршуулах ёстой гэсэн Исламын шашны итгэл үнэмшил байдаг. Албаныхан энэ итгэл үнэмшлийг нь хүндэтгэж буй тул овоолсон хог хаягдал, нуранги дундаас нас барагсдыг идэвхийлэн хайсаар байна. Сураггүй болсон хүмүүсийг олж тогтоох, стандартын дагуу оршуулах журмыг хэрэгжүүлэхийн тулд Нас барагсдад зориулсан хороо гэж байгуулагджээ. Даниел шуурга Хойд Африкт урьд өмнө тохиож байгаагүй хамгийн их гарз хохиролтой үерийг бий болгожээ. Өнгөрсөн долоо хоногт Грекийг мөн Даниел шуурга дайрч, үерийн гамшиг болсон. Гэхдээ Грект нас барагсдын тоо харьцангуй бага байв. Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалт, хээрийн түймэр гэх мэт цаг агаарын эрс тэс өөрчлөлттэй үед Даниел хар шуурга тохиосон. 
"Нөхцөл байдал гамшгийн түвшинд байна. Бид холбогдох талууд болон олон улсын тусламжийн байгууллагуудын яаралтай тусламжийг хүсч байна. Амиа алдагсдын тоо маш өндөр байна. Бид цогцсуудыг моргт хүргэхийн тулд зохих хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай байгаа. Яаралтай арга хэмжээ авч, ДНХ-ийн шинжилгээ хийхэд туслах хэрэгтэй байна. Энэ бол бүх цогцосны ердөө тал хувь нь. Хотын нөгөө талд өөр цогцосууд бий" гэж албаны хүн хэлжээ.
Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1