surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Соёлын салбарын төсөв царцаагч барилгын төслүүд

Соёлын салбарын төсөв царцаагч барилгын төслүүд

  ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН БАРИЛГЫГ БАРИХААР ЦУГЛУУЛСАН ХАНДИВ ХААНА ЦАРЦСАН БЭ   

Соёлын салбарт 2023 онд улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн гэдгийг Соёлын сайд Ч.Номин онцолж байсан удаатай. Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь дуусаагүй театр, музейн барилга олон байна. 
 Өдгөө 75 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл драмын театрын хаяанд гал голомтоо бадрааж ирсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тасганы овоонд театрын шинэ барилга барихаар олон нийтээс их хэмжээний хандив цуглуулсан. Гэвч өнөөдөр хандивын мөнгө ч үгүй, театр ч үгүй болоод байгаа. Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын  хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. 
   ГЭТЭЛ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН БАРИЛГЫГ ХАНДИВААР БУС УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРИХААР БОЛЖЭЭ.   
Соёлын яамнаас анх 2023 оны улсын төсөвт тусгахдаа 1.3 тэрбум төгрөгийг зураг төсөлд төсөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, “Sky Line” компани шалгарсан байна. Яг одоогийн байдлаар Хүүхэлдэйн театрын зураг төслийн ажлыг хийгээд дуусч байгаа сурагтай. Одоо батлаад, 2024 оны улсын төсөвт тусгана гэдгийг албаныхан хэлж байсан юм.
Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборыг Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт 2021 оны хавар эхэлнэ гэж төлөвлөж байв. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.
Хүүхэлдэйн театр нь 600 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөгдсөн байна. Хүүхэлдэйн театр нь өнөөдөр 150 хүний суудалтай,  31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  СОНГУУЛЬ ДАМНАЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙДЭГ МАН-ын ШАЛГАРСАН МЕХАНИЗМИЙН ТОД ЖИШЭЭ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР   
Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьж буй Хүүхэд залуучуудын театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа. Нэлээд хэл амтай уг албан тушаалд очсон.  
Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын нэгний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авсан юм. Энэ театрыг 2022 онд ашиглалт оруулна гэж байсан ч 2023 онд үүдээ нээгээгүй. Албаныхны мэдээлж буйгаар 2024 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ
   Улсын төсөв Есөн жилээр царцсан нь буюу ТӨВ НОМЫН САН   
Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд Үндэсний номын сангийн шинэ барилга барьж байгаа. Энэ номын сан шинэ барилгаа удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор 2022 онд үүдээ нээх ёстой байв. Гэвч нээлтээ хийх дөхсөн барилгын ажил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй. Албаныхны мэдээлснээр, 11 давхар, 9948.2 ам метр талбай бүхий шинэ байр 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Соёлын яамнаас есдүгээр сард ашиглалтад оруулна гэдгийг хэлж байлаа.
Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болсон талаар албаны эх сурвалж мэдээлж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1