surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ЗУРАГЛАЛ : Сэжигтэн "Г" нь цаг хожиж байж болзошгүй

ЗУРАГЛАЛ :  Сэжигтэн "Г" нь цаг хожиж байж болзошгүй

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс 12 настай охин ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл цахимаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цацагдаж, эрэн сурвалжлах ажиллагаа өрнөсөн. 

12 настай охин 10 дугаар сарын гуравны өглөө долоон цаг 10 минутын үест Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын Мандах Наран хорооллоос хичээлдээ явахаар гараад эргэж ирээгүй. Тус охины ангийн багш  уг өдрийн өглөөний есөн цаг хорин минутын үед “хүүхдийг хичээлдээ ирээгүй” талаар эцэг эхэд нь хэл дуулгасан. Ингээд үндсэндээ 10 дугаар сарын гуравны өдрийн 10 цагаас эхлэн эрэн сурвалжлах ажил эхэлсэн. Гэтэл шалгалтын явцад охин орцноосоо гарч явах үест саарал өнгийн приус маркын машинд сууж явсан гэж гэрч мэдүүлсэн. Ийнхүү эрлийн баг уг машины эрэлд гарсан байдаг. Үүний үр дүнд номер нь шавар болсон приус 20 маркын машиныг олж илрүүлжээ. Харамсалтай нь таних арга мухардсан тул тус камерийн бичлэгийг Эрүүгийн цагдаагийн албаны шинжилгээнд өгсөн. Гэвч ДГО гэх хаягаас өөр танигдах зүйлгүй саарал машины зургаар тусыг эс олов. Эндээс эхлээд хүүхдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлжээ. Төдөлгүй тус өдөр Дорноговь аймгийн газар нутагт хэвийн ажиллаж буй 34 бүсийн 39 камерыг шалгаж үзэхэд “Приус 20” маркын дээрх машин Сайншанд сумаас гарч явсан нь ил болов. Ингээд эрлийн баг шуурхай зарлаж, Монгол,Хятадын хил орчмоос эхлэн эрлийн ажлыг эхлүүлж, самнасны үр дүнд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр энгийн иргэд сэжигтэнг Өмнөговь аймгийн Манлай сумын нэгэн зоогийн газрын үүдэнд өөрийгөө хутгалсан байдалтай байхад нь олж илрүүлсэн. Хүүхдийг дагуулан явсан гэх машины жолооч хэдийгээр баривчлагдсан ч хүүхэд машинд нь байгаагүй тул жолоочоос мэдүүлэг авч, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх явцад тухайн жолооч мэдүүлэгтээ охиныг хөнөөсөн гэж дурджээ. Ингээд эрлийн баг охиныг хайхаар гарах үест сэжигтэн “Г” нь мэдүүлгээсээ буцаж “Охиныг амьд” гэв.  Энэ мэтээр мэдэн будилж, цагдаа хүчний байгууллагын ажилд саад учруулж эхэлсэн байна.  Хамгийн ноцтой нь 2023 оны 10 дугаар сарын дөрөвнөөс тавны шилжих шөнө 23 цагийн үест нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан “Охиныг олдсон” гэх ташаа мэдээлэл түгээж нийгмээр нь бужигнуулж, цагдаагийн байгууллагын ажилд хүндрэл учруулсан. Охин олдоогүй талаар баттай эх сурвалжаас бид мэдээлж байлаа. Үндсэндээ дөрөвний өдөр иймэрхүү хөл хөдөлгөөн, хэл ам ихтэй өрнөж дууссан юм.  Улс даяараа уг хэрэгт анхаарал хандуулж буй энэ эгзэгтэй үед аливаа мэдээ мэдээлэлд цензуртэй хандахыг цагдаагийн газраас удаа дараа сануулж байна. 
Эрлийн ажил үргэлжилсээр 2023 оны Аравдугаар сарын тавны өдөртэй золгоход Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон, түгжрэл хариуцсан даргын албан тушаалыг хүлээн аваад байгаа Б.Дэлгэрсайхан хувиасаа зардлыг нь гаргаж, ОБЕГ-ын нисэх онгоцыг Өмнөговь аймгийн Манлай сум руу нисгэсэн. Улмаар уг өдрийн 14 цаг 30 минутаас Нийслэлийн ЦЕГ, ХНХЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын төлөөллүүд албан ёсны мэдээлэл хийж, хүүхдийг эрэн сурвалжлах ажилд анхаарал хандуулж буйгаа дурдсан юм. Одоог хүртэл хүүхдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд олдоогүй байна. Түүнчлэн цахим орчинд тархаад буй “уг хэрэгт одоогоор хоёр сэжигтэн шалгагдаж байгаа” гэх ташаа мэдээлэл тархсаныг албаны эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл уг хэрэгт сэжигтэн “Г” гэгчээс өөр баривчлагдсан хүн байхгүй гэсэн үг. 
   СЭЖҮҮР 1 : ЗУГТАЖ ЯВАА СЭЖИГТЭНД МАШИНАА БУДАЖ АМЖИХ ХУГАЦАА ХОМС БАЙНА   
Дорноговь аймгийн Цагдаагийн газар сэжигтэн “Г”-г машинаа будаж, зүг буруулсан гэх утга бухий мэдээлэл хийсэн. Хэргийн үйл явцыг сайтар хянан харахад сэжигтэнд машинаа будаж зогсох цаг хомс байсны дээр хүүхдийг дараагийн унаанд тээвэрлэсэн байж болзошгүй гэх хардлагыг дагуулж байна.
  СЭЖҮҮР 2 : СЭЖИГТЭН МЭДҮҮЛГЭЭСЭЭ БУЦАЖ, МЭДЭН БУДИЛЖ БУЙ НЬ ЦАГ ХОЖИЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЭЛ   
Дээр дурдсанчлан приус 20 маркын машинаас хүүхдийг сэлгэж тээвэрлэсэн бол хам хэрэг буюу өөр нэг сэжигтэн гарч ирэх зураглал. Энэ тохиолдолд бүлэг гэмт хэрэг гэж үзэх бөгөөд одоогийн сэжигтэн “Г” нь мэдүүлгээ буцааж, мэдэн будилж цаг хожиж байж болзошгүй. Тэгвэл тэд ямар зорилгоор хүүхдийг авч яваад, машинаа сэлгэж, цагдаа хүчний байгууллагыг төөрөлдүүлэв гэсэн асуулт урган гарч ирнэ. 
  СЭЖҮҮР 3 : ДАВТАН ХЭРЭГ   
Одоогоор шалгагдаж буй сэжигтэн “Г”-г өмнө хүүхэд хүчирхийллийн асуудлаар ял эдэлж байсан талаар эх сурвалж мэдээлж байна.  Ингэхдээ дөрвөн удаа хоригдож, оргон зайлж, 12 жилийн ял эдэлж байсан гэх. Тэрбээр Улаанбаатар хотын уугуул, 1972 оных.
  ХАРДЛАГА: ДОРНОГОВЬ АЙМГААС АЛГА БОЛСОН “С” ГЭХ ОХИНЫ ХЭРЭГ    
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай “С” гэх хүүхэд 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ор сураггүй алга болоод зургаан жил болж байна. Энэ үед одоогийн сэжигтэнээр татагдаад буй “Г” гэгч нь хаана байсныг нэхэн шалгаж, холбоотой холбоогүй эсхийг тодорхой болгох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл нэг аймагт гарсан хоёр дахь ижил төстэй хэрэг тул холбогдох байгууллагууд анхаарал хандуулах биз. 
   ХАРДЛАГА: БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГ   
Хоёр ба түүнээс дээш хүн оролцсон тохиолдолд “Бүлэг” гэж үзэж болно. Сэжигтэн “Г” магадгүй өөр нэг хань хамсаатантай байж болох зураглал хэн бүхний төсөөлөлд багтаж байгаа нь нууц биш. Тэгвэл түүний хамтрагчдыг олж, зохих ял шийтгэлийг өгч чадваас нэгэн гэмт хэргийн бүлэглэлийг таслан зогсоох юм. Түүнчлэн давтан хэргээр ял сонсох нь ойлгомжтой болсон “Г” гэгчид мэдүүлгээсээ буцаж, ямар жимээр явсанаа санахгүй байх шалтгаан одоогоор харагдахгүй байгаа нь уг хэргийг “Бүлэг гэмт хэрэг” гэж үзэж болох хардлагыг дагуулж байна.


Бид өөрсдийн цуглуулсан нийт мэдээллийг тоймлон хүргэж байгаа бөгөөд цагдаа хүчний байгууллагын ажилд саад учруулах, худал мэдээлэл түгээх зорилго агуулаагүй болно. Хардах эрхийн хүрээнд илүү дутуу нэмэлт хачиргүйгээр цахимаар болж өрнөсөн хэргийн процессийг нэгтгэн тоймлолоо. 


ТӨГСГӨЛИЙН ОРОНД 
  УИХ-ын гишүүн, түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан танаа...   

“2017 онд УИХ-ын гишүүн байхдаа Дорноговь аймгийг бүрэн камержуулсан” гэж хэвлэлд мэдээлсэн.  Мэдээж эвдэрнэ гэмтэнэ. Энийг тэнэг хүн ч ойлгоно. Гэтэл мань гишүүн эвдэрч гэмтсэнээс хойш Дорноговь аймагтаа камержуулалтын асуудал ярьж яваагүйгээ өөрөө өөрийнхөө үгээр батлав. Тэгвэл “Камержуулалт хийгдсэн учраас хэргийн сэжүүрийг олсон” гэх утга бүхий өгүүлбэр нь өөрийгөө өмгөөлсөн, дөвийлгөсөн өнцөг гэж уншигдаж байна. “Өнөөдөр өглөө хувиасаа зардлыг нь төлөөд нисдэг онгоц гаргалаа” гэх попын поп өгүүлбэрээс ОБЕГ нисдэг тэрэгтэй, тэрийг нь Б.Дэлгэрсайхан мэтийн гишүүд хөлсөлж ажиллуулдаг байж таарах нь. Уг нь өчигдөр ОБЕГ-аас тодруулахад эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл бид нисэх онгоц нисгэхэд бэлэн гэсэн. Гэтэл мань Б.Дэлгэрсайхан гишүүн төрийн энэ мэт байгууллагыг доош чангааж, өөрийгөө товойлгосон поп мэдээлэл хийв. 2017 онд Дорноговь аймгийг камержуулсан нь ярих ёстой, бүр магтах ёстой ажил. Гэхдээ хяналт тавиад, шинэчлэл хийгээд явж чадаагүй бол мянга хийсэн ч хариуцлага алдсанд тооцно. Эцсийн эцэст хэний сонголтоор хэнийг төрд төлөөлж байгаагаа ухаарах сэнхрэл энэ хүнд байх ёстой ухамсрын асуудал билээ. Сануулахад хэдэн жилийн өмнө ор сураггүй алга болоод одоог хүртэл эрэн хайж байгаа С гэх охины хэрэг дээр 200 сая төгрөгөөр баттай мэдээлэл авна гэж попорч зогсохыг харсан. Хариуцлагаасаа зугтаадаг төрийн түшээдээс иргэд хариуцлагатайгаар замын эвдрэл, гэмтэл, камержуулалт, хүүхдийн эрхийг хамгаалах ажлуудыг нэхдэг, цаг тухайд нь шаарддаг байвал өдий олон жилийн дараа ч нэг алдаа хоёр давтагдахгүй. ХАМГИЙН НЭГТ ХАРИУЦЛАГА ХААНА БАЙНА.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1