surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХМЗ: Дуулиан шуугиант мэдээллийг олон нийтэд хүргэхдээ ёс зүйн өндөр мэдрэмжтэй ажиллахыг сэтгүүлчдэд уриалж байна

ХМЗ: Дуулиан шуугиант мэдээллийг олон нийтэд хүргэхдээ ёс зүйн өндөр мэдрэмжтэй ажиллахыг сэтгүүлчдэд уриалж байна

Дуулиан шуугиант мэдээллийг олон нийтэд хүргэхдээ ёс зүйн өндөр мэдрэмжтэй ажиллахыг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс сэтгүүлчдэд уриалж байна. 

Хэвлэл мэдээллийн редакцууд, сэтгүүлчид аливаа дуулиан шуугиантай, хор хохирол дагуулсан эмзэг бөгөөд гэмт хэргийн сэдэлтэй үйл явдлыг мэдээлж, сурвалжлахдаа “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-аа чанд даган мөрдөж ажиллах нь мэргэжлийн бөгөөд ёс зүйн үүрэг, хариуцлага юм.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим нь Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйн илэрхийлэл билээ.

Иймд дараах зөвлөмжүүдэд анхаарлаа хандуулаарай. Үүнд: 

  • Дахин дахин нягтал! Цахим орчинд хуурамч мэдээлэл асар хурдтай түгээж, олон нийтийг төөрөгдөлд богино хугацаанд оруулдаг. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим тул гэмт хэргийн тухай цаг үеийн асуудлыг түргэн шуурхай мэдээлэхээс илүүтэй нягтлан шалгахад нэн тэргүүнд анхаар. Аливаа мэдээллийг нягталж, шалгахгүйгээр “шууд” итгэж хүлээн авахаас болгоомжил. Хурдтай үйл явдлын хурц өрнөлд “үл итгэгч” байдлаар хандаж, дахин дахин нягтлах нь мэргэжлийн алдаа гаргахаас урьдчилан сэргийлнэ.
  • Хохирогчид хүндэтгэлтэй ханд! Аливаа мэдээллийг, ялангуяа гэмт хэргийн сэдэлтэй үйлдлийг дуулиантайгаар түгээхээс татгалз! Гэмт хэргийн хохирогч, түүний гэр бүл болон нийгмийн сэтгэл зүйн аюул үгүй, тогтвортой байдлыг эрхэмлэх нь чухал. Нөгөө талаас гэмт хэргийн тухай дуулиан шуугиан нь хэн нэгэнд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгөхөөс үргэлж болгоомжил.
  • Олны сонирхлыг тэргүүнд тавь! Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй тухай Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд бий. Олон нийт сониуч хэдий ч цаг үеийн үнэ цэнтэй мэдээллийг хүлээн авахыг эрмэлздэг. Мэргэжлийн бүлгийн байр суурийг онцгой анхаарч олон ургалч байдлаар асуудалд хандах нь хохирогчийг хамгаалахад нэн тустай.
  • Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй мэдээл! Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн ёс зүйн шаардлага. Гэвч гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдээлж сурвалжлахдаа жендэрийн хэвшмэл ойлголтоор хандаж, хохирогчийг буруутгах, аль нэг хүйсийг хэт дөвийлгөх эсвэл буруушаах зэрэг сөрөг хандлага гаргахаас зайлсхийгээрэй. Цаг үеийн олны анхааралд буй үйл явдлын талаар мэдээлж сурвалжлахдаа хүний эрх, жендэрийн өндөр мэдрэмжтэй, зөв хандлагатай байх нь сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг хамгаална.
  • Цахим орчинтой болгоомжтой харьц! Сэтгүүлч, сурвалжлагч нар нийгмийн мэдээллийн сүлжээнд хувийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхээс татгалзаж, редакцын бодлого, ёс зүйн зарчмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулахыг эрхэмлээрэй. Мэргэжлийн зарчим, хэм хэмжээгээ ухамсарлаж цахим орчинд биеэ зөв авч явах нь сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд, итгэл үнэмшилд тустай. Нийгмийн сүлжээн дэх бодлогогүй, ёс зүйгүй буруу үйлдэл нь хувийн болоод мэргэжлийн байдлын ялгааг бүдгэрүүлж уншигч, сонсогч, үзэгчдийнхээ итгэлийг алдах эрсдэл төдийгүй хохирол дагуулдаг.
  • Санамсаргүй алдсан бол даруй залруул! Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон бол нэн даруй залруулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийн төлөө хичээн ажиллах нь мэргэжлийн ёс зүйн шаардлага гэдгийг ямагт санаарай.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1