surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

СУРВАЛЖИЛГА : Эр цэргийн албаа хаагаад дулаан намраар харьж яваа хөвгүүд

СУРВАЛЖИЛГА :  Эр цэргийн албаа хаагаад дулаан намраар харьж яваа хөвгүүд

Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Сэтгүүлчид торгон хилд” аяны хүрээнд Сүхбаатар аймаг Онгон сум дахь Монголын Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн ангийг зорин очсон юм.

--- ДААНЧ ХОЛ САНАГДАХ УРТ ЗАМЫН ЭХЭНД  ---

Сул өвс ганхсан зах нь үл харагдах талд зэллэж татсан замаар торох зүйлгүй хурдалж явлаа. Цонхоо үе үе нээхэд хээрийн догшин салхи сэвэлзэн “энэ намар даанч сэрүүхэн, хүрэх газар хол” санагдаж байв. Зүс зүсээ танилцсан сэтгүүлч зураглаачдын бүрэлдэхүүн урт замын тэхий голд ч дуугаа хураан нам гүмд автацгаана. Хорвоо ийм амар амгалан сан бил үү? Энэ урт замын төгсгөлд ямар адал явдал биднийг тосон авах бол гэхээс залуу байгаагаа мэдэрч, догдолж явлаа.  Энэ л гүн догдлолын төгсгөлд нойрсож амжжээ. Сэрэхэд хэдийн хорвоог харанхуй бүрхэж, ясанд тултал сийгэх салхитай Онгоны отрядад ирсэн байлаа. Хол замд чилсэн хөлөө тэнийлгэхээр буухуйд одод тэнгэрт орчжээ. Ийм намар, ийм үдэш л санаа алдалтын салхи цээжинд зурах мэдрэгддэг сэн.

"...Маргааш цэрэг халагдана" гэх гуравхан үг сэтгэлд савлах хүртэл бусдын үг сонин санагдаагүй. Урт сунжруу яриатай, уйтгартай амьдарч буй ахуйгаас өөрийгөө чөлөөлөх гэж энд ирснээ бодож, цэрэг эрсийн дуутай буурал отрядын буудалд хэсэг дуугаа хураав.  Цэрэг гэж хэн сэн билээ. Хил гэж юу сан билээ. Хилийн цэрэг халагдана гэхээр хилчин дүү нар хэрхэн үдэх бол гэх хүүхдийнхэрхүү бодол оюун санааг минь бүчиж байсан юм. Учир нь би гэж хүн цэрэг татлагаас зугтааж явсаар энэ жил торгуулиа төлөөд мултарсан нэгэн. Цэргийн тухай, хилийн тухай кино жүжиг, ам ярианаас хэтрэхгүй ойлголттой томилолтоо эхлүүлж байна.

  Нартай хүйтэн намар   

Гялалзтал өнгөлсөн гуталтай, цэвэрхэн цагаан захтай, эрээн хувцастай дүү нар автобус руу гүйлдэн сууж, суман цагаан пургон урд орон хурдлав. Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж яваа цэргүүдийн ярианаас тэднийг хавар ирсэн цэргүүд болохыг нь мэдлээ. Төдөлгүй автобус нам гүм болж, хөндий талыг хөндлөн гулд давхисаар заставын бараа харав. Бяцхан догдлол  төрж

“Цэх зогсоод буудуулахад

Сум нь хүрэхгүй цээжний алсад

Эх орон минь бий...” хэмээх Арлааны Эрдэнэ-Очирын шүлэг аманд эвлэв. Хилчин хөвгүүдийн орон гэр болсон заставын хаалгаар ороход эгнэн жагссан хал цэргүүд  дунд хадаг сүү дэлгэн жагссан эгч нар эрхгүй содон харагдав. Хамт ирсэн цэргүүд үсрэн бууж эгнэн жагсав. Шинүүд халууд гэх этгээд нэршилтэй эх орны хөвгүүд торгон хилийнхээ хязгаарт харих, үдэх баяр гунигтай ийн уулзаж байна. Магадгүй өгөх авахын хамгийн том үнэ цэнэ тэдний сэтгэлд үлдэж, насан туршдаа бахдан омогшиж явдаг болов уу? Эх орноо тэд бүтэн хүлээлгэж өглөө. Цуг ирсэн хөвгүүд ч ирэх хавар эх орноо бүтэн хүлээлгэж өгөх мөрөөдөлтэй үлдлээ.

  ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЖААХАН САНАЖ БАЙНА   

Хоногоо биш халагдах цагаа хуруу даран тоолж яваа цэргүүд малаа бүртгэж, дүү нартаа хүлээлгэн өгөв.  Мал бүрэн. “Морь мал үлий бүдрэх вий. Морь малтайгаа болгоомжтой харьцаарай” гэх ах нарын үг морьтойгоо ижил дасал болсон Монгол хүний хайрын үг байлаа. Өнгөрсөн хавар татагдаж очсон Г.Наранбаатар дүүгийн хувьд “ХӨДӨӨ ӨССӨН БОЛОХООР АХ НАРЫНХАА ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ ЭЭ” ГЭЖ ХЭЛЭЭД “ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЖААХАН САНАЖ БАЙНА ДАА” хэмээн санаа алдав. “НЭГ ЖИЛ ХУРДАН ӨНГӨРДӨГ ЮМ БИЛЭЭ” гэх халагдах ах нарын дулаахан тэврэлтийн ард сая тайвширч байгаа нь даанч дотно.

 ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭСЭН Ч ТОРГОН ХИЛДЭЭ ХОРГОДОН БУЦАХ ЗҮРХ  

Дархан хилдээ албаа хаагаад

Дайчин нөхөд минь халагдах боллоо

Торгон хилийн цэнхэр хаяa

Торойх баганы дасал бараа

Бидний гэр болсон застав минь баяртай... гээд эрээн хувцастай хөвгүүд суудал дээрээ хадаатай юм шиг мэлмэрсэн харцтай дуугаа аялсаар буцаж байлаа. Уудам цэлгэр талын эмжээрт заставын бараа цайрсаар гэртээ харих хөвгүүдийн харцанд автаад пургон машины донслохыг ч анзаарсангүй. Эдгээр хөвгүүдийн харих хугацаа ойрхон ч Монголын тал нутаг хичнээн уудам бэ...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

May be an image of 1 person and text that says 'Surag.mr'

May be an image of 1 person and text

May be an image of 1 person

 

У.ЭНХБАЯР

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1