surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ТОЙМ : ЗАСГИЙН ГАЗАРТ БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

ТОЙМ :  ЗАСГИЙН ГАЗАРТ БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

  Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ГАРТ БҮХ ЭРХ МЭДЭЛ ТӨВЛӨРӨХ ШИНЖТЭЙ  
Улс төрийн ертөнцөд энэ долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад оролцож, УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн үйл явдлууд болж өнгөрлөө. Үүнээс хамгийн сонирхолтой нь Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан. Энэ үеэрээ газрыг бүх шатны Засаг дарга олгодог байдлыг зогсоож байгаа талаар мэдэгдэл хийсэн. 
Газар олгох зөвшөөрлийг Засгийн газар хариуцах агуулгыг тус хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн Геодези, газар зохион байгуулалт, зураг зүйн газрыг ч Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар болсон. Энэ хуулийн төслөөр, Газрын тухай хууль дахь газар олгох эрхтэй төрийн захиргааны төв байгууллагатай холбоотой бүх заалтыг хасна. Мөн бүх шатны Засаг дарга нарыг газар олгох эрхгүй болгож буй. Харин оронд нь Засгийн газрын эрхлэх ажлын хүрээнд оруулж өгчээ. Тэгвэл Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан байдаг". Ингээд л үндсэн хуулиа зөрчиж, хүний эрхийн мэдрэмжгүй хандлага гаргасаар байх уу?  Нэг талдаа энэ шийдвэр эерэг үр дүн дагуулах ч Засгийн газарт бүх эрх мэдэл төвлөрөх нь төдий үр дүнтэй акц лав биш. Харин ч авлигал цэцэглэж, иргэд туйлдаж, газар олголтын хүрээ цомхон ч эрсдэлтэй нөхцөл байдал нь олширно. Өөрөөр хэлбэл мөнгөтэй нь газраа авч, дураараа туйлна гэсэн үг. Нэмээд хачирлахад олгосон газраа нууцад оруулж мэдэх л улс. Парламентаасаа давсан эрх мэдэлтэй Засгийн газар болохоо энэ хуулиар баталчих вий. Учир нь Засгийн газрын санаачилсан хууль бүдрэхээ больсон нь нууц биш. Өргөсөн хууль бүр нь цагаан туг дор батлагддаг болсон. 
  СОНГУУЛЬ УГТАН ТЭТГЭВРЭЭР ТОЙГЛОХ АРГА  
Сонгуулийн бодлого нь хөгшчүүлийг тойглож, тэтгэврээр шоудах. Энэ насныхныг сайн тойглож чадвал дараагийн дөрвөн жилээ халаасална. Тиймээс 2024 оны төсөвт тэтгэвэрт найм биш, ная биш НАЙМАН ЗУУН НАЯН тэрбумыг төсөвлөхөөр болж байна.  Харин УИХ  Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа. Засгийн газрын хувьд УИХ-аар ирэх оны төсвөө хэлэлцүүлэхдээ тэтгэвэрт зарцуулахаар суулгасан 880 тэрбум төгрөгөө тануулчихалгүй батлуулж чадвал уг төсөв дотроо зохицуулалт хийх юм байна. Тодруулбал, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг арай ахиу нэмэх үү, аль эсвэл адил тэгш 10 хувиар өсгөх үү гэдгээ тухайн үед нь шийдэх аж. Ямартай ч хөгшчүүл сонгуулийн өмнө тэтгэврээ нэмүүлэх нь. Нэг талдаа хүнээ бодсон зөв шийдвэр гэж харагдаж байгаа ч нөгөө талдаа сонгууль угтсан ТАНИЛ АРГА. 
  ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛАНА  
Цагдаа болвол улс төрд орж болно. Цагдаа болвол дарга болж болно. Цагдаа болвол тоо бодож сурна. Цагдаа болвол барилдаж, допингийн мэдлэгтэй болно. Цагдаа болвол тээвэр хийж болно. Хууль мэддэг л байвал албан тушаал таныг голохгүй. Өөрөөр хэлбэл цагдаа хууль хүчний байгууллагаас төрийн өндөр албан тушаалд дуртайгаа томилж, улс төрийн гар хөл хийлгэж байна. Хийх дуртай ажил нь ч бололтой. Цагдаа, хууль хүчнийхэн улс төрийн албан тушаалын оочир дараа үүсгэж байгаа. Энэ долоо хоногт л гэхэд Түгжрэлийг зохицуулахаар цагдаа “ГИШҮҮН” Б.Дэлгэрсайхан ажилдаа ханцуй шамлан орлоо. Бригадын генрал Б.Отгонжаргал ГЕГ-ын дарга болж, тоо бодохоор томилогдлоо. Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл ямар ч ойлголт, тусгай туршлагагүй атлаа Допингийн холбоог авч явахаар боллоо. П.Сайнзориг хотын нэгдүгээр орлогч даргаар томилогдлоо. Хамгийн сонирхолтой нь цагдаа хүчний байгууллагын төлөөлөл болох дэд хурандаа Ж.Энхцэцэг Эрүүл мэндийн салбарт “Өргөө” амаржихын захирлаар түр ажиллаж байсан. Эцэст нь дурдахад хотын дарга Х.Нямбаатар ч хуулийн хүн.
  НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ ЗАРИМ УЛС ТӨРЧДИЙН ПОПРОЛ БОЛЖ БУЙ ХУВИЛБАР  
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээр улсын төсвөөс 318 тэрбумыг халаасалсан, төрийн байгууллагын зарим албан тушаалтнуудыг шалгах ажлын хэсэг байгуулна.  Ингэхдээ Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Монгол улсын иргэн Б.Мягмардорж өнөөдрийн /2023.10.20/ 13:47 минутад дээрх хүсэлтээр өргөдөл гаргасан байна. 33000 иргэн уг цахим өргөдөлд гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм. 15:20 цагийн байдлаар 120 хүн гарын үсгээ зурж нэгдээд байна. D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн. Тэгвэл эл ажлын ерөнхий зураглалаас харахад парк шинэчлэлийн асуудалд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар ихээхэн амбиц үзүүлж байгаа бололтой. Учир нь тэд дээрхи 318 тэрбумын хэрэгт хотын дарга асан Д.Сумъяабазарыг нууц ноёноор нэрлэж, улс төрийн акц бүрдүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ Д.Сумъяабазарыг улс төрөөс нэг мөр явуулах бодолтой байгаа ажээ. Д.Сумъяабазараас хотын МАН-аа салган авч чадвал Д.Амарбаясгалан,Г.Занданшатар нар Л.Оюун-Эрдэнийн салхийг өөрсдийнхөө чигт эргүүлж давуу байдлыг олж авах учиртай. Мэдээж энэ тохиолдолд асар их эрсдэл үүсч байгаа. Хэн хэн нь албан тушаалаасаа ч ховхорч мэдэх учиртай тул арыг нь баттай даах бүхэл бүтэн баг фракц гэж бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын Л.Оюун-Эрдэнийн эсрэг өрнүүлж буй эл акцыг МАН-ын нууц тоглогч М.Энхболд, Сү.Батболд нар дэмжих байр суурьтай байгаа ажээ. Хөшигний ард МАН-ын энэ цагийн луухгарууд хоёр баг болж болчихоод нууцхан дайн өрнүүлж байгаа бололтой.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1