surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

СУРГИЙН ТОЙМ :   НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭХИЙН ТУЛД ТӨСВИЙН ҮРГҮЙ ЗАРДЛЫГ ТАНАНА

СУРГИЙН ТОЙМ :   НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭХИЙН ТУЛД ТӨСВИЙН ҮРГҮЙ ЗАРДЛЫГ ТАНАНА

   У.ХҮРЭЛСҮХ "БҮС БА ЗАМ" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО    
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод айлчлав. Тэрбээр энэ үеэрээ Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нартай уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга  уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирэв - Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров.
Харин Хятадын дарга Ши Жиньпинтэй цаашид хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийн явцыг түргэтгэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтрах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.
  "НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭХИЙН ТУЛД ТӨСВИЙН ҮРГҮЙ ЗАРДЛЫГ ТАНАНА"   

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд нийтийн өргөдөл гомдлын D-Өргөдөл системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулга явагдаж, иргэдийн дэмжлэгийг аваад байгаа. Буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлсэн нөхцөлд иргэдийн гарт очих урамшууллыг өсгөхөд нэмэлтээр 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт шаардлагатай гэх тооцоо гарсан.

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаалтыг нэмэхийн тулд үргүй зардлыг танана
Тэгвэл энэ эх үүсвэрийг төсвийн үр ашиггүй зардлыг танах зарчмаар бүрдүүлэх боломжтой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого, иргэдэд өгч буй урамшууллын өсөлт харилцан адилгүй, шударга бус байгааг сануулж, иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломж бийг онцлов. Учир нь 2020 онд НӨАТ-аас улсын төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрч байсан бол 2024 онд 6.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл энэ хугацаанд НӨАТ төлөлт гурав дахин нэмэгдсэн бол буцаан олголтын дүн төдийлөн өсөлгүй, 300-400 тэрбум төгрөгт хэлбэлзэж байна. Иймд татварын урамшууллыг шударгаар тогтоох замаар иргэдийн хэрэглээг дэмжих, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, цаашлаад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг хумих боломжтой гэж УИХ-ын дарга мэдэгдээд байгаа юм.
  ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦ АЛБАНААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ   

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Хамба номун хан  Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг. Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг  1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж байсан.

Д.Чойжамц: Өндөр настнуудад бэрх, залууст сайн жил гарах зурлагатай байна

Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.
  “ТЭНҮҮН ОГОО” КОМПАНИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ ЦАРЦААЖЭЭ   

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбарласнаар “Тэнүүн огоо” компанийн эзэмшилд байгаа бүх хөрөнгийг царцаажээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын Mамгын газар нь өчигдөр /2023.10.17/“ Тэнүүн огоо” компанитай байгуулсан байсан автобус худалдах худалдан авах тухай гэрээг цуцалсан байна. Ингэснээр тус компаниас автобус худалдан авахгүй болж буй аж. Тендерийн хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж буй юм. Мөн эл асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2023.10.18/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас автобус худалдан авах нээлттэй олон улсын тендер зарлажээ.

Нийслэл "Тэнүүн-Огоо" компанийн хөрөнгийг царцааж, автобусны тендер  зарлалаа - Eguur.MN
Түүнчлэн “Тэнүүн огоо” компаниас өмнө нь автобус худалдан авах гэрээтэй холбоотойгоор урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө буцаан авах зорилгоор иргэний нэхэмжлэгчээр тооцуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Одоогоор тус компанид 11 тэрбум төгрөгийн барилт хийсэн аж. Түүнээс гадна бусад шилжүүлсэн мөнгө хөрөнгийг нэхэмжлэх, буцааж авч ирэх чиглэлээр хууль хяналтын байгууллагууд ажиллаж буй юм байна.
  "ҮНДЭСНИЙ БӨХӨӨС ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЭСЭХИЙГ АСУУНА"   

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: Бөхчүүдээс допингийн шинжилгээ байх эсэх талаар дахин  хэлэлцэнэ
Д.АМАРБАЯСГАЛАН:
-Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа хаагдмал, Засгийн газар  шууд өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцох боломжгүй явж ирсэн. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тус байгууллагатай нягт хамтарч ажиллаад, өөрсдийн дутагдлаа хүлээн зөвшөөрөөд тавьсан шаардлагыг биелүүлэхээр хамтарч ажиллаж эхэлсэн.
2007 онд анх байгуулагдсан, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага нь 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий 2 нийт 21 зөрчлийг арилгах шаардлага ирүүлсэн.  Харамсалтай нь эдгээр үүргийг  цаг хугацаанд нь бүрэн хангалттай биелүүлж чадаагүйн улмаас Олон улсын допингийн эсрэг байгууллагаас манай Монгол Улсад хязгаарлалт хийх алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Шанхай хотод болсон Олон улсын допингийн эсрэг хуралд Олимпизм, биеийн тамирын асуудал хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, өөрсдийн санал бодлыг илэрхийлж, гарсан алдаа дутагдлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр богино хугацаанд засч залруулахаа хэлсэн. Үүний үр дүнгээр ирэх оны нэгдүгээр сарын 22-н хүртэл Монгол допингийн эсрэг үндэсний төвийн хийж хэрэгжүүлэх ноцтой гэсэн таван зөрчлийг арилгах үүрэг өгсөн.
  Х.НЯМБААТАР: ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ГАЗАР ОЛГОХЫГ ЗОГСООЛОО   
Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаар танилцуулсан байна. Энэ талаар дараах мэдээллийг өглөө.

Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүрэгт газар олголтыг зогсооно
Х.НЯМБААТАР:
-Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлтэй холбоотойгоор 27 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Нийт хүн амын 43 хувь нь 0.3 хувь дээр амьдарч байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 680 мянган тээврийн хэрэгсэл байна. 2022 онд гаалийн хилээр 99 мянган тээврийн хэрэсгэл орж ирснээс 94283 тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар  хотод бүртгэгдсэн, замын хөдөлөгөөнд ачаалал нэмсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянган тээврийн хэрэгслээр мөн хөдөлгөөн нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто авто замыг өргөтгөх чиглэлээр жил болгон улс нийслэлийн төсвөөс замын сүлжээг өргөтгөх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ирсэн. Энэ хурдаар жил болгон хэчнээн зуун км зам нэмж тавиад ч түгжрэлийг бууруулахгүй гэдэг нь харагдаж байгаа.
  С.ЖАМБАЛЖАМЦ ОЛИМПИЙН ЭРХ АВСАН МОНГОЛЫН АНХНЫ ДУГУЙЧИН БОЛЖЭЭ   
 Ирэх 2024 оны Парисын зуны олимпод Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц оролцохоор эрхээ авчээ. Түүний олимпийн эрх өнөөдөр/2023.10.17/ албан ёсоор баталгаажих гэнэ. Олон улсын дугуйн холбооноос Парисын зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулжээ. Олимпийн эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпийн засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болов гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

С.Жамбалжамц олимпын эрх авсан Монголын анхны дугуйчин боллоо | Ublife
С.Жамбалжамц нь Азийн наадмын хүрэл медалиас гадна Азийн аваргын элит ангиллын мөнгө, хүрэл медальтай мэргэжлийн дугуйн спортын Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1