surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Танилц : 2024 оны улсын төсөвт ингэж төлөвлөжээ

Танилц : 2024 оны улсын төсөвт ингэж төлөвлөжээ

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. Ирэх жилийн хувьд нийт 27.2 их наяд төгрөгийн зарлага, 25.3 их наяд төгрөгийн орлоготой байна хэмээн тооцоолж байгаа. Төсвийн алдагдлыг ч хоёр их наяд төгрөг байна хэмээж буй. Ирэх жилийн хувьд онцлох 10 арга хэмжээ байгаа ажээ. Үүний нэг нь дэлхийн стандартад нийцсэн үндэсний эмнэлгүүдтэй болох төлөвлөгөө аж. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван эмнэлгийг ойрын хугацаанд барина хэмээн тооцоолжээ. Үүнд,
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв - Сүхбаатар дүүрэг
Зүрх судасны үндэсний төв - Баянгол дүүрэг
Халдвартын үндэсний төв -2 - Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулна гэж тооцоолсон байна. Ингэхдээ Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нийт 140 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барина гэж тооцоолжээ. Харин Зүрх судасны болон Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн дэд бүтцэд 15.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аж. 2024 оны буюу ирэх жилийн төсвийн төсөлд дээрх гурван төслийг нийт 40 тэрбум төгрөгөөр эхлүүлэхээр тооцоолжээ. Уг 40 тэрбум төгрөгийн 5.1 тэрбум төгрөгийг Зүрх судасны болон Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн дэд бүтцэд зарцуулах бол үлдсэн 34.9 тэрбум төгрөгийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эхний хэсэгт тусгажээ.
Дээрх гурван эмнэлгийн төслийг нийт гурван жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

  ТЭТГЭВРИЙН САНГИЙН 2 ХУВИЙГ БАЙНГЫН ХАДГАЛЖ, ИРЭЭДҮЙ ӨВ САНГ 100% МӨНГӨЖҮҮЛНЭ   

Улсын төсвийн ирэх жилийн төсөлд нийт 20 төрлийн сангийн санхүүжилтийн хуваарилалтыг хийжээ. Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 10.1 их наяд төгрөгийн зардлыг санхүүжүүлэх юм. Үүний, 93.7 хувь буюу 9.5 их наяд төгрөг нь даатгалын сангуудын зарлага 6.3 хувь буюу 630.1 тэрбум төгрөг нь бусан сангийн зардал байна. Энэ жилийн хувьд нийт 8.4 их наяд төгрөгийг Засгийн газрын тусгай сангуудад төсөвлөсөн билээ. Ирэх жилийн төсөв энэ жилийнхтэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр их байна.

Засгийн газрын тусгай сангийн зардлын төслийг доор танилцуулъя.

Сангуудын зарлага хамгийн өндөртэй нь Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсөвт нийт шимтгэлийн орлогын хэмжээг 4.5 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээг 5.1 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Улсын төсвөөс тэтгэврийн даатгалын сангийн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр, цэргийн албан хаагчдын тэтгэвэр, зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль, тэтгэврийн нөөц сангийн мөнгөжүүлэх арга хэмжээнд нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор тооцлоо.

Тэтгэврийн сангийн нийт алдагдал 998.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх онтой харьцуулахад 246.4 тэрбум төгрөг буюу 32.8 хувиар нэмэгдсэн. Шалтгаан нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч даатгуулагчдын тооны өсөлт, Улсын Их Хурлын долоодугаар сарын 7-ны өдрийн чуулганаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулиудын өөрчлөлт, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн 2023 оны төсвийн тодотголын нөлөөлөл болон 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй холбоотой. Тэтгэмжийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан зэрэг бусад сангуудын ТЭНЦЭЛ хуримтлагдахаар байна. Нийт 390.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Түүнчлэн Сангийн сайдын өгсөн мэдээлэлд Ирээдүй өв санг 100 хувь мөнгөжүүлэх бөгөөд Тэтгэврийн даатгалын санд иргэдийн шимтгэл бүрээс 2 хувийг хуримтлуулна хэмээсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн жил төсөвгүй, харин ирэх жил санхүүжүүлт авсан дараах 3 сан бий. Үүнд, 

Спортыг дэмжих сан - 1.2

Архи согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд туслах сан - 7.9

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан - 2.0 тэрбум төгрөгийг тус тус төлөвлөсөн байна. 

Тэгвэл дараах сангуудын төсвийг ирэх жил хасаж тооцжээ. Үүнд, 

Шинжлэх ухаан, технологийн санд 13.6 тэрбумыг төсөвлөсөн нь энэ жилийн төсвөөс 2.9 тэрбумаар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 84.3 тэрбумыг төсөвлөсөн нь энэ жилийн төсвөөс 8.1 тэрбумаар тус тус бага байна.

  ДУЛААНЫ ЦАХИЛГААНЫ СТАНЦЫН ЕСӨН ТӨСВИЙГ СУУЛГАНА   

 

Ирэх жилийн буюу 2024 оны Улсын төсөвт орон нутагт нийт 10 цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын төсөв дурдагдсан. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-аас гадна орон нутагт БНСУ-ын санхүүжилтээр нүүрсний уурхайд түшиглэсэн 9 цахилгаан станц барина хэмээж байгаа. Энэ нь ч ирэх жилийн гол сэдэв болох Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн хөгжлийн жил болгож буй Засгийн газрын бодлоготой холбоотой.
Тэгвэл уг 10 төслийн явц, ирэх жил хэчнээн төгрөгийн санхүүжилтийг суулгасан талаар судалсан юм.
   Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихын тулд үлдэгдэл нөхөн олговор 9.2 тэрбумыг иргэдэд олгоно    
БНХАУ-ын санхүүжилтээр манай улсын Засгийн газарт нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2018 оны жагсаалтад уг төсөл багтаж байв. Засгийн газар ийн хөрөнгө оруулалт татахтай зэрэгцэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Дөрвөн аймгийн иргэдийг хамарсан уг асуудал одоог хүртэл үргэлжилж байгаа билээ. Нийт 90 мВт-д суурилсан хүчин чадалтай ажиллаж, жилд нийт 366 сая кВт-ыг үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолсон уг төслийн гүйцэтгэгчээр 2021 онд БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл шалгарсан. Ингэхдээ гэрээний хэлэлцээрт 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулна, зарим зардлыг улсын төсвөөс гаргана, туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж, төслийг 61 сарын хугацаанд европ стандартын дагуу хийж гүйцэтгэнэ хэмээсэн байдаг. ТЭЗҮ-ээр бол 19.5 жилийн дотор өртгөө нөхөх боломжтой. Цахилгаан эрчим хүчээ зарж борлуулаад 271.4 сая долларын зээлийг 19.5 жилийн дотор төлөх боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо гарсан байдаг. Тэгвэл 2023 онд уг төсөлд нийт 123 тэрбум төгрөгийн төсөв тавьсан бол ирэх жиллийн хувьд 150 тэрбум төгрөгийн төсөв тавьжээ. Түүгээр ч зогсохгүй иргэдэд үлдэгдэл нөхөн олговор болох 9.2 тэрбум төгрөгийг ч тусгасан байна. 2020 оны УИХ-ын сонгуулийг өнгөрөөсөн эл төсөл ийнхүү 2024 оны УИХ-ын сонгуулийг дамнах нээ. 2018 онд дурдагдаж эхэлсэн хэмээн тооцвол өдгөө зургаа дахь жилээ өнгөрөөх төсөл гэсэн үг юм.
    Орон нутгийн 9 ДС-д 20.1 тэрбумын санхүүжилт төсөвлөжээ    
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт нийт 9 цахилгаан станцыг ашиглалтад оруулах билээ. Ингэхдээ БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, цахилгаан хангамжийн хоёрдугаар хэлхээний санхүүжилтэд 46 тэрбумын төсөвт өртөгтэй байгаагаас 20.1 тэрбумын санхүүжилт олгох ажээ. 11 жилийн өмнө Өвөрхангайд Баянтээгийн уурхайд түшиглэж 40 мВт-ын цахилгаан станц барих байсан нь өдгөө гурав хуваагдав. Одоогоос 11 жилийн нүүрсний ордуудыг түшиглэж, цахилгаан станц барихаар болж байв. Ингэхдээ Баянтээгийн уурхайд түшиглэж, 40 мВт-ын цахилгаан станц барих тооцоотой байсан гэдэг. Тус уурхайн нүүрсээр Архангай, Баянхонгор болон Өвөрхангай аймгуудыг хангадаг билээ.

  ТАВАН САЙДЫН ХАЛАА ҮЗСЭН  "ДАРХАНЫ ЗАМ  "

2024 оны Улсын төсвийн төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл тус төсөлд тусгасан төслийн санхүүжилт дунд Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам багтжээ.
Уг зам ийнхүү зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэхээр зэхэж байна. Тодруулбал, Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өртгөтгөж шинэчлэхээр шийдвэрлэж байв. Улмаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж, хоёр эгнээ авто зам барьж буй юм.
Тэгвэл тус хоёр эгнээ авто зам барих төсөлд ийнхүү 80 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгажээ.
Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хуваасан бөгөөд ийнхүү зургаа дахь жилтэйгээ золгохоор зэхэж буй юм. Товчоор бол тав дахь сайдынхаа "нүүрийг" үзэж байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй 2016, 2020 оны сонгуулиар сонгогдсон парламентыг элээсэн уг төсөл гурав дахь парламентаа "харах"-аар бэлдэж ч байх шиг.
Зургаа дахь жилдээ ч баригдаж дуусаагүй уг замыг наймдугаар сарын сүүлийн байдлаар гэхэд л 80 хувийн бүтээн байгуулалттай байгаа хэмээн холбогдох салбарын сайд нь мэдээлж байв. Түүнчлэн олон улсын санхүүжилтээр босгож буй бүтээн байгуулалт ийн олон жилийг зарцуулвал бид гадаадын зээл тусламжид төлөх өр төлбөр нэмэгдэнэ л гэсэн үг. Жил бүрийн улсын төсөвт ердөө зээлийн хүүд гэхэд л нэг их наяд төгрөгийг зарцуулдаг болсон. Ирэх жилийн хувьд ч 1.2 их наяд төгрөгийг зээлийн хүүд зарцуулах юм.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1