surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

М.Оюунчимэг: Газрын багц хуулийн төслөөр зарим зүйлийг зохицуулахаар тусгасан байгаа

М.Оюунчимэг: Газрын багц хуулийн төслөөр зарим зүйлийг зохицуулахаар тусгасан байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.23/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдолттой холбоотой асуудлыг шийдэх шаардлага байгаа учраас Засгийн газрын боловсруулсан холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, санал нэгдлээ” гэсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “Covid-19 цар тахлаас хойш дэд бүтэцжүүлэх ажил хөрөнгө мөнгөнөөс болоод зогссон байсан. Бүлгийн хуралдаанд өнөөдөр орон нутагт орон сууц баривал татвараас хөнгөлөх асуудлыг оруулж ирсэн. Мөн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл бууруулахтай холбоотой багц хуулийн төслийг оруулж ирсэн. Ажил явах эхлэл тавигдсан гэж хэлж болно. Тухайлбал, Сэлбэ дэд төвийг түшиглээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт таван давхар орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх. Орон сууц барих аж ахуй нэгж байвал Гааль, НӨАТ-аас чөлөөлөх таатай заалтууд орж ирсэн.  Уг асуудлыг бүлэг агуулгын хувьд нь дэмжсэн. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөрөнгө мөнгийг суулгах асуудлыг нийслэл өөрөө хариуцаад явна” гэлээ.
-Гэр хорооллыг орон сууцжуулахад газар чөлөөлөлт маш хүндрэлтэй байдаг. Зарим гэр хорооллын иргэдийн хөрөнгө харилцан адилгүй. Мөн иргэд аманд орсон тоогоо хэлдэг. Газрын үнэлгээг яаж шийдэх вэ? 
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг: -Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа Сэлбэ төсөл дээр газрын үнэлгээ нийслэлийнхээс ахиу ч гэдэг юм уу, асуудал бий.  Тийм учраас газрын үнэлгээтэй холбоотой асуудлаа Засгийн газар дээрээ шийдээд шийдлээ УИХ-д танилцуул гэсэн. Мөн Газрын багц хуулийн төслөөр зарим зүйлийг зохицуулахаар тусгасан байгаа.
-Аж ахуйн нэгжүүд иргэдтэй гэрээ байгуулахдаа “Газрыг нь байраар солъё” гэж чөлөөлүүлж авчихаад 4-5 жил болоход байр нь ашиглалтад орохгүй, иргэд хохирох үзэгдэл гарсаар байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн үед аж ахуй нэгж иргэдийн газрыг орон сууцаар солихоор болж, гэрээ байгуулан ажилласан ч газрын үнэлгээнээс болоод, хугацаандаа барилгаа бариагүйгээс  иргэдийг хохироосон. Тийм учраас дахин тендер зарлаад, аж ахуй нэгж шалгараад ажил нь эхлэх гэж байгаа юм билээ.  Ийм асуудал гаргахгүйн тулд төр өөрөө оролцоод гурвалсан гэрээ байгуулаад гэр хорооллын төлөвлөлтийг хийсэн шиг хийе гээд цогц хуулийн төсөл орж ирж байгаа учраас цэгцэрнэ гэж ойлгож байгаа.
-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноосон. Энэ хүний бүрэн эрхийг хэзээ түдгэлзүүлэх вэ. Бүлгийнхээ хуралд оролцож байгаа юм уу?
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон УИХ-ын тухай хуульд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн.  Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.  Ё.Баатарбилэг гишүүүн өөрөө давж заалдаж байгаа болов уу.  Ёс зүйн хувьд  хууль батлахад оролцох нь тохиромжгүй байдал үүссэн учраас хуралдаа оролцохгүй байгаа болов уу, би тэгж ойлгож байгаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1