surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Тамирчид : Холбоо гаргасан шийдвэрээ эргэж хараасай

Тамирчид : Холбоо гаргасан шийдвэрээ эргэж хараасай

Монголын сагсан бөмбөгийн холбоо түүхэндээ хоёр дахь удаагаа хагарал үзэж, мэргэжлийн гэж болохуйц хоёр лигтэй боллоо. Сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лиг ирэх Баасан гаригт нээлтээ хийх болох багийн эздийн мэргэжлийн лиг өчигдөр/2023.10.29/ улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудаа хийв. Нөхцөл байдал ийм болсон үед тамирчид ч дуу хоолойгоо хүргэж байна. Мэдээж хагарал, хуваагдлын үед хамгийн их хохирдог тал нь тамирчид гэдгийг бид өмнө нь хангалттай харсан. Тэгвэл тамирчид тэрхүү гунигт түүхийг давтахыг хүссэнгүй.
Сагсан бөмбөгийн тамирчдын "Ирээдүй" холбооны зүгээс талуудыг зөвшилцөхийг хүссэн билээ.
"BCH" Гарьд багийн тамирчин Э.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа "Та бүгддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үүсээд буй нөхцөл байдлыг та бүхэн минь тайлбарлуулалтгүй мэдэж байгаа байх. Нийт сагсан бөмбөгийн "Ирээдүй" холбоо болон дээд лигийн багуудын тамирчид бид нэгдсэн дээд лигтээ тоглох мөн эв эеийг маш ихээр хүсч байгаа тул дараах уриалгыг гаргаж байна.
Үүнд,
Монголын сагсан бөмбөгийн холбоо минь тамирчид биднийгээ хүндэтгэн үзэж, эв эеийг эрхэмлэн, гаргасан шийдвэрээ эргэн нэг харахыг хүсч байна.
Багийн эзэд минь тамирчид биднийхээ хүсэл тэмүүлэлийг хүндэтгэн үзэж, эв эеийг эрхэмлэж бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна.
Монголын сагсан бөмбөгийн холбоо минь, багийн эзэд минь тамирчдынхаа нэгдсэн байдлыг хүндэтгээд аль аль тал нь буулт хийж шийдвэрээ эргэн харахыг бид маш ихээр хүсч байна.
Хөгжлийн лигээс шинээр дэвшин орж ирж байгаа багуудаасаа чинь сэтгэлээсээ хүсэх зүйл байна.  Сагсан бөмбөг гэдэг нэгэн дээвэр доор эвийг эрхэмлэж, нэгдмэл байдлаа хадгалахын төлөө бидэнтэй нэгдэхийг маш ихээр хүсч байна. Дээд лигт орох мэдээж бидний зорилго гэхдээ та бүгд маань спортын шударга өрсөлдөөн үзүүлж дээд лигтээ орж ирвэл бахархалтай шүү дээ. Иймд та бүгд маань бидэнтэй нэгдээч
Сагсан бөмбөгт хайртай биднийг үргэлж дэмжидэг нийт хөгжөөн дэмжигчид минь ээ эв эеийг эрхэмлэсэн энэ лигээ эргэн үзэхийн төлөө бүх хүний оролцоо хэрэгтэй байгаа тул та бүгд маань сайн "share" хийж туслаарай.
Манайхан санал сэтгэгдэл хэсэгт битгий хэрүүлийн чанартай сэтгэгдэл үлдээгээрэй. Та бүгддээ баярлалаа, хайртай шүү. Эв нэгдэлтэй монгол улсын төлөө" гэжээ.
Бусад тамирчид ч хэдийнэ үзэл бодлоо илэрхийлсэн. Эрдэнэтийн Уурхайчид багийн тамирчин Т.Санчир "10 жил ингэж зовлоо, үнэндээ. Одоо бол чадахгүй юм байна" гэсэн бол Тэнүүн-Өлзий Металл багийн Д.Дэлгэрням "Та нар минь учир зүйгээ олоод тамирчид биднийгээ жаахан ч гэсэн бодчих л доо. Ажил хийж байгаа хүмүүст сайдаж муудах зүйл байлгүй л яах вэ. Сайн ярилцаад ойлголцвол болох л юм шиг байх юм. Бид чинь сагсан бөмбөг гэдэг нэг л том дээвэр доор бүх зүйлээ зориулж, байгаа гэр бүл шүү дээ" гэжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1