surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ж.Бат-Эрдэнэ: 100 мянган иргэнийн саналыг үл тоовол ардчилал гэж яриад хэрэггүй

Ж.Бат-Эрдэнэ: 100 мянган иргэнийн саналыг үл тоовол ардчилал гэж яриад хэрэггүй

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Уг асуудлаар нийгэмд хэлэлцүүлгүүд ихээр өрнөж буй. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн зарим байр суурийг онцолж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар

УИХ-ын тухай хуулийн 39.2-т нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим технологиор санал авахаар хуульчилсан. Богино хугацаанд иргэд саналаа өгч, 100 мянгад хүрлээ. Иргэд эрх ашгийнхаа төлөө дуугарч чадлаа. Одоо УИХ-аар хэлэлцүүлэх нь тодорхой боллоо. Хууль учраас хуулийнхаа дагуу явна. УИХ хэлэлцэнэ. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд Сангийн яам 600 гаруй тэрбум шаардлагатай гэсэн бол Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан 400 гаруй тэрбум гэсэн тоо хэлсэн. Ингэж 200 тэрбумын зөрүү гаргаж болохгүй шүү дээ. Тооцоо тодорхой бус байна. Аж ахуйн нэгжийнхэндээ илүү итгэж байна. Яагаад вэ гэвэл тэд өөрийнхөө мөнгийг тоолж байна шүү дээ. Тиймээс бодит, тооцоо судалгааг гаргахын тулд хэлэлцэх ёстой. Монгол Улсын 100 мянган иргэн саналаа өгнө гэдэг их тоо. Цахим системд нэвтэрч санал өгөх бас тийм ч амар биш. Гагцхүү саналаа өгье гэж хичээсэн хүн л өгч байгаа учраас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал бол ард түмний хүсэл сонирхол юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор наймаалцаж байна. Өнөөдөр 74 мянган аж ахуйн нэгжийн 50 хувь нь НӨАТ төлөхгүй байна. Мөн 50 саяас дээш орлогтой 4300 иргэн, 5400 аж ахуйн нэгжүүд  50 саяас дээш борлуулалт хийчихээд мөн төлөхгүй байна. Өөрөөр хэлбэл, 1,9 их наяд төгрөг далд эдийн засаг руу явж байна. УИХ-ын даргын санаачлагыг 100 мянган иргэн дэмжлээ. Үүнийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Татварын суурь бааз нэмэгдснээр орлого 950 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг утгаар дэмжиж байна. Харин жадлан эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна.

Бид төрийн яаманд ажилласан, ухаантай эрдэмтэд, харин иргэд юу ч мэдэхгүй гэдэг байр сууринаас хандаж болохгүй. Сангийн яам төсвөө хамгаалж болно. Гэхдээ УИХ, ард түмний төлөөллийн байгууллага “Наадахаас зас” гэж хэлэхэд яам засах ёстой.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ цахим тогтолцоог ийнхүү нэвтрүүлж, ард түмнийнхээ дуу хоолойг сонссон нь ардчиллын том хэлбэр гэж харж байна. Аливаа зүйл цагаа олж, дэмжлэг авах хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг ард түмэн хүсч байна гэсэн үг.

Харин НӨАТ-ыг хуваалцдаг болсон  хууль бус үйлдийг мэдээд байгаа мөртлөө засахгүй сууна гэдэг хууль тогтоогч бидэнд байж боломгүй зүйл. Юуны төлөө  төр байгаа билээ. Зах зээлийн зохицуулалтыг НӨАТ-ын энэхүү татварын буцаан олголтод  өөрчлөлт хийснээр зөв голидролд нь оруулах ёстой. Нэг жилийн дотор 5 их наядаар эдийн засгаа тэлж чадаж байгаа учраас 615 тэрбум олоход эргэлзээ байж болохгүй. Өнөөдөр энэ санал өгсөн 100 мянган иргэнийг үл тоогоод, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж чадахгүй бол ардчилал гэж яриад хэрэггүй. Харин цаашид ард иргэдийн саналыг авч олон хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэх эхлэл  гэж харах ёстой. Хууль тогтоох үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоог нээж өгч байна шүү дээ.

 

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга харицлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр

Татварын үндсэн зарчим тэгш шударга байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр 615 тэрбум олох хэцүү гээд байна. Энэ үгүй юм. 2022 онд Авлигатай тэмцэх газар төсөвт 2,3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн.  Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Нүүрс, төмрийн хүдрийг зарж орлого олсон. Одоо зэсээ худалдах хэрэгтэй. Зэс тойрсон шимэгч нарыг болиулах хэрэгтэй. Зэсийг худалдвал их наядаар орлого нэмэгдэх магадлалтай. Бидэнд боломж байна. Зохицуулалтай төртэй улс орон хөгжиж байна. Бид ядаж төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй. Зардлаа хэмнэх хэрэгтэй. Энэ мэт олон хэмнэлтээс 615 тэрбум байтугайг олно. 100 мянган хүн санал өгнө гэдэг асуудал байна гэсэн үг учраас УИХ хэлэлцэх ёстой.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1