Монголдоо сайхан амьдрах, мөрөөдөл зорилгоо биелүүлэх гэж бизнес эхлүүлдэг. Эцсийн дүндээ энэ улсын хөгжилд хошуу биш хуруу нэмэрлэх гэж... Гэтэл төр тэгэж хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл ажлын байр бий болгож, тодорхой үр дүнгийн төлөө хичээдэг хувийн хэвшлүүдийг татвар нэртэй татаасаар дарамталсаар дампууруулдаг нь энэ улсын тогтолцооны гажуудал. Энэхүү тогтолцооны гажуудлыг үүсгэж буйн цаад шалтгаан юу вэ?
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ГАЖУУДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА
Төр иргэдээс татвар авах эсвэл зээлэх замаар ажлаа санхүүжүүлвэл шинээр үүсгэсэн ажлын байрны тоотойгоо ижил ажлын байрыг устгаж байна гэсэн үг. Төр арилжааны банкуудаас зээл авч ажлуудаа санхүүжүүлсэн тохиолдолд энэ нь зээлийн тэлэлт болон инфляцийг дагуулна. Бид төрийн өмчийн компаниуд юу дагуулдагийг ЖДҮ-ийн хэргүүд, концессын хэргүүд, Хөгжлийн банкны хэргүүд, Нүүрсний хэргүүдээс хангалттай нотолгоог харж болохуйц. Элдэв зээл, санхүүжилт нь улс төрчдийн халаасанд орсныг дээрх үйл явдлууд бүрнээ харуулсан.
Тухайлбал 2022 онд төрийн өмчийн компанийн хөрөнгө нь 59.2 их наяд, Эргэлтийн хөрөнгө нь 9.5 их наяд бол эргэлтийн бус хөрөнгө нь 49,7 их наяд. Эргэлтийн бус хөрөнгийн 24.1 их наяд нь урт хугацааны хөрөнгө оруулалт байна. Ялангуяа 2016 оноос Төрийн өмчийн компаниудын хөрөнгө огцом өссөн үр дүн харагдаж байна. Энгийнээр 14.5 их наядын орлого олохын тулд 21.2 их наядын өр төлбөр тавьж, 11.5 их наядын зардал гаргажээ. Хөрөнгийн үр өгөөжгүй, энэ олон төрийн өмчит компаниуд иргэдээс татвар авч, цөөхөн хэдэн хүний халаасыг түнтийлгэж байгаа нь нууц биш.
Тэгвэл Төрийн өмчийн компаниудын хөрөнгийн хэмжээг эрс өсгөх үйл явц сүүлийн 13 жилд идэвхитэй өрнөсөн нь энэ бүхний эхлэл. Ингэхдээ 2010 оноос Төрийн өмчийн компаниудыг ихээр бий болгож, улс төрийн намын санхүүжилт олгодог компани болгосон нь дараах статистик тоо баримтаас харагдана.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ИНФЛЯЦИЙГ БИЙ БОЛГОЖ, ЯДУУРАЛД ХӨТӨЛЖ БАЙНА
Төрийн өмчийн компаниудын өр төлбөр нь 21.2 их наяд, Богино хугацааны болон урт хугацааны өр төлбөрийг хаанаас авах вэ? Арилжааны банкуудаас, эсхүл төрийн санхүүжилтийн сувгаар авна. Төрд дээрхийг өгөхийн тулд 2 арга зам хэрэглэнэ. Нэгдүгээрт, татварын аргаар татварын орлого нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх, хоёрдугаарт, Мөнгө хэвлэх замаар санхүүжүүлэх. Үүний нэг тод жишээ нь Ковидын үед 10 их наядын хөтөлбөр гаргасан. 10 их наядын хөтөлбөрөөс, нийт банкуудаас төрийн өмчийн компаниудын авсан зээлийг харахад л харагдана. Нөгөө талаар, Монголын банкны мөнгөний нийлүүлэлтийн графикыг, төрийн өмчийн компанийн өр төлбөрийн графиктай, мөн инфляцийн графиктай харьцуулаад харвал парлел явж байгаа нь харагдана.
Мөрөөрөө бизнес эрхэлж буй хувийн хэвшлүүдийг барьж иддэг тогтолцоо нь ТӨРИЙН ӨМЧИТ компаниудад байна. Учирлавал төрийн өмчит компаниуд татвараар эх үүсвэрээ босгож байгаа тул татварын байгууллага нь татаасаа нэмэх зарчмаар ажилладаг. Монгол улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж байгаа бол тодорхой хэмжээний татвар төлөх нь зөв. Гэхдээ төлж байгаа татварыг улсын хөгжилд зарцуулах ёстой байтал хэдхэн байгууллагын эзэд хувааж идээд клиент үүсгээд байгаа нь асуудал юм.
Клиент гэдэг нь Клиентелизм гэсэн үгний товчлол. Тэгвэл клиентелизм гэдэг нь хоёр болон түүнээс дээш хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садангийн онцгой харилцаа, холбоо бүхий голдуу тодорхой зорилгод чиглэсэн хүмүүсийн цүнхний компаниудыг хэлж байгаа юм. Ингэхдээ клиент нь үндсэн ивээн тэтгэгчдээ буюу төрийн өмчит компаниудад өөрийн биеэр үйлчлэх зэргээр ойр ажилладаг. Үүгээр зогсохгүй тэтгэгч, дэмжигчдийн холбоо нь олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж нийгмийн солилцооны авилгалыг бий болгодог. (Товчхондоо: улс төр – далд бизнес – төрийн алба гэх тогтолцоо юм.)
Дээр дурдсан клиент үүсгэж байгаа үзэгдлүүд манай улсад олширсноор хүч сул хувийн хэвшлүүдийг түлхэн унагааж, дампууралд хөтөлж байна. Цаашлаад эдгээр клиентүүд аливаа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлж хэт монополь зах зээлийг бий болгож байна гэсэн үг.
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ
Татвараас залгидаг биш татвар төлдөг бизнес эрхлэгчид энэ улсад хэрэгтэй. Зарим нэг зүгээр суугаад хөлжиж байдаг төрийн өмчит компаниудад оруулж байгаа татвараар дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Жишээлбэл Канад улсын дэд бүтцийг дангаараа хувийн хэвшлээс босгож ирсэн түүх байдаг. Тэгвэл эсрэгээрээ төр нь компанитай байгаад ИХ ХЯМРАЛД өртсөн Аргентиний гашуун түүх ч бий. Манай улс Аргентиний түүхийг давтаж байгаа нь илт анзаарагддаг.
Яагаад АРГЕНТИН улс их хямралд өртсөн бэ ???
1999 онд Аргентин улсын эдийн засаг дампуурч Их хямралын үе руу орсон. Улс орон дампуурахад тухай улсын хамгийн гол үйл ажиллагаанууд үндсэндээ зогсдог болохыг учир мэдэх улс тухайн үед анзаарч байсан.
Улсын судас болсон цахилгаан станц, шатхуун түгээгүүрийн газрууд, шуудан холбоо, банк санхүүгийн байгуулгууд бүрэн ажиллагаагүй болж цалин тэтгэвэр байхгүй, дэлгүүрийн лангуу хоосорч, үндэсний мөнгөн тэмдэгт цаас болж инфляцийн хэмжээ тэнгэрт тулж, ажилгүйдэл 25 хувиар өсч эмх замбараагүй байдал үүссэн байна. Мэдээж дунд жижиг бүх бизнесүүд хаалгаа барьж ажилгүй гэр оронгүй хүмүүсийн тоо 40 мянгад хүрсэн. Засгийн газар нь зардлаа танах гэж ард түмний нуруун дээр татвар ихээр нэмж байв. Ингэхдээ Банкны дансы гүйлгээг жилийн хугацаанд зогсоож, 7 хоногт нэг хүн 250 ам.доллар л данснаасаа авахыг зөвшөөрч байсан. Ингээд ирмэгц банкны эзэд хүмүүсийн хадгаламжийг авч гадаадад зугтан гарч, бүх олигарх баячууд нь эх орноо орхин гадаад руу зугтаан ганцхан шөнийн дотор гэхэд 40 миллиард ам.долларыг хийсгэж байв.
ТЭГВЭЛ МОНГОЛ УЛС АРГЕНТИН УЛСЫН ГАШУУН ТҮҮХИЙГ ДАВТАХГҮЙ БАЙХ АРГА БИЙ ЮУ?
Мэдээж байгаа. Төр түүний ажилчид өмчгүй байгаад бизнес эрхлэгчдийн ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниудын тоог, эсвэл ажиллаж буй бүтцийг цөөлөх шаардлагатай гэсэн үг. Ингэхдээ хувийн хэвшлүүдэд бизнес нь бойжих таатай орчинг бүрдүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгох нь чухал. Иймээс анхлан байгуулагдаж буй компаниудын татварыг тодорхой хэмжээнд багасгаж өгөх олон улсын жишгийг баримтлах нь зүйтэй. Энд төрийн зайлшгүй оролцох ёстой гарц нь үнийн өсөлтийг тогтоон барихад гол анхаарлаа хандуулах. Ингэж чадвал ажилгүйдэл үгүй болж, авлигал албан тушаалын хэрэг багасаж, баян ядуугийн ялгаа арилах нь олон улсын жишгээр батлагдсан. Түүнээс биш хувийн хэвшлүүдээ татвараар далайлгаж, төрийн өмчит компаниар халаасаа түнтийлгэдэг төр өмчтэй байх нь улсын хөгжилд ухралт л авчрахаас дэвшилт авчрахгүй. ӨНӨӨДӨР МАНАЙ УЛС ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД ТИЙЧИГНЭЖ БАЙГАА.
А.САМО
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ