surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ажлын байранд нийтлэг тааралддаг "ТАВАН" төрлийн "ХЭЦҮҮ" хүмүүс

Ажлын байранд нийтлэг тааралддаг  "ТАВАН" төрлийн "ХЭЦҮҮ" хүмүүс

АНУ-ын ажиллах хүчинд явуулсан судалгаагаар оффисын ажилчдын ажлын байран дахь зөрчил 2008 оноос хойш хоёр дахин өсөж, ажилчдын 36 хувь нь байнга, олон давтамжтайгаар хүнд хэцүү ажлын хамтрагчаасаа болж стресстдэг болохоо илэрхийлжээ.  Бид ажлын байран дээр ямар ямар хэцүүхэн хүнтэй тааралддаг вэ? 
   1 Залхуу хойрго хүн   
Хамт олны зарим нь чармайн ажиллаж байхад залхууран хойш суудаг хүмүүс хэцүү хэцүү... Гарын үзүүрээр хийчих ажлыг удаа дараа хойшлуулж, ажлын цагийг дэмий өнгөрөөж, нүд хариулан хийцгүйрч суудаг хүмүүст хатуухан сануулга өгөхгүй л бол өөрчлөгдөхгүй байх вий. 

Нөхөрсөг зөвлөгөө:  Хамт ажилладаг хүн тань энэ төрлийн хүн бол шууд сэтгэл хөдлөлөөр уурлаж бухимдан буруутгахаас зайлсхийгээрэй. Үнэхээр залхуурч байна уу, эсвэл ажлаасаа халширч, хувийн амьдралаасаа болж стресстэж буй эсэхийг нь нөхөрсгөөр санаа тавин асуугаад үзээрэй. Хүндлэл, нөхөрсөг хандлагаар ажлаа яагаад хойшлуулж, хойрго хандаж буйг нь асуувал асуудал шийдэгдэх ч юм бил үү? Мөн түүнд бусад нь хичээн ажиллаж байгаа тул хамт олноо хүндэтгэн ажлаа бүрэн гүйцэтгэлтэй хийхийг удирдлагын зүгээс анхааруулах хэрэгтэй.

   2 Байнга гомдоллогч   

Судалгаагаар ажлын байрандаа байнга гомдоллож, хийж буй ажилдаа төвөгшөөдөг хандлагаас болж бизнесийн салбарт л гэхэд жилд 3 тэрбум ам.долларын алдагдалд ордог болохыг тогтоожээ. Байнга гомдоллодог нэг л хүн байхад ажлын орчин стресстэй, ажиллахад хүндрэлтэй болдог. Хүний өмнөөс ажиллаж байгаа мэт гомдоллож суудаг хүнийг тэвчишгүйеэ.

Нөхөрсөг зөвлөгөө:  Асуудлыг нөгөө талаас харахыг хичээгээрэй. Байнга гомдоллож байгаа шалтгаан нь нэг хүнд хэт их ажил өгсөн тэгш бус хуваарилалт ч байж мэднэ. Өөрийн зохих ёсны ажлаасаа ч төвөгшөөж байвал ярилцаж, хэрхэн амар хялбараар хийж болохыг нь зөвлөлдөөд үзээрэй. Магадгүй хийж чадахгүй байгаа ажилдаа тусламж хүсэж чадахгүй гомдоллоод сууж байгаа ч юм бил үү? 

  3 Ажлаас илүү анхаарал хүсэгч   

Багаараа хийсэн төслийг ганцаараа танилцуулж, ажлыг нь хийхээс илүү нэр хүндийг нь авах гэж улайрдаг хүн хэцүү шүү. Байнга л "Би,би" гэж ярьдаг хүнтэй нэг баг болоход ажлын бүтээмж, урам зориг муудна. 

Нөхөрсөг зөвлөгөө:  Магадгүй тэр хүн өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмжтэй ажиллаж байж мэдэх юм. Удирдлагууд нь өөрийг нь хангалттай үнэлж хүндэтгэхгүй байвал өөрийгөө тодруулж харуулахыг улам их хүснэ. Тиймээс ил тод, нээлттэй ярилцаж асуудлыг шийдвэрлээрэй. 

  4 Цэцэн мэргэн    
Зарим хүн ажил дээрээ бүхний мэдэгчийн дүр хувирч, мэдэхгүй зүйлээ ч мэддэг мэт аашлах нь бий. Өөрийн мэдлийн бус ажил үүрэгт ч хошуу дүрж, гар биеэрээ оролцохгүй төсөл ажлууддаа хөндлөнгөөс зааварладаг хүн хэцүү. 

Нөхөрсөг зөвлөгөө:  Анхаарал хүсдэг хүнтэй нэгэн адил түүний зан ааш ажилд нь хэрхэн нөлөөлж буйг анзаараад үзээрэй. Түүнээс болж та өөрийн ажилдаа бухимдаж, хүндрэл гарч байвал шулуухан хэлсэн нь дээр. Бүр хүндрэлтэй бол удирдлагатайгаа гурвалсан нөхөрсөг уулзалт хийж асуудлыг шийдвэрлээрэй. 

  5 Хов жив базагч  

Ай даа, хамгийн хэцүү хүмүүс бол ажлын цагаар хэрэгтэй хэрэггүй мэдээллээр бөмбөгдөгч нар. Сөрөг муухай утгатай хов жив тарааж, хүсээгүй байхад стресстүүлмээр мэдээлэл чанга чанга ярьж өгдөг хүнд шууд уурлах ч хэцүү. 


Нөхөрсөг зөвлөгөө:   Түүнийг дараагийн удаа ээлжит хов живээ "базах" гэж ирэхэд нь үнэхээр сонирхохгүй байгаа, сонсохыг ч хүсэхгүй буйгаа илэрхийлээрэй. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1