surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулахаар 12 дугаар сарын жагсаалыг зохион байгуулж буй тоглогч хэн бэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулахаар 12 дугаар сарын жагсаалыг зохион байгуулж буй тоглогч хэн бэ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар оны өмнө огцорч магадгүй гэх дуулиантай зэрэгцэн МАН-ын бага хурал хойшилж байгаа. Ирэх сарын 5-нд нүүрсний гэх тодотголтой УИХ-ын түр хорооны сонсгол болно. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ахлан явуулах эл сонсголын урьтал болгон төв талбайд жагсаал зохион байгуулахаар МАН-ын хэсэг бүлэг залуус бэлтгэлдээ орсон мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Жилийн өмнөх энэ өдрүүдэд яг ийм орц, найрлагатай улстөр өрнөж, үр дүнд нь Д.Амарбаясгалан генсекийн суудлаа хадгалж үлдсэн  талаар МАН-ын зарим гишүүд ярьж байна. Үнэний ч ортой санагдсан тул эргэн сануулъя

2022.11.08-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлыг 2022.12.06-нд хийхээр товлосон. Бага хурлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрхзүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтсон талаар намын хэвлэлийн албанаас мэдэгдэж байв. Гэхдээ хурлын цөм нь Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон тул намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн очих нь улстөрийн хүрээнийхний анхаарлын төвд байсан юм.

Гэтэл бага хурал болохоос хоёр хоногийн өмнө нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан иргэд гэнэт гарч ирэн, улмаар хэдэн өдөр үргэлжлэн жагссан тул МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов. Уг нь бага хурал товлосон хугацаандаа болсон бол Я.Содбаатар генсэкийн суудлыг авахаар намынхнаа бүрэн базаж байсан гэнэ.
Эл жагсаалын өмнөхөн мөн л өнөөдөр шиг “МАН-ын Засгийн газар өөрсдөө жагсаал захиалдаг болсон” гэх шүүмжлэл нийгмийг талцуулж байв. Өмнөх дөрөвдүгээр сард нь хэдэн нөхөр “Ажлаа хий” гэж жагсмагц Засгийн газраас “Аан за за, ажлаа хийлээ” гээд буцаад орцгоочихсон гэгдээд байсан тул олонхи иргэн нүүрсний гэх жагсаалыг захиалгат хэмээн харж, хардаж байсан нь үнэн.
   ЭНЭ УДААД НҮҮРСНИЙ ГЭХ СОНСГОЛ МАН-Д ТҮЙМЭР ТАВИНА ГЭЛЦЭЖ БАЙНА   
Гэхдээ үүнтэй зэрэгцээд хэнийг яллаж, хэнийг авч үлдэх тохироо ид хийгдэж байж мэднэ гэх хардлага хүчтэй явж байгааг хэлэх хэрэгтэй. Сонсголыг хавар, магадгүй өнгөрөгч сард, үгүй дээ л энэ сард зохион байгуулах бүрэн боломж байсан ч тодорхой шалтгаангүй хойшилсоор ирэх сард товлосон нь энэ мэт элдвээр хардах үндэслэл болов. Тиймээс ч жинхэнэ хэрэгтнүүдээ хаацайлж ирэх сонгуульд түвэг, чирэгдэл учруулж болзошгүй гэсэн нөхдийг намнах ажиллагаа л болох шинжтэй.

Сонсголыг товлосон ёсоор хавар зохион байгуулсан бол “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал дуудагдаж, олон үнэнийг дэлгэх байлаа. Тэрбээр анхны нүүрсний сонсголыг удирдахаар томилогдоод байсан УИХ-ын гишүүн Г.Ганболдод “сонсголд цахимаар оролцъё” гэсэн хүсэлт тавьсан юм шүү дээ уг нь. Гэвч эрх баригчид түүнийг заавал олж ирнэ хэмээгээд байгаа газар, маршрутыг нь санаатай санаандгүйн алин болох мэдэгдэхгүйгээр дэлгэсээр таг болсон. Түр хорооны дарга Г.Ганболдыг ч нүүрсний сонсголыг удирдах даргаас чөлөөлж, улмаар сонсголыг хойшлуулсан. Түүний “ажлыг” авсан Х.Нямбаатар ч сонсгол удирдах эрх үүргээ Б.Энхбаярт шилжүүлсэн зэргээс үзвэл нүүрсний сонсгол гэх ажиллагааны зорилго илтэд өөрчлөгдсөн болов уу.

Үйл явдлыг ухраагаад өмнөх он дээр авааччихсан юм уу гэмээр энэ тэнд хэсэг бүлгээр жагсах жагсагчдын сураг ажиг дуулдан, Л.Оюун-Эрдэнийг кабинетаараа огцрох шалтаг шалтгаан гаргаж өгөхийг У.Хүрэлсүхээс хүсч орсон гэлцээд эхэллээ…Эдгээр дуулианаас өмнө дараагийн Ерөнхий сайдаар Д.Амарбаясгалан нэрлэгдэж, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын дундуур хар муур гүйлгэсэн хүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чичлэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг Германд явахад тухайн улсын хэвлэлээр нүүрсний хэрэгтэн хэмээн бичүүлж, цавчаа ногооны дуулианыг дэгдээсэн гэх асуудлын “найруулагч” нь Я. Содбаатар. Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нарыг хэзээнээсээ таарамжгүй харьцаатай, хоноц хоноцдоо дургүйн үлгэрээр хэн нэгнийгээ У.Хүрэлсүхийн дэргэдээс холдуулахаар “яс шидэж” явдаг харчуул.

Харин энэ удаад Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд болгож, Я.Содбаатарт генсекийн суудлыг өгөх тохироо хийгдсэн гэж буй ч үнэн хэрэгтээ Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын хэн хэнийх нь халаасанд огт өөр хувилбарууд бий бололтой.

Д.Амарбаясгалан хэдхэн сарын настай Ерөнхий сайдын суудлаас татгалзаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг гаргаж ирэх магадлал өндөр байгаа талаар тус намын удирдах зөвлөлийн цөөн нөхдийн хүрээнд яригдаж байсан. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр Х.Булгантуяаг томилуулахын тулд хурлыг цаг агаарын нөхцөл байдлын улмаас гэх шалтгаанаар хойшлуулан байж хайрцаглаж чадсан Д.Амарбаясгалан энэ удаад намын бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Үнэхээр ч зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоогүй байх үед тов нь гарсан хурлыг хойшлуулаад буй нь энэ удаа ч ялгаагүй Д.Амарбаясгалангийн халаасанд Х.Булгантуяагийн нэр яваатай шууд холбоотой гэв.

Тэгвэл У.Хүрэлсүхийн халаасанд богино ч болов хугацаанд Сангийн сайд Б.Жавхлан бий бөгөөд саад болсон хэнд ч болов хатуухан “шанаа” өгнө гэдгийг тун ойрын нь эх сурвалж мэдээллээ. Тиймээс сүүлийн өдрүүдэд У.Хүрэлсүх рүү чиглэсэн, түүнийг муу муухай харагдуулах гэсэн элдэв чимэгт мэдээллүүд сошиалд гэнэт гэнэтхэн тавигдах болсон төдийгүй магадгүй, Засгийн газрыг огцруулахыг шаардсан бус Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах “жагсаал” хийгдэж болзошгүй гэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулахаар 12 дугаар сарын жагсаалыг зохион байгуулж буй тоглогч хэн бэ???

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1