surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Барилгын суурь хэтрүүлж ухсан зөрчлийг арилгуулна

Барилгын суурь хэтрүүлж ухсан зөрчлийг арилгуулна

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж байна. “Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын 7 дугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин төлөвлөлт дээр ажиллаж байгаа. Тус байр нь 33 оршин суугчтай байснаас 22–ыг нь өмнө нь ашиглалтад оруулсан барилгуудад оруулжээ. Үлдсэн 11 оршин суугч нь нэг давхартаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг байв.

"Фүжи Девелопмент" ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр “Хуучин байр нь 64 метр урттай, өргөтгөлтэйгөө нийлээд 15 метр өргөнтэй, гурван давхар барилга байсан. Бид тус барилгыг буулгаж, хоёр давхар 292 машины далд зогсоол, 70 машины ил  зогсоолтой, дөрвөн давхар үйлчилгээний зориулалттай барилга болгохоор төлөвлөсөн. Энэ 15 метрийн өргөнтэй байранд гарааш төлөвлөх боломжгүй. Мөн урсдаг шат, лифт хийхийн тулд заавал нийтийн эзэмшлийн талбай гаргах шаардлагатай. Гэтэл 64 метр урттай байрыг 44 метр болгож богиносгох үүрэг өгсөн. Хэрэв ингэж богиносговол нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол, гарааш, лифтгүй болно гэсэн үг. 15 метрийн өргөнтэй байранд гарааш хийвэл 12 метр нь зорчих хэсэг болно. Тиймээс машин зогсох боломжгүй. Бид нийтийн эзэмшлийн талбай, лифт, аваарын шатны хонгил хийхийн тулд өргөнийг нь таван метрээр сунгах хүсэлт гаргасан. Гэтэл одоо болтол холбогдох байгууллагуудаас шийдвэр, хариу өгөхгүй байгаа” гэв.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Фүжи Девелопмент” ХХК-ийн хариуцаж байгаа дахин төлөвлөлтийн барилгад инженерийн дэд бүтцийн шугам өртөж байгаа тул барилгын уртаас 20 метр хасах шаардлага үүссэн. Тус компани барилгажих төслийн дагуу барилгын тухайлсан зургийг хийхдээ заасан хэмжээнд тохируулан хийх ёстой. Компанийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай гаргана гэж байгаа боловч анх батлагдсан барилгажилтын төсөлтэй уялдахгүй байгаа тул Хот байгуулалт хөгжлийн газраас тухайлсан зөвшөөрлийг олгоогүй” хэмээлээ.

Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байна. Тодруулбал, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан бөгөөд тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Уг барилгыг буулгаж, шинээр дахин төлөвлө гэж танай компанид хүчээр тулгаагүй. Тиймээс нийслэлийн бодлого, шийдвэртэй уялдах ёстой. Хан-Уул дүүргийн ЗДТГ, НИТХ-ын төлөөлөгчид, Хот байгуулалт, хөгжлийн газар болон "Фүжи Девелопмент" ХХК-ийн төлөөллүүд зураг төслөө дахин хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Зөвшилцсөний үндсэн дээр хууль ёсны дагуу ажлаа эхлүүлэх ёстой. “Барилга барьчихаад дараа нь зөвшөөрлөө гаргуулчихна” гэсэн ёс бус ойлголтоо аж ахуйн нэгжүүд болих хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс "Фүжи Девелопмент" ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1