surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн компаниудад өгдөг татаасны механизмыг өөрчилнө

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн компаниудад өгдөг татаасны механизмыг өөрчилнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

-Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах тухай яриа гарсан. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар танилцуулсан уу, ямар үндэслэлээр ийм санал гаргасан бэ?

-Тийм санал огт гаргаагүй. Засгийн газрын хуралдаан дээр ийм зүйл яриагүй. Харин энэ тав дахь өдөр нийтийн тээврийн парк шинэчлэлийн олон улсын тендерийг нээнэ. Олон улсын тендерт ирсэн баримт бичгүүдийг нээлттэй зарлаж, тендерт ирүүлсэн үнэ, хүчинтэй хугацаа, баталгаа зэргийг танилцуулан, богино хугацаанд тендерийг үнэлэх ажлыг зохион байгуулна. Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс картжуулан, бүртгэлжүүлнэ. НИТХ-ээс баталсан Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлын тогтоолоор тухайн автобусанд хэдэн хүн зорчсоноор нь бус хэдэн цаг явснаар нь тооцож, нийслэлээс татаас өгдөг байсан механизмыг өөрчилнө. Цагдаа, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд гэхчлэн автобусаар үнэгүй зорчдог иргэдийн картыг шинэчлэн олгоно. Автобусаар тухайн иргэдийг зорчуулсан тоогоор нь санхүүжилтийг олгоно. Уг ажил тооцоо, судалгааны түвшинд явж байгаа бөгөөд одоогоор шийдвэр гарж, албажсан юм байхгүй. Аливаа зүйлийг үнэгүй болгох тусам халамжийн бодлого л бий болно. Одоо нэг удаа автобусаар зорчиход 500 төгрөг төлж байгаа бөгөөд 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй үйлчлүүлдэг. Үүнийг өөрчилж, нэг өдрийн зорчилтийг 1000 төгрөгөөр тооцож, өдөржин нийтийн тээврээр зорчиход цагийн хязгааргүй 1000 төгрөгөөрөө зорчих тухай тооцооллыг хийж байна. Одоогийн байдлаар иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Гэтэл автобусаар үнэгүй зорчдог иргэдийн татаас гэж жил бүр автобус компаниудад 240-250 тэрбум төгрөг төсөвлөдөг.  Үнэхээр энэ хүмүүс нийтийн тээврээр зорчдог байсан бол зорчилтийн хувь хэмжээ ийм бага байх учиргүй. Эдгээр иргэд өөр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Тиймээс энэ зорчилтийн хэмжээг нарийн гаргахын тулд бүртгэлжүүлэх хэрэгтэй. Мөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах, нийтийн тээврийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх тухай тооцоо, судалгааг хийж байна.

-Улаанбаатар смарт карттай үргэлжлүүлэн хамтран ажиллах уу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК ямар ч тендергүйгээр нийслэлтэй 30 жил хамтран ажиллах гэрээтэй юм билээ. Ийм жишиг дэлхийн хаана ч байхгүй. Хоёрдугаарт , нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй. Гуравдугаарт, нийт орлогын 10 хувийг ямар ч болзол, нөхцөлгүй шууд авдаг. Дөрөвдүгээрт, программ хөгжүүлэлтийн чиглэлээр хийнэ гэсэн чиг үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт  “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Цаашид илүү ухаалаг төлбөр тооцооны системийг нийтийн тээврийн салбарт нэвтрүүлнэ. Одоогийн нийтийн тээврийн салбарын тээвэр зохицуулалтыг өөрчилж, өдрийн гаралтыг 1300-1400 автобус болгоно. Өнөөдрийн байдлаар өдөрт 950-980 автобус үйлчилгээнд явж байгаа. Цаашид богинын эргэлтийг сайжруулна. Маршрутуудаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаж, хөдөлгөөн зохицуулалтаа ухаалгаар төлөвлөх хэрэгтэй. Мөн нийтийн тээвэр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нэгдүгээр эгнээг өргөсгөх, нэмэх ажлыг төлөвлөж байна.

Төлбөртэй бүсийн асуудлыг зарим хүмүүс гуйвуулж, иргэдээс шууд 27500 төгрөг авах гэж байгаа юм шиг худал мэдээлэл гаргаж байгаа. Уг нь төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д өгөх тухай зохицуулалт байсан. Энэ санаачилгыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан. Бусад зохицуулалтууд хэвээр үлдэнэ гэж найдаж байна. Мөн авто тээврийн улсын үзлэгийг нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд нэгдсэн байдлаар орон даяар зохион байгуулдаг болох талаар хэлэлцэж байна. Авто тээврийн улсын үзлэгийг илүү чанартай зохион байгуулж, агаарт бохирдол үүсгэж буй тээврийн хэрэгслийг хүчээр тэнцүүлдэг үзлэгийн төвүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хариуцлагажуулах тухай зохицуулалтыг тусгасан байгаа. Төлбөртэй бүсийн зохицуулалт байхгүй болчхоор RFID гэдэг хэрэгжүүлэхэд тийм ч тохиромжтой зүйл биш. Энэ тохиолдолд хөдөө орон нутгаас орж ирж буй автомашинуудад RFID суурилуулж байж Улаанбаатар хот дахь зорчилтод нь хяналт тавих орчин бүрдэнэ.

-Ногоон автобусыг үйлдвэрлэгчид нь буцаах асуудал юу болсон бэ? Улсын дугаар аваад байна.

-“Daewoo” брэндийн ногоон автобуснаас нийслэл нэг ч ширхэгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд, автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулахаар хүсэлт өгчихсөн. АТГ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлыг мөрдөн шалгахын тулд техникийн үзлэг, оношилгоонд оруулж байгаа хэрэг.

Парк шинэчлэлийн хүрээнд автобусны худалдан авалтын урьдчилгаанд 130 тэрбум төгрөг шилжүүлсэн. “Skywell” брэндийн цахилгаан 50 автобусыг хүлээж авсан, одоо үйлчилгээнд явж байгаа. Нэмээд 50 ширхэг каунтиг “Тэнүүн-Огоо” ХХК оруулж ирсэн. Гаалийн мэдүүлэг нь зөрсөн тул АТГ асуудлыг шийдвэрлэнэ. Үүнээс гадна тендерийн баталгааны 11 тэрбумыг Сангийн яам “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас татаж авсан. АТГ-аас тус компанийн дөрвөн гараашийг 54 тэрбум төгрөг гэж үнэлсэн ч компанийн зүгээс бусад хөрөнгийг үнэлээгүй гэсэн гомдол гаргасан. Үндсэндээ бид 77 тэрбум төгрөгийн авлагад Шүүх шинжилгээний ерөнхий газрын үнэлгээнд үндэслэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг авч, үлдсэн хөрөнгийг нэхэмжлэн, төрийн хохирлыг барагдуулна. Үлдсэн 200 гаруй тэрбум төгрөгт автобус худалдан авахаар тендерийг нөгөөдөр зарлах гэж байна. Энэ ондоо багтаан 300-400, ирэх оны хоёрдугаар сар гэхэд үлдсэн автобуснуудыг авна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1