surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хөгжлөөс зугтааж сонгууль угтсан дүр эсгэлт 

Хөгжлөөс зугтааж сонгууль угтсан дүр эсгэлт 

Ах нь сургаж, дүү нь сонсдог жамаар УИХ, Засгийн газар бууриа сэлгэж, үүцээ задалж эхэллээ. Тодруулбал 2024 оны нэгдүгээр сараас эхлэн нийтийн тээврээр иргэд үнэгүй зорчино гэв. Үе үеэрээ залгамжилж ирсэн бичигдээгүй хууль болох “ХАЛАМЖААР ИРГЭНИЙГ ТЭТГЭЖ, СОНГУУЛЬД ОРОЛЦОХ” ах нарынхаа зангууг тэд дахин шидлээ. Араас нь төрийн албан хаагчдын тоог эрс нэмж, тэтгэвэр, цалинг өсгөхөөр 2024 оны төсвийг төсөөлсөн.  Өнгөн дээрээ өөдрөг, иргэн төвтэй зөв шийдвэр. Гэхдээ тэдний үнэгүй болгосон автобусны шатахуун, хүний нөөц, нэмэх нь цалин, тэтгэвэр халамжийн нэмэгдлийг төр өөрөө олдоггүй. Харин бизнес эрхлэгчид, татвар төлөгчид төрд тэр мөнгийг олж өгдөг. Өөрөөр хэлбэл төрд тушаасан бидний мөнгөөр тэд ажил хийсэн дүр эсгэж байна. Хатуухан хэлэхэд хөдөлмөрлөсөн нь хохирч, биеэ нөөсөн нь төрөөр тэжээлгэх ийм л муйхар бодлого сонгууль угтан хэрэгждэг гэсэн үг. 
   Татвар төлөгчдийн нурууг холгосон шийдвэрүүддээ хэн хариуцлага хүлээдэг вэ    
Сангуудын мөнгийг хэн хэн саав? Хөгжлийн банкыг хэн хэн тонов? Адаглаад хамгийн сүүлд гэхэд Ногоон автобусны худалдан авалтад хэн хожив. Монголын ард түмэн, бүтэн сар махаа зулгааж, ясаа цайтал зүтгэсэн татвар төлөгчид хөл дүүжлэх унаанаасаа хагацаж, хүйтэн гудманд уур савсуулж хэдэн цагаар, сэлбэг шахуу болсон хуучин автобуснуудаа хүлээж зогсоно. Энэ төрх, энэ амьдралыг тэд өрөвдсөндөө сонгуулийн өмнө халамжаар алгаа дэлгэх нь. 
Хариуцлага шаарддаггүй, халамж нэхэж суудаг хэсэг бүлэг хүмүүсийн загасны ой санамжтай тархийг усалж сонгуульд ялалт байгуулдаг хэдхэн бүлгэм Монгол улсыг 30 гаруй жил удирдахдаа 100 жилээр ухраасан. Ахиад хэдэн жилээр ухраахыг хэн ч таашгүй. Учир нь өнөөдрийн өөдрөгөөр ярьж байгаа төсөл төсвүүдээсээ эрх баригч нар тонож, хувийн бизнесээ цэцэглүүлж ирснийг Эрдэнэт үйлдвэрийн 49, ЭТТ ХК-ий нүүрсний хулгай, Сангуудын тонуул, Хөгжлийн банк, Нийтийн тээврийн цоорхой тендер, оффшорын бүртгэлүүд хэлээд өгнө. Хариуцлагаа хуулийн өмнө хэн ч хүлээдэггүй. Учир нь тэдэнд нэгт эрх ашгийн нөхөрлөл, хоёрт “НАМ” нэртэй зам байна.
Намчирхал, эд хөрөнгийн хэнээрхлээр төрийн сэнтийд залрахад хохирогч нь татвар төлөгчид, бизнес эрхлэгчид болж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн эрх баригчид иргэдээ ядуу байлгаж, цаг нөхцөөх үндсэн ажилдаа гаршжээ. 
  ХАЛАМЖААС ЗУГТААЖ, ХӨГЖИЛД ТЭМҮҮЛДЭГ БАЙХ    
Удахгүй сонгууль болно. Ерөнхийлөгч туслахаараа дамжуулан аймаг орон нутгийн иргэдийг машин мотоцикл, хурган мөнгөний сугалаагаар тархидсан бол Ерөнхий сайд “хөх дээл” өмсөөд хулгай ярьж орон нутгаа тойрсон. Харин УИХ-ын суудалд горилогсод наадам хийж, найр тавьж явна. Үүний дараа ирэх оны төсвөө баталж, усалгаагаа эхэллээ. 
Хуулиар далайлгаж, хумсалдаг механизмаа өргөн хүрээтэй дэлгэрүүлэхээр Засгийн газар өнгөрсөн өдрүүдэд хуралдсан. УИХ дэмжих байр суурьтай байна. Тодруулбал нэр бүхий хэд хэдэн шүүхийг байгуулах, хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гэнэ. Үндсэн хуульд гурвантаа хуруу дүрсэн парламент хууль шүүхийг ч гартаа эрхшээхээр болсноо зарласан энэ эгзэгтэй үед улсын хувь заяа татвар төлөгчдийн нурууг холгохоор болж байна. Өөрөөр хэлбэл иргэдийн үнэгүй үйлчилгээ, халамж тэтгэвэр, төрийн албаны цалин нэмэгдсэнээр татвар нэмэгдэх нь тодорхой боллоо. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1