2023 оны 12 дугаар сарын 2-нд эхлэх жагсаал улс төрийн захиалгат жагсаал байж болзошгүй. Тэгвэл “Улс төрийн санхүүжилттэй” жагсаал нь “Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэсэн маш хатуу ял шийтгэлтэй. Хамгийн сүүлд гэхэд 2022 оны 12 дугаар сард өрнөсөн “Нүүрсний хулгай” хэргийн жагсаалыг санаачлан зохион байгуулсан нөлөө бүхий улс төрчид өнөөдөр шүүхийн өмнө нүүр тулан ирээд байна. Гэтэл энэ удаагийн 12 дугаар сарын жагсаал “улс төрийн санхүүжилттэй” гэж эх сурвалжууд арван нэгдүгээр сарын турш удаа дараа анхааруулж байна. Сонирхуулахад энэ удаагийн жагсаал “ХААНААС, ХЭНИЙГ ЧИГЛЭЖ БУЙ” нь тодорхойгүй олон арван таамгийг дэвшүүлж байгаа. Үүнээс дараах үндэслэл олны анхаарлыг татаад зогсохгүй захиалагчид нь ил тод яригдаж байна.
Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нарын захиалгаар Ерөнхийлөгчийг чиглэсэн акц
Ордон тойрон Арван нэгдүгээр сарын турш яригдсан хамгийн том үндэслэл бол У.Хүрэлсүхийг огцруулах нь энэ удаагийн жагсаалын үр дүн байх болно. МАН төдийгүй АН дотроо савлагаатай байгаа энэ үед Ерөнхийлөгчийг чиглэсэн акц хүчтэй өрнөж байна. Мэдээж одоогийн МАН У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын ард хоёр хуваагдсан. Тодруулбал У.Хүрэлсүх М.Энхболдын хотын фракц, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын залуусаар фронтоо бүрдүүлсэн. Харин түүний эсрэг Л.Оюун-Эрдэнэ одоогийн хотын дарга Х.Нямбаатар, ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, хотын дарга асан Д.Сумъяабазар тэргүүтэй Засгийн газрын сайд нартай хамтраад байгаа. Хамгийн сонирхолтой нь өнгөрөгч аравдугаар сард У.Хүрэлсүх, ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогттой нууцаар уулзаж тохиролцоонд хүрсэн нь тодорхой болоод байв. Тэднийг уулзсанаас ердөө хэдхэн хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийг улс төрөөс явуулахаар ХҮН намын дарга Т.Доржханд ҮХЦ-д гомдол гаргах гэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байв. Гэтэл энэ Арван нэгдүгээр сард У.Хүрэлсүх С.Баярцогт нарын төлөвлөгөө саармагжиж, Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатар нар ҮХЦ-ийг сольсон. Эл үйл явдалтай зэрэгцээд Ардчилсан намын нөлөө бүхий улс төрчид “Эрдэнэтийн 49 хувийн” асуудалдаа холбогдон шалгагдаж эхлэв. Тухайлбал ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарын урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхийн өмнөх өдөр Л.Оюун-Эрдэнийн оюутны найз, УУХҮ-ийн дэд сайд Ц.Батнайрамдал мэдээлэл хийж байв.
Энэ үеэс арван хоёрдугаар сарын 2-ны жагсаалын тов зарлагдсан нь өдгөө маш том сэжүүр юм. Ардчилсан намын өвгөчүүлийг шүүхэд дуудаад зогсохгүй МАН-аас М.Энхболдын хотын фракцыг шалгах ажиллагаа хүчтэй өрнөсөн. Үүний ачаар М.Энхболд хүртэл АТГ-д шалгагдсан байдаг. Гэтэл төд удалгүй Батлан хамгаалахын харъяа Зэвсэгт хүчний нэр бүхий ангид цэрэг амиа алдсан хэрэг гарч “Ногоон автобус”, “60 тэрбум”, “нүүрсний хулгай”, “хүүхэд хүчирхийлэл” гээд томоохон асуудлууд олны анхаарлаас гарсан. Үүгээр зогсохгүй улсын батлан хамгаалах салбар хөл толгойгоо алдаж, сайд нь хүртэл огцрох талаар нам дотроо бужигнаад авсан. Өөрөөр хэлбэл Засгийн газар Г.Сайханбаярыг огцруулах өндөр амбицтай Лхагва гарагийн хурлаа эхлүүлж байсан. Сонирхуулахад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн арван жилийн найз. Түүнчлэн ҮАБЗ сүүлд хуралдахдаа “Батлан хамгаалах” салбарын асуудал бэрхшээлийн талаар хэлэлцсэн байдаг. Мөн төд удалгүй Ерөнхийлөгчийг Хятадаар мэндчилж буй эвлүүлэг бүхий бичлэг цацагдаж, Ерөнхийлөгчийн тамгын газрыг сандаргаад авсан. Эдгээр бүх акцыг Ж.Эрдэнэбат удирдаж байгаа талаар намын нөхөд нь дурдаж байна. Энэ мэт бидний нүдэн дээр болж буй үйл явдлууд Ерөнхийлөгчийг суудлаас нь ховхлох зорилготой өрнөж байж болзошгүй зураглалыг үүсгэж байна гэсэн үг.
Сонирхуулахад Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас, Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн суудлаас бүр мөсөн арчсан хүн бол У.Хүрэлсүх юм. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулахаар ҮХЦ-д гомдол гаргаад байсан У.Хүрэлсүхийг арчихад Л.Оюун-Эрдэнэд тэднээс өөр сонголт байсангүй.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ЦОЛЛОХООР ЗЭХЭЖ БУЙ ГЭХ У.ХҮРЭЛСҮХ, С.БАЯРЦОГТ НАР ЖАГСААЛ ӨДӨӨЖ БОЛЗОШГҮЙ
Ардын нам бүү хэл Ардчилсан нам хуваагдалтай байна. Дээр дурдсанчлан “автобусны” гэх хэрэг С.Баярцогтыг чиглэж байгаад Х.Баттулгын нэр гараад ирмэгц сарнисан. Тэгвэл С.Баярцогт, У.Хүрэлсүх нарын эрх ашиг нийлээд буй гол шалтгаан бол энэ удаа хоттой хонио нийлүүлсэн Х.Баттулга,Л.Оюун-Эрдэнэ нарын авлигын армийг “Нүүрсний” гэх хэргээр нэг мөр буулгаж авах. Өнгөрсөн жил өрнөсөн “Нүүрсний жагсаал”- Л.Оюун-Эрдэний захиалгаар хийгдсэн байж болзошгүй талаар яригдаад байгаа. Учир нь нүүрсний жагсаалаар ордон даяар сандралдаад эхэлмэгц “Үндсэн хууль”-д нэмэлт өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж, тохиролцсон. Ингээд өнгөрсөн хавар ҮХНӨ орж УИХ 126 суудалтай байхаар болсон байдаг.
Түүнчлэн С.Баярцогт Лу.Гантөмөрийг гарынхаа үзүүрээр хөдөлгөөд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нар хоёулаа хөх дээл өмсөөд орон нутгуудаар тойрсон. Мөн Сү.Батболд, М.Энхболд, Ц.Элбэгдорж нар ойр ойрхон уулзсан наймдугаар сарын төгсгөлд хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулахаар Д.Амарбаясгалан хөдөлж эхлэв. Энэ үеэс Д.Амарбаясгаланг У.Хүрэлсүх удирдаж эхэлсэн. Ингээд “ногоон автобус”-ны хэрэг ил болов. Арга мэх туйлдсан одоогийн Ерөнхий сайд үг дуугүй Д.Сумъяабазарыг хотоос гаргаж, Х.Нямбаатарыг оронд нь томилов. Үүнээс даруй Д.Сумъяабазарыг “ногоон автобус”-аар агнаж, Засгийн газрын сайд нарыг “Нүүрсний хулгай”-н гол тоглогч гэж үзээд ҮХЦ-д гомдол мэдүүлэх ажлыг У.Хүрэлсүхийн захиалгаар Т.Доржханд үйлдэв.
Арван Хоёрдугаар сарын жагсаалыг зохион байгуулж болзошгүй гэх “Хоёр” том таамаглалаас харахад намуудын хагарал хэрээс хэтэрч, хүн ардын эрх ашгийг зөрчиж байгааг харж байна.
ИРГЭДИЙН БУХИМДАЛ ОРДНЫ АХ НАРЫГ САНДАРГАХ УУ
Өвлийн тэсгим хүйтнээр хатуу тэмцэл өрнөж болохыг өнгөрсөн жил Монголчууд бултаараа харсан. Тодорхой хэмжээний үр дүнгүй жагсаал болж, эрх баригч нарын хэнээрхлийг өдөөсөн. Энэ удаа “Улс төрийн оролцоогүй” гэх имиджийг иргэд бүрдүүлж чадах уу? Мэдээж ийм байх боломж тун хомс юм. Учир нь энэ сараас эхлээд энд тэнд өнөөх л танил болсон жагсагч нар гарч ирэх нь олширч байгаа. Иргэдийн чинхүү хүсэл зорилгын нөгөө талд “улс төрийн санхүүжилттэй” бүхэл бүтэн арми ажилладгийг жилийн өмнө бид нүдээрээ харсан. Харин энэ удаа иргэд юуны төлөө жагсах вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр.
ТЭГВЭЛ ДЭЭРХИ УДАХГҮЙ БОЛОХ ЖАГСААЛ ХААНААС ХЭРХЭН ЭХЛЭХ ВЭ?
Эхний хоёр үндэслэлээс харахад аль аль нь ТӨВ ТАЛБАЙГААС ХУУЛЬ ШҮҮХИЙН байгууллагууд руу гол маршрутаа гаргах биз. Сайтар ажиглавал 12 дугаар сарын жагсаалын хохирогч нь ард түмэн байх болно. Учир нь ТӨР ЭРГҮҮЛЭХ ТОГЛООМ тоглож байгаа нь сүүлийн үед хүчтэй ажиглагдаж буйг улс төрчид, судлаачид анхааруулж байна.
А.САМО
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
ХҮН нам: Ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой
2024.10.28 13:25
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна